
Барселоны Шинжлэх ухааны институтын зохион бүтээгчдийн танхимын эрдэмтэн Хавиер Обрадорс ярихдаа “Энэхүү хэрэгжүүлж эхэлсэн төсөл үнэхээрийн сэтгэл хөдөлгөсөн нээлт юм шүү. Өнөөгийн дэлхий нийтээрээ хэрэглэж буй цахилгаан дамжуулах утаснууд өдөр бүр өсөн нэмэгдэж буй хэрэглээний шаардлагыг бүрэн хангах, эсэх нь эргэлзээтэй болсныг хэлмээр байна” гэж тайлбарлажээ.
Энэхүү шинээр зохион бүтээсэн цахилгаан дамжуулах утас нь орчин үед хэрэглэж буй 600 амперийн хүчин чадалтай утастай харьцуулахад 5 дахин өндөр хүчин чадалтай буюу 3200 ампер бөгөөд түүний дамжуулах хүчин чадал нь одоогийн хэрэглэж буй газар доор байрлуулдаг түүнтэй ижил хэмжээний 6-8 утастай тэнцэж байгаа юм байна. Энэ утсыг нэвтрүүлэн хэрэглэснээр эмх замбараагүй хэрэн татсан цахилгаан дамжуулах шугамын тоо хэмжээг багасгах, хот суурин газарт цахилгаан эрчим хүчний замд гарах алдагдлыг багасгах ач холбогдолтой юм.
Ийм супердамжуулагч утас нэвтрүүлэн хэрэглэх нь найдвартай, байгал орчинд цэвэрхэн, үр ашигтай байх бөгөөд аваарь осол гарах, хэвийн байдал алдагдах үед трансформаторууд нь хүний оролцоогүйгээр эрчим хүчийг тасалж, эдийн засгийн хохирол учрахаас урьдчилан сэргийлэх, ард иргэдэд түвэг бэрхшээл учруулахгүй байх давуу талтай юм байна. Супердамжуулагчийн технологи нь зөвхөн дамжуулагч утас төдийгүй трансформаторууд, цахилгаан мотор, соронзон хуримтлуулагч төхөөрөмжүүд зэрэг цахилгаан эрчим хүчтэй холбоотой бүхий л зүйлд дэвшил гаргах үүд хаалгыг нээж өгөх боломжийг бий болгох ажээ.
Эх сурвалж: ABC.es
Бэлтгэсэн Д.Пунцаг