Хэдхэн хоногийн дараа эхлэх чөлөөт бөхийн ази тивийн аваргад өрсөлдөх тамирчдын нэрсийг албан ёсоор зарлаагүй ч албаны хүнээс тодрууллаа.
Гэхдээ энэ тэмцээнд өрсөлдөх 14 тамирчин зардлынхаа асуудлыг өөрсдөө даах хүндхэн даалгавар аваад, наашаа гэсэн хүний хажуу хавирганаас зүүгдэн, зардлын хэдэн төгрөгөө царайчилж явна. Тивийн аваргад оролцох тамирчдын зардал болох 1900 ам.долларыг улс ч өгөхгүй гэж, холбоо нь дааж хүчрэхгүй гэжээ.
Зах зээлийн гэж тодотгодог үед тамирчид хүний гар харж, мөнгөтэй төгрөгтэй гэсэн газрын хаалга сахин хонох шахдаг хүнд үе байх нь байсан. Гэхдээ олимпийн аваргатай, тэр аваргуудыг төрүүлсэн их спортынхон өнөөдөр 90-ээд оны гачигдалтай үеийнх шиг эргэж уруйдан доройтох учиргүй юм.
Хугацаа, ач холбогдол талаас нь харахад, 2011, 2012 онд олимпийн эрх олгох голлох тэмцээнүүд эхэлж байгаа ч 2010 он бол тэдгээр тэмцээнд бэлтгэж, торгон ирээ тааруулах чухал үе байдаг. Гэтэл энэ жилийн хувьд үндэсний шигшээ багт төсөвлөсөн мөнгө хаанаа ч хүрэхгүй тул тэмцээн, уралдаанд явуулах байтугай цалин, хөлсийг нь тараахад хүрэлцэхгүй шахам байна.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын үндэсний шигшээ багт бокс, буудлага, чөлөөт бөх, жүдо, хүндийг өргөлт, хөнгөн атлетик, байт харваа, гимнастик, цана, тэшүүр гэсэн төрлүүд харьяалагдаж, эдгээр төрлийн тамирчин, дасгалжуулагч нийлсэн 100 гаруй хүн Монгол Улсын нэрийн өмнөөс олимпийн алтан медалийн төлөө хүч, сэтгэл, хөдөлмөр, бие махбодио үрэн таран хийж байна. Тэд улсаас сард 250 мянган төгрөгийн цалин авдаг. 250 мянган цаасандаа багтаан хувцаслаж, хооллож, ар гэрээ тэжээж, тэмцээнээс тэмцээний хооронд ялтай юм шиг зүтгэж яваа. Н.Түвшинбаяр ч гэсэн тийм л байсан. Э.Бадар-Ууган, Х.Цагаанбаатар, О.Гүндэгмаа нар ч гэсэн өнөөдөр улсаас энэ хэмжээний л мөнгөөр хөлс, хөдөлмөрөө үнэлүүлж байна.
Эх орон, ард түмэн гэдэг үнэ цэнэтэй үгийг амь насаараа дэнчин тавин зүтгэсэн тамирчны амьдрал, ядарч, зүдэрч, зүтгэж байж олсон амжилтаараа үүрээд гарсан энэ олон алдартнууд Спортын төв ордны крантны усаар цангаагаа тайлж, ресторанд биш захын гуанзны хямдхан хоолоор голоо зогоож яваад олимп, дэлхийн аваргууд болсон.
Өнөөдөр манай тамирчдын дунд хармаанаасаа 2000 доллар тоолж өгөөд санаа зовох зүйлгүй бэлтгэлээ хийх тамирчин үзээд өгье гэсэн ч байхгүй. Хамгийн хар бор, хүнд хүчир амьдрал дундаас Монголын спортын өнгө төрх, үнэ цэнийг тодруулж яваа энэ хэд маань төрсөн. Дэлхийн аварга Х.Цагаанбаатар багадаа ээжийнхээ хамт зах дээр мах зарж амьдардаг байсныг, олимпийн аварга Э.Бадар-Ууган техникийн захын гуанз руу ус зөөн, аав, ээжийнхээ амьдралд нэмэр болдог байсныг, чөлөөтийн Б.Наранбаатар хайлаар, сонгино түүн зарж, хувцасныхаа мөнгийг олдог байсныг өнөө бидний зарим нь сонсоогүй байж мэдэх юм.
Өнөөдөр ч гэсэн спортын төв ордны хэдэн зааланд амьдралынхаа идэвхитэй цаг хугацаа, залуу насаа өнгөрүүлж яваа тамирчдын дийлэнх нь энэ л амьдралыг туулж, нэг л өдөр Монголынхоо далбааг олимпийн тэнгэрт мандуулна хэмээн омогшиж, түүндээ ирлэгдэж яваа хүмүүс байгаа. Ийм хүмүүст улс, эх орон нь туслахгүй гээд яах юм бэ.
Улсын нэрийн өмнөөс тив, дэлхийн аваргын төлөө өрсөлдөх гэж байгаа тамирчдаа бэлтгэлийг нь хийлгээд зааландаа байлгах байтал Спортын ордныг алгасч гүйгээд, мөнгөний эрэлд хатаадгаа одоо больё л доо. Спортын хөгжил, спортын амжилт гэдэг улс орны эв нэгдэл, хүн ардын сэтгэлзүй, цаашлаад үндэсний аюулгүй байдалд ямар чухал нөлөөтэйг бид ядаж л Бээжингийн олимпийн дараа хоёр нүдээрээ харсан шүү дээ.
Буудлагынхан энэ жил дөрвөн жилд нэг удаа болдог Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. Энэ тэмцээнээс Лондонгийн олимпийн эрх олгоно. Гэтэл дэлхийн хамгийн шилдэг мэргэн буучдыг төрүүлсэн Монголын буудлагын шигшээ багийнхан өнөөдөр бэлтгэл хангах сумгүй, “амарч” байна.
Чөлөөтийнхөн хэрэв 14 тамирчных нь тал нь зардлаа олж чадалгүй Азийн аваргад /Тавдугаар сарын 12-16-нд Энэтхэгт болно/ явж чадахгүй бол дараа нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Азийн аваргад тамирчнаа оролцуулаагүй жин бүрт Монголыг төлөөлж тамирчин оролцуулахгүй.
Жүдочдын хувьд олимпийн эрхийн оноог цуврал тэмцээнүүдээс олгодог болохоор тэр тэмцээнээс нэгийг нь өнжихөд өнөөдөр дэлхийд жиндээ нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа Х.Цагаанбаатарын араас нэхэж яваа өрсөлдөгчид нь оноо түүсээр тэргүүлэгчийн байр суурийг нь ганхуулна.
Өнөөдөр мөнгөө төлөөгүй гээд Спортын төв ордны халуун усыг нь тасалчихсан байгаа. хэдэн тамирчид нь бэлтгэлийн дараа хүйтэн шүршүүрт даарч бээрэн, хөлсөө дарж байна.
Ингээд бодохоор Монголын спорт Монголын хөрөнгө санхүүгийн байдлаас шууд шалтгаалж байна. Сая саяар нь тараахаар зэхэж байгаа мөнгө, Эх орны хувь хишгээс Монголын спортод юу нялзах вэ гэдэг ч үндэсний хэмжээнд ярих асуудлын л нэг байгаа юм. Товчхондоо бол спортыг бодлогын хэмжээнд хөгжүүлнэ гэж хоосон ярихаа больж, бодитойгоор тусалж, аврах нь чухал байна.
Өнгөрсөн жилийн чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох гэж манайхан юу болсныг уншигч та гадарлаж байгаа байх. Зардлын мөнгөндөө хавчигдан зарим тамирчнаа онгоцны буудал дээр үлдээж, заримыг нь онгоц, машин сэлгэж явсаар тэмцээн болох хотод нь хүргэж байлаа. Хөл дээрээ тогтохгүй шахам ядарч, гурав хоног хэлэн дээрээ дусал ус ч тавиагүй хэдэн муу тамирчид маань тэгэхэд дэлхийн аваргын төлөө Монголоо бодоод шүд зуун барилдсаныг мартаж болохгүй. Нодлингийн чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд манайх тамирчнаа явуулаагүйгээс болоод дараа нь болсон дэлхийн аваргад барилдахаар очсон Ю.Гандолгорыг тэр олон зуун тамирчдын өмнө тэмцээнд оролцуулахгүй хэмээн улалзуулж,түүний ард Монголын нэр гарч л байлаа.
Ингэж болохгүй ээ. Монголын тамирчид яагаад ийм нэр хүндгүй, ийм ядуу, ийм өрөвдөлтэй байх ёстой юм бэ.
Бээжингийн олимпоос алт авсан хоёр тамирчин маань олимпийн дараа хоёул хоёулаа бэртлийн тухай хэлж, хоёул хоёулаа хүнд зэрэглэлийн хагалгаанд орсны учир нь эцсийн эцэст мөнгөтэй л холбоотой байсан. Н.Түвшинбаяр зөвхөн олимпийн татами дээр хөлнийхөө шөрмөсийг тасартал барилдчихсан юм биш ээ. Э.Бадар-Ууган ганцхан Бээжингийн рингэнд тоглохдоо л тохионыхоо ясыг үйрч цууртал зодолдсон юм биш. Тэд өмнө нь хөлөө гэмтээх нь гэмтээчихээд, тохойгоо цуулах нь цуулчихаад олон тэмцээний ард гарсан. Олимпийн аварга болж, улсаас хагалгаа хийлгэх хэмжээний хэдэн төгрөг өгөх хүртэл л манай хоёр тэссэн байх гэж боддог шүү.
Дэлхийн аварга Х.Цагаанбаатар сүүлийн хоёр сарын хугацаанд хөлөндөө гурван ч удаа бэртэл авлаа. Хамгийн сүүлд, хэдхэн хоногийн өмнө бараг аарцгандаа нөлөөлөхүйц хэмжээнд бэртээд, хэсэг хугацаанд бэлтгэл хийх боломжгүй болсон байгаа. Дэлхийн №1 жүдоч Монголд амьдарч байна шүү дээ. Дэлхийн аварга жүдочны эрүүл мэндэд хэн санаа тавих ёстой юм бэ???
Гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ олимпийн үеэр эрхий хурууныхаа ясыг хоёр хуваагдтал зүтгэсэн. Өнөөдөр тэр хуруу нь хагалгааны алдаанаас болоод ажиллагаагүй шахам болчихсон яваад хэн санаа тавих ёстой вэ. Ирэх олимпоор л харъя гэж “занах, загнах”-ын дундуур шаардаж байгаа Н.Түвшинбаяр, Э.Бадар-Ууган хоёрын хагалгааны үр дүн, одоогийн эрүүл мэндийн байдалд нь улсаас яагаад нэг ч болов удаа анхаарч, тусламж дэмжлэг үзүүлж болдоггүй юм бэ.
Үйлтэй юм шиг энэ хэдэн тамирчдынхаа сэтгэлзүй, амь нас, эрүүл мэндээр ингэж төр засаг, ард түмнээрээ нийлэн зугаацаж байхаар үндэсний шигшээ багийг тараан, тамирчдаа гэрт нь хариулж, амгалан тайван амьдралд нь үлдээвэл дээр ч юм шиг санагдах үе байдаг л юм.
Спорт гэдэг чинь уг нь тоглоом биш шүү дээ.
Б.Бадамгарав