МАХН-ын гишүүдийн уулзалт ширүүн болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

МАХН-ын гишүүдийн уулзалт ширүүн болжээ

УИХ дахь МАХН-ын бүлгийн гишүүд өчигдөр буюу бямба гаригт хотоос гарч салхилан Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ зангиагүй уулзжээ. МАХН-ын дарга С.Батболд эхлээд УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Сонгуулийн хуулийн тухай, мөн МАХН-ын мөрийн хөтөлбөр, үзэл баримтлалыг шинэчлэх шаардлага байгаа тухай мэдээлсэн байна. Үүний дараа гишүүд 2007 онд болсон МАХН-ын XXY их хурлын шийдвэр гурван жил шахмын дотор биелээгүй, дараагийн их хурал хуралдах хугацаа хэтэрчихээд байхад товлоогүй байгаа, анхан шатны намын байгууллага, гишүүдийн дунд намын удирдлагын чансаа унасан гэх зэрэг асуудлаар байр сууриа илэрхийлжээ.
МАХН-ын бүлгийн 46 гишүүний 60 орчим хувь нь буюу 26 нь намынхаа шинэ даргад шаардах бичиг илгээж, намын үйл ажиллагаа нэг л болохгүй байгааг анхааруулсан. Үүний улмаас  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Нямдорж эрүүлээр сэтгэж байгаа залуу гишүүдээ сүрдүүлэх гэж “жишээ болгон” Ж.Сүхбаатар гишүүнийг өнгөрсөн баасан гаригт боож унагах зэргээр элдэвлээд байгаа билээ. Энэ талын яриа ч энэ үеэр хөндөгдөж, зангиагүй уулзалт сүүлдээ нэлээд ширүүссэн байна. Сүүл рүүгээ зарим гишүүд С.Батболд дарга дэндүү аядуу, тавьсан асуудлыг шийдвэрлэх тал дээр яаравчилдаггүй, тэр бүү хэл С.Баяр дарга өнгөн дээрээ ажлаа өгсөн нэртэй ч АНУ-аас С.Батболдыг байнга удирдаж заавар өгч байгаа гэсэн асуудал ч цухуйж уван цуван хурлаа орхиход хүрсэн дуулдана. МАХН дотор сүүлийн үед байдал ийнхүү нэлээд халуун болох төлөвтэй байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж