БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шанхай хотод айлчлах үеэрээ Бүх Хятадын Ардын Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн Үндэсний хорооны дарга Зя Цилиньтэй уулзлаа. Уулзалтын эхэнд Зя Цилинь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хятад улсын удирдлагуудтай хийсэн уулзалт амжилттай болсонд баяр хүргээд, энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг хөгжүүлэхэд том түлхэц болно гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариу талархаад, саяхан Хөхнуурт болсон байгалийн гамшгийн үеэр олон хүний амь эрсдэж, Хятад Улс хүнд гарз хохирол амссанд дахин эмгэнэл илэрхийллээ. Ерөнхийлөгч, Засгийн газар тодорхой тусламж үзүүлэхээр шийдвэрлэснийг хэлээд, хүнд хэцүү цаг үед хоёр орны ард түмэн бие биедээ тусалж дэмжсээр ирснийг тэмдэглэв.
“Миний энэ удаагийн БНХАУ-д хийж байгаа төрийн айлчлал өндөр агуулга, ач холбогдолтой болж олон асуудлыг шийдэх эхлэлийг тавьж байгаад би болон манай төлөөлөгчид баяртай байна. Манай хоёр орон дипломат харилцаа тогтоогоод 60 жил болж, энэ ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Харилцааны нэгэн шинэ жаран эхэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломжууд гарч ирж байгаа гэдэгт итгэлтэй байна. Манай хоёр орны сайн хөршийн харилцан итгэсэн түншийн харилцаа эрүүл мэнд, боловсрол, хүмүүнлэгийн салбарт өргөжин хөгжиж байна. Мөн хоёр орны хооронд улс төрийн яриа хэлэлцээ эрчимжиж, өндөр дээр хэмжээний айлчлалууд тогтворжиж байгаад баяртай байдаг” гэлээ.
Ноён Зя Цилинь, хүнд хэцүү цагт туслалцаа үзүүлсэнд Монгол Улсын Засгийн газарт талархаж байгаагаа илэрхийлээд, хоёр орны харилцааны талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэнтэй санал нэг байна гэлээ. “Хэдийгээр өнгөрсөн жил дэлхий даяар эдийн засгийн хямралтай байсан ч манай улс 2008 оны эдийн засгийн үзүүлэлтүүдээ хадгалж чадлаа. Цаашдаа ч эдийн засаг хүчтэй өсөх хандлага байна. Манай улс сүүлийн 10-аад жил Монгол Улсын том хөрөнгө оруулагч хэвээр байна. Өнгөрсөн жил хоёр орны хооронд зорчсон иргэдийн тоо нэг саяд хүрч түүхэн шинэ амжилт тогтоолоо. Хоёр талын харилцааг хөгжүүлэх тухай Таны хэлсэнтэй санал нэг байна. Манай улс, Монгол Улстай уул уурхай, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бэлэн байна. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаотой уулзах үеэр Уул уурхай, хөдөө аж ахуйн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гуравдагч зах зээлд нийлүүлэх талаар Таны хэлсэн саналыг би дэмжиж байна. Томоохон төслүүд дээр хамтран ажиллаж, дэд бүтэц болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бид бэлэн байна” гэж ярилаа. Монгол, Хятад хоёр улс давуу талуудаа ашиглан хамтран ажиллах хэрэгтэй гэдэг дээр уулзалтанд оролцсон хоёр тал санал нэгдлээ.
Холбоотой мэдээ