Хятадууд Японы компаниудыг худалдан авч байна

Хуучирсан мэдээ: 2010.05.02-нд нийтлэгдсэн

Хятадууд Японы компаниудыг худалдан авч байна

Гадаадын компанид худалдагдах айдас Японы бизнесийн ертөнцийг цочроогоод байна. Японы будаг үйлдвэрлэгч “Ogihara” компанид харъяалагддаг нэгэн үйлдвэрийг Хятадын автомашины үйлдвэрлэгч “BYD” өнгөрсөн сард худалдаж авсан мэдээ Японы менежерүүдийг цочролд орууллаа. Уг Японы компанин өмнө нь Warren Buffett компаниас хөрөнгө оруулалт авсан гэж сайрхдаг байжээ.
Энэ нь маш эмзэг сэдэв тул Японы фирм худалдааны талаарх дүн, гэрээ хэлэлцээгээ нийтэд хүргэлгүй, хэвлэлийн мэдээлэл гаргалгүй, ярилцлага авах сэтгүүлчдийн асуултад татгалзсан хариу өгсөөр байна.
Өөрийнх нь улс оронд хөрөнгө мөнгөөрөө нэвтрэх гэсэн гадныхны оролдлогыг Япон урт удаан хугацаанд эсэргүүцсээр ирсэн түүхтэй. Саяхныг хүртэл АНУ-тай энэ асуудлаар яриа хэлэлцээр хийж, наймаалцсаар ирсэн хэдий ч АНУ-ыг япончууд холбоотноо гэж үздэг. Харин харилцааны хувьд адармаатай түүхтэй Хятадтай наймаа хийх асуудал илүү эмзэгт тооцогддог. Тиймээс Хятад 2007 онд Японы гадаад худалдаанд эзлэх хувиараа АНУ-г давсан ч Хятад-Японы компаниудын нэгдэл, наймаалцлын асуудал тийм ч өргөн яригдаж байгаагүй. Гэсэн ч хоёр улсын хоорондох компаниудын наймаа цаашдаа улам ихсэх хандлагатай байна. Өнгөрсөн нэг жилийн дотор хятадуудын худалдан авсан Япон компанийн тоо бараг дөрөв дахин өссөн байна. Ихэвчлэн тодорхой технологиор дагнасан Японы жижиг компаниудын салбаруудыг хятадууд сонирхон хэдэн сая ам.доллараар худалдаж авч байна. 2004 онд хятадууд Японы компаниудыг худалдаж авахад хоёр тэрбум иен төлж байсан бол 2008 онд 4.3 тэрбумыг, харин 2009 онд 16.9 тэрбумыг төлсөн бөгөөд энэ жил энэ тоо 19.5 тэрбум иен хүрч өсөж магадгүй гэж тооцоолж байна.
Нэгэн хэвийн, тогтсон Японы дотоод зах зээлийг хятадууд сонирхохгүй байгаа. Харин тэд ашиглаж болох технологи, брендүүдийг худалдан авч Хятадад болон өөр улс орнуудын зах зээл дээр бүтээгдэхүүнээ гаргахыг сонирхож байна. Үүний хариуд Японы компани шинэ удирдлагын арга барил, Хятадын өсөн, тэлж буй зах зээлд гарах гарц олж авдаг гэж бизнесийн зөвлөгөөний “McKinsey” компанийн Токио хотын салбар дахь ахлах мэргэжилтэн Heang Chhor ярьж байна.
Үүнд, цахилгаан барааны “Laox” компанийг дурдаж болно. Хятадын франчайзийн компани, Хятадын тоног төхөөрөмжийн жижиглэнгийн сүлжээ “Suning”-тэй хамтран “Laox”-ын хувьцааны 51 хувийг худалдаж авсан. Түүнийхээ дараа тэд Токио руу аялдаг Хятад хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхолд нийцүүлэн Токио дахь дэлгүүрүүдээ өөрчилсөн бөгөөд ирэх гурван жилийн дотор Хятадад 110 “Laox”-ын дэлгүүр нээхээр ажиллаж байна. Тодорхой хугацааны дараа Хятадын зах зээл дээрээс олдог ашиг нь Японы салбаруудын орлогоос давж гарах болно гэж тэд үзэж байна. Түүнээс гадна тэд Японы стандарт, менежментээс суралцахаар зорьж байна. Хятадын компаниудад худалдагдахаасаа өмнө “Laox”-ын хувьцааны үнэ 10 иен байсан бол одоо хувьцаа нь 110 иенээр арилжаалагдаж байна.
Хятад компанид худалдагдсанаа мэдсэн Япон компаниудын ажилтнууд ихэнхдээ шоконд ордог. Гуравдугаар сард Хятадын “Marlion’s Holdings” компанид худалдагдсан “Honma” компаниудын ажилтнууд энэ талаар мэдээд шоконд орсон гэж ярьж байна. Товчхон дүгнэхэд гадаадын, тэр дундаа Хятадын компаниудад түрэгдэх нь гэсэн айдас Японы компаниудад нилээн өөрчлөлт оруулах бололтой. Япончууд гадаадуудын дарамт, шахалтаас болж өөрчлөгдөх хэрэгтэй байдлыг “Gaiatsu” гэж нэрлэдэг. Өмнө нь барууны зүгээс Гайацу гарч ирж байсан бол одоо Хятадын компаниудын зүгээс япончуудад шахалт ирж байна.
Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж