
Нэг. Тэмцээний ерөнхий үндэслэл:
Орчин үед програмчлалын хэлбэр нэг компьютер дээр ажиллах програмын хүрээнээс гарч илүү том хүрээ хязгаарыг хамарсан томоохон мэдээллийн системийг бүтээх хандлагаар хөгжиж байна. Үүний нэг тод жишээ бол Cloud програмчлал юм. Cloud систем дээр буй програмууд нь таны компьютер дээр биш интернэтэд байрладаг бөгөөд нэг зэрэг олон хүмүүс (заавал хүн байх албагүй) бие биеээс хамааралгүйгээр, сууж буй компьютерээсээ, байрлаж буй байршлаасаа үл хамааран өөрийн компьютер дээр ажиллуулж буй мэт ашиглах боломжийг нээж өгдөг. Системийг бүтээгч, програмчид нь одоо зөвхөн нэг програмд хэрэглэгдэх модулиуд биш олон програм дунд хамтран хэрэглэгдэх, real time модулиудыг бүтээн ашиглахад гол анхаарлаа хандуулж байгаа бөгөөд үүний улмаас хөгжингүй орнуудад энэхүү энтерпрайс төвшний програмчлал нь эн тэргүүнд тавигдах болсоор арав гаруй жил болж байна.
Энтерпрайс програмчлалын гол санаа нь нүсэр, өргөн хэмжээний цар хүрээг хамарсан системийн боловсруулалтыг хурдан, чанартай, хямд төсвөөр гүйцэтгэх, програмыг бүтээхэд өөр энтерпрайс системүүдтэй холбогдон бэлэн буй модулиудыг өөрийн програмд холбох зэрэгт үндэслэгддэг. Жишээ нь Улаанбаатар хотын цаг агаарын мэдээллийг боловсруулж гаргадаг нэг програм хийхэд амархан боловч уг програм ашиглагдах газраа л хэрэглэгдэх бөгөөд хэрэв яг ийм зүйлийг хийх хэрэгтэй өөр програм өөр газарт хэрэг болбол мөн л түүний хийж буй зүйлийг давтан програмчлахад хүрдэг. Үүний оронд дээрх мэдээллийг (цаг агаарын мэдээлэл) боловсруулдаг вэб үйлчилгээ, EJB бичин энтерпрайс сервэр дээр тавьж өгсөн байсан бол түүнийг цаг агаарын байгууллага нь өөрөө хэрэглэхээс гадна өөр бусад газар ажиллаж буй ямар ч системээс дуудан холбох замаар (сүлжээгээр) ашиглаж болох бөгөөд ингэснээр нэг зүйлийг дахин дахин програмчлах шаардлагагүй болох юм. Улмаар уг цаг агаарын мэдээллийг боловсруулдаг модулийг хариуцсан байгууллага нь уг модулиа сайжруулах бүрт түүнийг ашиглаж буй бусад байгууллагуудын програмын үйл ажиллагаа нь даган автоматаар сайжрах давуу тал ч бий болдог. Жишээ нь Монгол банк нь валютын ханшны өөрчлөлтийг өөрсдийн дотоод системд өөрчилбөл Монгол улсад хаа сайгүй та бидний ашиглах валютын ханшны програм, вэбүүд нь уг өөрчлөгдсөн ханшийг нэмэлт програмчлалгүйгээр, ямар нэг хүний оролцоогүйгээр үнэн зөв үзүүлж байх юм.
Програмчлалын энэхүү шинэлэг чиглэлийг эдүгээ бид Монгол улсад хэрэгжүүлэх цаг нэгэнт болжээ. Одоог хүртэл бид хоорондоо холбоогүй олон програмыг (desktop programming) олон удаа, дахин дахин бичсээр ирсэн билээ. Тэгвэл энтерпрайс мэдээллийн систем, түүний програмчлалын технологийг нэвтрүүлснээр энэ сөрөг үзэгдэл арилан бие даасан, бусадтайгаа холбоогүй програмууд биш харин програмууд хооронд хэрэглэгдэх дундын модулиудыг хөгжүүлэх хэлбэрт хүрэх юм. Улмаар програм зохиогчийн хажуугаар, модуль хөгжүүлэгч гэсэн мэргэжил ч бий болох шаардлагатай болж байна. Жил бүр засгийн газар болон бусад бизнесийн байгууллагуудаас ихээхэн хэмжээний төсвөөр санхүүжүүлэн хийлгэж буй төрөл бүрийн системүүд нь дэлхийн хөгжлийн төвшинд халагдан хуучирч буй технологиор бүтээгдэж буй нь Монголын Мэдээллийн Tехнологийн /ММТ/ хөгжлийг ойрын ирээдүйд эргэж боох гол нөхцөл ч болж байж болзошгүйг бид анхааралдаа авах цаг болжээ. Хэрэв бид Монгол Улсын хэмжээнд “Нэгдсэн Энтерпрайс Мэдээллийн Систем”-ийг байгуулбал энд тэнд шинээр бичигдэх програм бүр нь уг системтэй холбогдон мэдээлэл өгч авахад зохицон ажиллахаар бүтээгдэх учиртай юм. Та бид ямар нэг ажил бүтээхийн тулд ийш тийшээ олон газар руу гүйх ч шаардлагагүй, гэрээсээ, ажлаасаа бүгдийг хянах өөрчлөх боломжийг ч энэ технологи л бидэнд өгнө. Одоогийн байдлаар Монголд энэхүү энтерпрайс мэдээллийн системийг нийгэмд хүртээмжтэйгээр хэрэгжүүлж буй тохиолдол мэдэгдэхгүй байгаа бөгөөд энэхүү тэмцээний зорилго нь Монголын оюутан залуус, багш нар, боловсрол, бизнесийн байгууллагуудад уг технологийг сонирхох , судлах, хэрэгжүүлэх хандлагыг төрүүлэн, давуу тал боломжийг нь нийтэд таниулахад оршиж байгаа юм.
Тэмцээнд оролцох хувь хүн, багууд нь дээрх энтерпрайс технологийг судлан тэмцээнд заагдсан шаардлагын дагуу бүтээл хийн оролцох ба багуудын бүтээлийг шинээр вэб сайт нээн нийтэд хүртээмжтэйгээр байрлуулах бөгөөд улмаар уг сайтаар дамжуулан энэ технологийг цаашид хөгжүүлэх ажил хийгдэх төлөвлөгөөтэй байна.Та бүхнийг Монгол улсаа хөгжүүлэх үйлсэд идэвхтэйгээр хамтран оролцохыг чин сэтгэлээс хүсч байна.
Хоёр. Хамрах хүрээ:
Мэдээллийн технологийн чиглэлээр дур сонирхолтой, тодорхой туршлагатай оюутан, програмист залуучууд, багш нарыг хамарна.
Гурав. Оролцогчдод тавигдах шаардлага:
1. Програмист, багш, оюутан, хувь хүмүүс оролцож болно.
2. Баг нь 2 – 3 хүний бүрэлдэхүүнтэй байх, эсвэл ганцаараа орж болно.
3. Java технологиор тодорхой хэмжээний туршлага, чадвартай байх
Дөрөв. Шалгуур үзүүлэлтүүд:
-J2EE технологиор шинээр бичигдсэн систем байхыг шаардана. Өмнө нь байсан системийг ашиглахыг зөвшөөрөхгүй.
-Багууд өөрсдийн компьютер дээр J2EE сервэр (GlassFish) суулган түүн дээр ажиллах энтерпрайс модулиудыг бүтээнэ.
1. Вэб үйлчилгээ – Web Service
2. Enterprice Java Bean
-Уг энтерпрайс систем рүү хандах өөр өөр програмчлалын технологиор бичигдсэн дор хаяж хоёр тусдаа клиент системийг бүтээнэ. Эдгээр клиент системүүд нь дараах технологиудаас ашиглаж болно :
1. J2SE
2. .NET C#
3. JSP, JSF, Servlet
4. PHP
-Сервэр систем болон клиент системийг тайлбарласан програмын бичиг баримт.
-Дор хаяж хоёр компьютерийг сүлжээгээр холбон нийт системийг ажиллуулж үзүүлнэ.
-Сервэр дээрх модулийг өөрчлөхөд клиент програмууд дээр уг өөрчлөлт хэрхэн үзэгдэж буйг харуулна.
Тав. Тэмцээн нь бүтээл болон илтгэлийн гэсэн хоёр чиглэлээр явагдана:
-Бүтээлийн уралдаанд 2-3 хүний бүрэлдэхүүнтэй баг, хувь хүн J2EE технологийг ашиглан энтерпрайс систем хийж оролцоно.
-Application нь доорх чиглэлийн дагуу байж болно. Үүнд:
1. Бизнес
2. Боловсрол
3. Тоглоом
5.2. Илтгэлийн уралдаанд “J2EE – Энтерпрайс мэдээллийн систем” сэдвээр илтгэл тавьж
оролцоно.
Зургаа. Програмын бичиг баримтанд тавигдах шаардлага:
Програмын бичиг баримт нь дараах шаардлагыг хангасан байна.
1. Бичиг баримт нь 10-50 хуудаснаас тогтоно.
2. Системийн товч танилцуулга, түүний зорилго, онцлог
3. Ашигласан технологи
4. Програмын ажиллагааны боломжуудын бүрэн танилцуулга.
5. Програмыг ажиллаж байх явцыг үзүүлсэн зургууд
6. Use Case диаграм
7. Класс диаграм, түүний өргөтгөл
8. Зарим чухал хэсгийн sequence диаграмууд
Долоо. Уралдааныг дүгнэх:
-Тэмцээнд оролцогч багууд сугалааны дагуу өөрсдийн бүтээлийг танилцуулна. Системээ танилцуулах илтгэл 20 минут, програм үзүүлэхэд 15 минут, асуулт хариулт 10 минут үргэлжилнэ.
-Тэмцээнийг дүгнэх ажлын томилогдсон хэсэг нь 2010 оны 6-р сарын 18, 19-ний өдрүүдэд бүтээл, илтгэлийг дүгнэн шилдэг “Энтерпрайс систем”-ийг хөгжүүлсэн бүтээл болон илтгэлийг шалгаруулж, гэрчилгээ, үнэ бүхий зүйлээр шагнана.
Найм. Шагнал:
1. Бүтээлийн шагнал
Эхний байр :
1,500,000 төгрөг
Багийн гишүүн бүрт “Java програмистийн гарын авлага” ном.
Багийн гишүүн бүрт “Сод Хийморь” ДС-д эхний нэг жил үнэгүй суралцах эрхийн бичиг.
Хоёрдугаар байр :
1,000,000 төгрөг
Багийн гишүүн бүрт “Java програмистийн гарын авлага” ном.
Багийн гишүүн бүрт “Сод Хийморь” ДС-д эхний жилийн сургалтын төлбөрөөс 50% чөлөөлөгдөх хөнгөлөлтийн бичиг.
Гуравдугаар байр :
500,000 төгрөг
Багийн гишүүн бүрт “Java програмистийн гарын авлага” ном.
Тусгай байр : Java програмистийн гарын авлага ном.
1. Илтгэлийн шагнал :
I байр : 250,000 төгрөг
II байр : 150,000 төгрөг
III байр : 100,000 төгрөг
Тусгай байр: Java програмистийн гарын авлага ном.
Жич : “Сод Хийморь” ДС-д үнэгүй суралцах эрхийн бичгийг авсан хүн өөр хүнд бэлэглэн хэрэглэх боломжтой. Энэ тохиолдолд тухайн хүн нь IT-гийн чиглэлээр суралцах онцгой сонирхолтой бөгөөд элсэлтийн шалгалтыг амжилттай өгсөн байна.
Ес. Бүртгэл:
Тэмцээнд оролцох хүсэлтэй хувь хүн, багийн бүртгэлийг 2010 оны 4-р сарын 19-нөөс 5-р сарын 14 хүртэл http://www.sodkhiimori.com/contest хаягаар онлайнаар эсвэл биеэр Сод Хийморь Дээд Сургууль дээр хүлээн авна. Бүртгэлийн маягтыг дээрх хаягаар эсвэл тус сургууль дээр биеэр ирж авах боломжтой.
Бүрдүүлэх материал:
1. – Бүртгэлийн маягт
2. – Бүртгэлийн хураамж – 5000 төгрөг /багийн гишүүн бүр/
3. – Цээж зураг – 2%
Бүртгэл явагдаж дууссаны дараа тэмцээнд оролцох баг, хувь хүмүүсийн дунд техникийн зөвлөгөөн зохион явуулна.
Жич: Онлайнаар бүртгүүлж байгаа тохиолдолд бүртгэлийн хураамжийг Голомт Банкны 1102559624 тоот дансанд хийнэ. Мөн оролцогчид зөвлөгөөн дээр ирэхдээ 2% цээж зургаа авчирна
Арав. Тэмцээнд оролцох материал хүлээн авах:
Хугацаа: Материал хүлээн авах сүүлийн хугацаа – 2010 оны 6-р сарын 17-ны өдөр, 18:00 цаг
Хаана: “Сод Хийморь” ДС, 200 тоот өрөө
Бүтээлээр оролцогчдын хүлээлгэн өгөх материал :
1. Багийн танилцуулга
2. Програмын бичиг баримт
3. Програмын эх код
4. Танилцуулга илтгэл – Файлаар
5. Танилцуулга илтгэл – Хэвлэсэн хэлбэрээр (5 хувь) – Шүүгчдэд зориулсан хувилбар
Илтгэлээр оролцогчдын хүлээлгэн өгөх материал :
1. Илтгэл – файлаар
2. Илтгэл – Хэвлэсэн байдлаар (5 хувь)
Бүтээл, илтгэлийн шаардлага, бусад дэлгэрэнгүй мэдээллийг дараах вэб сайтаас авна уу.
http://www.sodkhiimori.com/contest
Тодруулга, лавлагаа:
Ц.Амарбат: Програм Хангамжийн Тэнхимийн эрхлэгч, 95158816, amarbat7@yahoo.com