БНХАУ-д төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Экспо-2010”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо. Дөрвөн жилд нэг удаа болдог экспогийн нээлтээр хятадууд мөн л урлагийн тоглолт усан дээрх үзүүлбэрүүд техник технологийн гайхамшгийг харууллаа. Ёслолыг дэлхийн томоохон агентлагууд шууд дамжуулан үзүүлсэн юм. Энэ өдөр БНХАУ-ын дарга Ху Жинтао дэлхийн улс гүрний тэргүүнүүдийг угтан мэндчилж Шаньхайн Олон улсын хурлын танхимд хүндэтгэлийн зоог барилаа. Харин өнөөдөр БНХАУ-ын дарга Ху Жинтао Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтах албан ёсны ёслол боллоо. Шаньхайн Олон улсын хурлын танхимд хүндэт харуул жагсч ноён Ерөнхийлөгчийг хүндэтгэн хүлээн авч хоёр улсын төрийн дуулал эгшиглэв. Дараа нь 10.30 цагт Монгол Хятадын дээд хэмжээний хэлэлцээрийг хийж, хоёр улсын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол 11.15 цагт боллоо. Монгол БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны санамж бичиг, Соёлын төв харилцан байгуулах болон 2010-2013 онд хэрэгжүүлэх соёлын солилцооны санамж бичигт хоёр улсын салбарын сайнд нар гарын үсэг зурлаа.
Өнөөдөр “Экспо-2010” дэлхийн үзэсгэлэн үзэгчиддээ үүд хаалгаа дэлгэж байна. “Сайхан хот, сайхан амьдрал” сэдвээр болж буй энэ удаагийн экспогоор хот байгуулалт, хүний ахуйн орчин, амьдралын хэлбэр, загварт хандах шинэ хандлагыг илэрхийлэх байгал орчинд хал балгүй, тогтвортой хөгжих гарцуудыг танилцуулах юм. Энэ удаагийн экспод 200 гаруй улс орон олон улсын байгууллага хамруулахаар төлөвлөснөөс 170 орон олон улсын байгууллагын 252 павильон үзэгчдэд үүд хаалгаа нээж байна. Үүнд 84 орон 16 олон улсын байгууллага бие даасан байгууллага павильоноо нээсэн бөгөөд Хятадын 31 хот муж 26 компани тусдаа павильон байгуулаад байгаа юм. Экспог 73 сая хүн үзэж сонирхоно гэж төлөвлөсөн ч 70 сая гаруй тасалбар нь нээлт эхлэхээс өмнө зарагдаж дуусаад байгаа юм.
А.ТУЯА