“Америкийн шүтээн”, “Авьяаслаг Британичууд”, “Х-Factor” зэрэг шоугаар дэлхийд танигдсан олон алдартай дуучид байдаг. Тэгвэл сүүлийн жилүүдэд дээрх нэвтрүүлгийг монголчууд дууриалган хийх болсон. Монголын хамгийн анхны гэж хэлж болох “Оддын эрэлд” шоу нэвтрүүлэг тухайн үедээ хамгийн шуугиан тарьж байсан ч ялагч нь одоо хүртэл олонд танигдаагүй, ямар ч уран бүтээл хийгээгүй л байна. “Оддын эрэлд-1” тэмцээний ялагч Энхжин Англид суралцаж ирээд дорвитой уран бүтээл хийнэ гэж байсан ч чимээгүй л байна. “Оддын эрэлд-2” тэмцээний ялагч Насанбуяны хувьд зууны манлай дуучин Б.Сарантуяагийн шавь болсон. Хэдийгээр олны хүртээл болсон уран бүтээл хийгээгүй ч удахгүй рок попын ертөнцөд Б.Сарантуяаг залгамжлах нэгэн болохоор бэлтгэгдэж байгаа. Харин өнгөрсөн онд зохион байгуулсан “Оддын эрэлд-3“ шоу нэвтрүүлгийн хувьд олон залуучууд оролцож, Отгонцэнгэл гэх бүсгүй ялагчаар тодорсон. Бүтэн нэг жил өнгөрч байхад Отгонцэнгэлийн хийсэн уран бүтээл одоо болтол сонсогдоогүй байна. Ингээд бодохоор энэ “Оддын эрэлд” тэмцээн зүгээр л нэр төдий шоу байсан бололтой.
М.Анир