Цаашид нөхцөл заасан зээл авахгүй

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Цаашид нөхцөл заасан зээл авахгүй

УИХ-ын Аюулгүй бай­дал, гадаад бодлого, Эдийн засаг, Төсвийн байнгын хороодын хуралдаанаар Монгол Улсын Засгийн га­зар Монакогийн Хант улсын Засгийн газар хооронд бай­гуулах Техникийн хамтын ажиллагааны хэлэл­цээ­рийн төсөл, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгж­лийн банк хооронд байгуу­лах Бүс нутгийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт санхүүжилтийн хэлэл­цээ­рийн төслийг тус тус зөв­шилцөх асуудал хэлэлцсэн юм. Зөвшилцөх асууд­луу­дыг байнгын хороодын ги­шүүд дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанаар хэ­лэл­цүүлэхээр боллоо.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн дунд гадаад өр шир, зээл тусламжийн та­лаар эсрэг тэсрэг байр суурь уралдуулсан яриа өрнөсөн юм. Гишүүдийн асуултад Сангийн сайд С.Баярцогтын хариулснаас үзвэл Монгол Улсын нийт гадаад өр 2,8 их наяд төг­рөгт хүрчээ. Өөрөөр хэлбэл, бүтэн нэг жилийн улсын нэгдсэн төсөвтэй дүйх ша­хам хэмжээний өртэй юм байна. Түүнээс 1,8 тэрбум төгрөг нь ам.долларын өр аж. Гадаад өрийн 31,7 хувь нь ам.доллар, 26,5 хувь нь иен, 28,1 хувь нь евро, 13,7 хувь нь бусад валютын өр юм байна.

Монакогийн Хант улсын Засгийн газартай хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах асуудалд Н.Бат­баяр Ц.Батбаяр нарын ги­шүүд нэлээд эргэлзэнгүй хандаж байлаа. Тус улстай Монгол Улс хоёр жилийн өмнөөс дипломат харил­цаатай болжээ. Түүнээс хойш археологийн хайгуу­лын зориулалтаар 20 мян­ган ам.долларын нэг төсөл хэрэгжүүлсэн байна. Түү­гээр Архангайн Заяын гэгээ­ний хийдийг сэргээн засвар­лах, аймгийн төвөөс холгүй орших буган хөшөө, сүг зургийг судлах зэрэг ажил хийжээ. Одоо харилцаагаа үргэлжлүүлэхээр хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах санал тавьсан байна. Н.Батбаяр гишүүн хааш хаашаа хоёр км нутаг дэвсгэртэй Монако улс Мон­голд туслахаасаа илүү­тэй ашигт малтмалын хай­гуул хийх,  археологийн үнэт зүйлсийг авч гарахаас болгоомжлох хэрэгтэй гээд Европын холбоонд элсэх болзлоо хангаж буурай оронд тусалсан гэдэг нэр зүүх гэсэндээ хэлэлцээр байгуулах гэж байна хэмээн хэлж байв. Гуч хүрэхгүй сая төгрөгийн тусламжийн тө­лөө УИХ нь хэлэлцээр бай­гуулж байдгаасаа ичих хэ­рэг­тэй гэсэн үгийг Ц.Бат­баяр гишүүн хэлж байсан. Гэвч Европын холбоонд элсвэл Монголыг дэмжих орон нэгээр нэмэгдэнэ гэ­сэн байр суурь ч гарч байлаа.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах Бүс нут­гийн авто замыг хөгжүүлэх төсөл-нэмэлт сан­хүү­жил­тийн хэлэл­цээ­рийн төслийг зөвшилцөх тухай хэлэлцэх үеэр мөн л гадаадын ашиг­тай ашиггүй зээлийн та­лаар ярилцлаа. Уг төсөлд тусгаснаар Чойр-Сайн­шанд-Замын-Үүд чиг­лэ­­лийн авто замд энэ­хүү нэ­мэлт санхүүжилтийг авах ажээ. Энэ  нь Монгол Улсын босоо тэнхлэгийн гол авто зам, Азийн авто замын сүлжээний Монгол дахь АН-3 чиглэлийн нэг хэсэг юм. Түүний хэсэг болох Замын-Үүд хүртлэх 61,8 км замыг Монгол Улсын Засгийн газар сан­хүү­жүүлэх байсан ч эдийн засгийн хямралд өрт­сө­нөөс саатжээ. Иймээс замын барилгын ажлыг гүйцээх зорилгоор Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай 43.1 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр хийж, АНУ-ын Мянганы сорилын корпорациар дамжуулан хэрэгжүүлэх 79.7 сая дол­ларын буцалтгүй тус­лам­жийн гэрээ байгуулжээ. Азийн хөгжлийн банктай  тохиролцон, дээрх төслийн нэмэлт санхүүжилтэд най­ман сая ам.долларын зээл, 16 сая ам.долларын бу­цалт­гүй тусламжийг ава­хаар тогтжээ. Зээлийн эр­гэн төлөгдөх хугацаа 24 жил, эхний найман жилд үндсэн төлбөрөөс чөлөөлж нэг хувийн хүүтэй, үлдсэн жилүүдэд жилийн хүү нь 1.5 хувь байх ажээ. Гишүүд нөхцөл заасан зээлээр гад­нынхан Монгол Улсад хүү багатай зээл өгдөг ч өндөр хүүтэй бизнесийн зээлээс илүүтэй зардал гаргаж өө­рийн ажилчдаа сан­хүү­жүү­лээд, өгсөн зээлээ буцааж аваад  гардаг. Өрийг нь бид төлдөг хэмээн шүүм­жилж байсан юм.

“Манай улс цаашдаа нөхцөл заасан зээл авах­гүй, хөгжлийн зээл тусламж л авна” гэж Сангийн сайд хэлж байв. Мөн дан ганц тусламж хардаг орноос арилжааны зээл, туслам­жийн аль алийг авдаг орон болох ёстойг ч хэллээ.

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж