Кубын усны нөөцийн Институтын захирал Хорхе Марио Фернандес энэ долоо хоногийн эхээр улсын телевизийн нэвтрүүлгийн нэгэн сувгаар мэдээлэл хийхдээ ган гачиг болж буй шалтгаанаас үүдэн ундны усгүй болсон 520 000 иргэнд цэвэр ус түгээн хүргэх арга хэмжээ авч эхэлсэн тухай ярьжээ.
Газрын гүний 100 цэвэр усны эх үүсвэр байдаг бөгөөд 67 нь хэвийн түвшинд байгаа боловч 33 эх үүсвэрийн усны түвшингийн хэмжээ эрс багассан байна.
Захирал ард иргэдэд хандан “Ундны усыг зөв зохистой, үр дүнтэй хэрэглэх, арвилан хэмнэх шаардлага гарч байгаа”-г анхааруулсан байна.
2008 оны эцсээр ган болж эхэлсэн бөгөөд энэ нь Кубын хөдөө аж ахуй, газар тариаланд хүндээр тусч нийслэл Гавана хот болон тус орны дорнод хэсэгт орших 5 мужийн ард иргэдийг цэвэр усаар хангах бэрхшээлтэй тулгарч эхэлжээ.
Нийслэл Гавана хотын Усны нөөцийн газрын дэд захирал Хорхе Калафийн ярьснаар нийслэл хотын 60 000 гаруй иргэдэд ундны усыг зөөврийн машин тэргээр хүргэн өгч байгаа ба хотын олон дүүргүүд ийм бэрхшээтэй тулгарч байгааг дурдсан байна.
Саяхан кубын Иргэний хамгаалалтын алба ард иргэддээ хандан ундны усаа ариг гамтай хэрэглэхийг уриалжээ. 2009 онд ган жилийн турш үргэлжилсэн нь сүүлийн 109 жилийн түүхэнд 4 дэх удаа тохиолдож буй гамшигт үзэгдэл болж байгаа юм байна.
Бэлтгэсэн Д.ПУНЦАГ
Холбоотой мэдээ