Монголын рок, попын эцэг хамтлаг болох “Айзам” хамтлаг тавдугаар сарын найманд “UB Palace”–ын их танхимд 19.00 цагаас “Айзам 30 жил-шилдэг дуунууд” нэртэй амьд хөгжмийн тоглолтоо хийх гэж байна. Тус хамтлаг нь 2003 онд 20 жилийн ойгоо “Бид ирлээ” нэртэйгээр хийж байсан билээ. “Айзам” хамтлагийн Д.Ганболд бол энэ хамтлагийг үүсгэн байгуулагч, хамтлагийн ахлагч, ноён нуруу, зуун дамжсан хүмүүсийн дуулах, сонсох дуртай сайхан дуунуудыг зохиосон хүн. Тоглолтын гол онцлог нь “Айзам” 30 жил гэдэг утгаараа шилдэг дуунууд нь дуулагдана. Фенүүдийг нь “Айзам” хамтлагийхантай уулзуулан, тэр сайхан хит дуунуудыг нь дуулуулан, эргэн дурсах сайхан мөчийг ганцхан өдөр л бүрдүүлж байгаа аж. Тус хамтлагийн тоглолтонд тэр үед мөр зэрэгцэн уран бүтээлээ хийж байсан “Өргөө”, “Соёл Эрдэнэ”, “Чингис хаан” хамтлагууд, Монгол улсын гавъяат жүжигчин, дуучин Ч.Насантогтох, дуучин Х.Оюунбилэг, ФМ 107.5-ын захирал Ц.Ариунаа, “Grand” хамтлаг нар урилгаар оролцож байгаа. Тоглолтын сонин содон гэвэл Франц улсын иргэн болсон “Айзам” хамтлагийн гишүүн басс гитарчин, дуучин Тамираа ирж оролцох юм байна. Энэ тоглолтыг “New star” студи зохион байгуулж байгаа бөгөөд тэд “Айзам” хамтлагийн Ганболд ахдаа сэтгэлийн дэм өгөх зорилготой ашиг орлогын бус хандивын тоглолт хийж байгаа гэв. Тиймээс үзэгч фенүүдээ “Айзам” хамтлагтайгаа илүү ойр байлгах гэж тасалбараа арван мянган төгрөгөөр борлуулж байгаа гэсэн шүү.
Г.ДАША
Холбоотой мэдээ