Америкийн хамгийн “хатуу ширүүн” шериф

Хуучирсан мэдээ: 2010.04.30-нд нийтлэгдсэн

Америкийн хамгийн “хатуу ширүүн” шериф

Цагаачдын асуудлаар Аризон мужид хэрэгжэж эхэлсэн шинэ хуулийг амьдрал дээр  биелүүлэх гол хүмүүсийн нэг нь болох “Америкийн хамгийн хатуу ширүүн шериф” хэмээх хочтой Арпайо нь Фоеникс хот байдаг Марикопа гүнлэг/county/ -гийн цагдаа, шоронгийн тогтолцоог удирддаг бөгөөд шоронд хоригдсон иргэдийнхээ тоогоор дэлхийд дөрөвдүгээр байранд ордог алдартай ажээ.

Арпайо нь Фоеникс хотын ойролцоо жижиг гэмт хэрэг  болон гадаадын цагаачид гэсэн яланд тулгагдсан хүмүүст зориулан  бүр  бөөнөөр нь хорих “концлагер” хүртэл бий болгожээ. Албан ёсоор бол бөөнөөр нь хорих газар биш харин “майхан шорон”-гууд гэж нэрлэдэг  байна. Гэвч эдгээр байруудыг сонирхон үзсэн зочдын хувьд яагаад ч юм  дэлхийн хоёрдугаар дайны тухай киноны хэсэг үзэж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлдэг ажээ.

Хоригдлуудыг өргөст тор тойруулан татаж, харуулын олон цамхаг босгосон майхан шоронгуудад хорьдог бөгөөд хэрэгтнүүд нь цагаан, хар судал бүхий жигд ижилхэн хувцас өмсдөг байна. Хоригдлуудын  дотуур хувцас, гутал, гар нүүрийн алчуур нь ягаан өнгөтэй байдаг ба онолын үүднээс эдгээр хувцсыг хулгайд алдахгүй байх, хоригдлуудыг суллагдсаны дараа бусдад зарж борлуулах боломгүй болгох зорилготой  ажээ.

Гэвч олон хүн үүнийг хүнийг гутаан доромжилсон нэгэн хэлбэр гэж үздэг бөгөөд Арпайо хамгийн өндөр харуулын цамхагт 15 м-ийн өндөрт Фоеникс хот даяар харагдахуйц “сул чөлөөтэй байр бий шүү” гэсэн зурагт хуудастай зарлалыг байрлуулжээ.

Иренео Родригес Карретера хэмээх нэгэн хоригдол “эдгээр хорих байранд байх үнэхээрийн хэцүү. Нэн ялангуяа харанхуй бүрэнхий болох үеэр хархнууд ор луу ороод ирдэг” гэж сэтгүүлчид ярьжээ.

Зуны цагт Фоеникс хотод өдрийн ид халуун үе нь цельсийн +50  градус хүрдэг бөгөөд майхан шорон хэмээн нэрлэж буй эдгээр байрууд нь яс мод зангидан босгоод ханыг нь  даавуугаар  орлуулан хийсэн байрууд юм. Учир нь даавууг амархан оёж болдогт байдаг ажээ. Майхан болгонд 1.68 м-ийн урттай 22 ширхэг төмөр ор байрлуулдаг байна. Төмөр орны дээр гудас дэвсэхэд нь зориулан металл  хавтангууд тавьдаг ба хүмүүс суух юм уу хэвтэхэд нь тэсэрч дэлбэрэх гэж байгаа юм шиг дуу чимээ гардаг.

Арпайог Фоеникс хотынхон “Жо шериф” хэмээн гуайлдаг бөгөөд энэ зургаан сард нас сүүдэр нь 78 хүрэх бөгөөд тэр өөрийнхөө бүтээсэн үйл хэрэгтээ их л сэтгэл хангалуун байдаг аж. Тэр “Би хууль сахиж, биелүүлдэг хүн” хэмээн ярих дуртай. Гэвч олон хүн түүнийг арьсны өнгөөр ялгаварлан гадуурхагч, арьсны үзэлтэн гэж дургүйцэж байдаг

Арпайогийн багийнхан Аризон мужийг нэрвэж байдаг зэрлэг балмад явдал, шат дараалан гардаг хүчэрхийллийн эх үүсвэрийг гадаадын цагаач иргэдтэй холбон үздэг бол Обамагийн засаг захиргаа хар тамхи, кокаиний гэмт бүлэглэлүүдийн үйл ажиллагаатай холбоотой гэж үздэг. Арпайогийн хамтрагчид хэт консерватор хүчний үзэлтнээс бүрдсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд тэд “Жон Маккейн хэтэрхий зөөлөн тэр тусмаа цагаачлалын асуудалд зөөлөн хандсанаас сонгуульд ялагдсан” гэж үздэг аж.

Эх сурвалж: EL MUNDO.es
Бэлтгэсэн Д.Пунцаг    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж