Азербайжаны нийслэл Баку хотноо сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд дэлхийн 90 улс орны 460 ширэн бээлийтнүүд өрсөлдөж байгаагаас манай улсаас найман тамирчин эх орноо төлөөлөн оролцож байгаа. Даваа гаригт эхэлсэн тус тэмцээнд манай тамирчдаас 48 кг-ын жинд Б.Билгүүн, 51 кг-ын жинд О.Батмөнх, 60 кг-д Б.Батзориг, 69 кг-ын жингийн ангилалд С.Хосбаяр, 75 кг-д Г.Болдхуяг нар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн бол өчигдөр манай бусад гурван тамирчин Бакугийн рингэнд гарч тулалдлаа.
Тэмцээний 54 скг-ын жингийн ангилалд өрсөлдөж буй дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт өчигдөр Тайландын боксчин Бунярак Ампайраттай тулалдаж, ялалт байгуулснаар шөвгийн наймд шалгарчээ. Тэрбээр өнөөдөр хүрэл медалийн төлөө Польшийн тамирчин Дэвид Мишелиустай нударга зөрүүлнэ.
Харин 57 кг-ын жингийн төлөөлөгч Д.Анандын тухайд өчигдөр Германы Артур Брилд 4:2 харьцаатай ялагдсан бол 64 кг-ын жинд Ц.Отгон-Эрдэнэ Украйны тамирчин Олег Неклиудовт ялагдсанаар тэмцээнээ дуусгажээ.
С.Цэлмэг