Монгол бөхийн 40 шинэ зүйл

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Монгол бөхийн 40 шинэ зүйл

МҮБХ-ноос Монгол бөхийн түүхэнд бий болгож, шинээр хэрэгжүүлсэн 40 шинэ зүйлийг танилцуулж байна.

1. “Монголын үндэсний бөхийн холбоо”-г байгуулж, Монгол бөхийн бие даасан байгууллагатай болов (1990).

2. Монголын үндэсний бөхийн “Их эе”, “Цэцдийн зөвлөл” гэсэн хурлуудыг бий болгож, нийт бөхчүүдийг нэгдсэн зохион байгуулалтанд оруулав.

3. Дөчин таваас дээш настай улсын цолтой бөхчүүдийг цолны хишигтэй болгон, тогтмол олгож хэвшүүлэв.

4. Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэмд агуулгын шинжтэй өөрчлөлт оруулав. Үүнд: онцгой ойн жил гэдэг үндэслэлээр дутуу даваатай бөхөд цол ахиулан олгож байсныг зогсоож, улсын наадмаас өөр аль ч шатны ямар ч хэлбэрийн барилдаанаар улс, аймаг, сумын цол олгохгүй болов. Энэ өөрчлөлт нь цол олгоход алагчлал гаргаж байсныг зогсоосон шударга шийдвэр байв (1990).

5. Урьд өмнө төдийлөн хэрэглэгдэггүй байсан олон нэр томъёог сэргээж, өдөр тутмын хэрэглэгээнд оруулав. Жишээ нь “Их эе”, “Цэцдийн зөвлөл”, “Тэргүүн”, “жудаг”, “Монгол бөх судлал”, “бөхийн чансаа”, “цолны хишиг”, “нэр төрийн арилжаа”, “өндөр чансаатай бөхчүүд” гэх мэт.
 
6. “Монгол бөх”, “Манлайн баясгалан”, “Үндэсний бөх” сэтгүүлүүдийг бий болгон, монгол бөхийн сэдэвт бие даасан хэвлэлийн эхийг тавив.

7. Бөхчүүдийн алдрыг тэмдэглэх хөдөлгөөнийг орон даяар өрнүүлснээр улсын цолтой ихэнхи бөхчүүдийг суудлын автомашинаар шагнадаг жишиг тогтоон хэвшүүлэв.

8. Ахмад дархан аваргуудад улсын наадмын түрүү бөхийн бай олгодог болов.

9. Улсын цолгүй бөхчүүдийн барилдааныг бий болгон, бөхийн сургалтын шинэ хэлбэрийг тогтоов.

10. Японы сумо бөхийн “Ошима” дэвжээний эзэн Ошиматай гэрээ байгуулан Д.Батбаяр, Н.Цэвэгням, Б.Энхбат, Ц.Батжаргал нарын зургаан хүүхдийг Япон улсад мэргэжлийн сумод явуулсан нь цаашид энэ чиглэлээр Монголоос олон хүүхэд явах замыг гаргаж Монголыг дэлхийд сурталчлах шинэ гарцыг нээснээрээ чухал ач холбогдолтой болов.  

11. Бөхчүүдийг үндэсний бөхөд гаргасан амжилтаар нь төр засгийн шагналаар шагнуулдаг болгов(1991).

12. Бөхийн бай шагналыг нэмэгдүүлэх аргачлалыг боловсруулан, хуучин олгож байсан бай шагналыг олон арав дахин нэмэгдүүлэв.

13. Монгол бөхийн шавааг сэргээж, үндэсний бөхөө унаган төрхөөр нь залгамжлуулах болов(1992).

14. Монгол бөхийн өргөөг бүтээн босгох санаачилгыг 1991 онд гаргаж, зураг төслийг хийлгэн, 1992 онд барилгын ажлыг эхлүүлж, 1998 оны 12 дугаар сарын 26-нд ашиглалтанд оруулав.

15. Монгол бөх судлалыг үүсгэн, шинжлэх ухааны түвшинд хөгжүүлснээр энэ чиглэлийн анхны эрдэмтэд төрөн гарав.

16. “Бөх” сониныг бий болгож, сард гурван дугаар гардаг нэр хүндтэй тогтмол хэвлэл болгов.

17. Бөхийн хөшөө дурсгал бүтээх ажлыг өрнүүлснээр 20 гаруй алдарт бөхийн хөшөө орон нутагт босов.   

18. Бөхчүүдэд олгох тусламж, тэтгэмжийн тогтолцоог бий болгов.

19. Бөхчүүдэд зориулсан эзэнтэй дуу зохиох хөдөлгөөнийг өрнүүлснээр бүх аварга, арслан, ихэнх гарьд, заан, бусад олон бөхийг өөрийн дуутай болгов.

20. Улсын цолтой бөхчүүдийн хүндэтгэлийн малгай, залааг бий болгов.

21. Аваргуудын хөрөг зургийг бүтээлгэн Монгол бөхийн өргөөнд залав.

22.Бөхийн цол дуудаачдын улсын уралдааныг анх санаачлан зохион байгуулснаар жаяг дэгийн багийн бусад гишүүдийн дунд ур чадварын уралдаан явуулдаг болов.

23. Бөхийн чансаа гэдэг ойлголтыг гаргаж, чансаа бодох компьютерийн программ хангамж, бөхийн мэдээллийн санг бий болгов.

24. Өндөр чансаатай бөхчүүдийн даваа үнэлэх барилдааныг бий болгов.

25. Монгол бөхийн талаар ном бүтээл туурвих хөдөлгөөнийг өрнүүлэн, “Бөх” номын санг бий болгов.

26. Монгол бөхийн барилдааныг цаг хугацаатай болгов.Энэ нь монгол бөхийг нийгмийн шаардлагад нийцүүлэн шинэчилсэн чухал алхам байв.

27. “Миний нутаг сайхан” тоглолтыг зохион байгуулж, МБӨ-ний менежментийг тогтоов.

28. Монгол бөхөд шинэчлэл хийж, гарьд харцага цолыг шинээр бий болгон, бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлж дөрвийн давааг оноолтоор барилдуулдаг болсноор монгол бөхөд амжилтыг үнэлэх шударга тогтолцоог бий  болгов.

29. Монгол бөх дэх аксиомыг тодорхойлж, монгол бөхөө унаган төрхөөр нь хадгалан хамгаалах дархлаа тогтоов.

30. Жил бүр зорилтот уриа дэвшүүлэн ажилласан нь  төр засгийн болон төрийн бус байгууллагуудад жишиг болов.

31. “Нийтийн монгол бөхийн барилдаан”-ыг шинээр бий болгон, бөхөөр  тусгайлан хичээллэдэггүй нийт эрчүүдийг монгол бөхөөр хичээллүүлж, эрүүлжүүлэх, чийрэгжүүлэх, жудаг чанар олгох бодлогыг хэрэгжүүлж байна.

32.  Аймаг цэргийн цолтнууд болон жаяг дэгийн багийнхныг хүндэтгэлийн малгайн тэмдэг, залаатай болгов.

33. Таван ангиллын цуврал барилдааныг улирал тутам зохион байгуулж, “Бөхийн баяр” хэмээх шинэ нэр томъёо, үйл ажилбарыг бий болгов.

34. Үндэсний их баяр наадмын дараа тухайн жилийн наадмын барилдааны дүйз, дүн мэдээг нэгтгэсэн номыг жил бүр эрхлэн хэвлүүлж, нийтийн хүртээл болгож байна.

35. “Бизнес барилдаан”, “бөхийн цол, цолны хүндэтгэлийн барилдаан” зэрэг шинэ хэлбэрийн  барилдаануудыг бий болгосноор наадмаас наадмын хооронд  зохиох тогтмол барилдааны хуваарийг тусгайлан гаргадаг болов. Энэ нь  бөх сонирхогчдод бөх үзэх цаг зав болон санхүүгээ төлөвлөх, бөхчүүдэд бэлтгэл сургуулилтаа зохицуулах боломжийг олгосноороо МҮБХ-ны менежмент, маркетингт чухал дэвшил болов.  
 
36. Эрэгтэй хүүхэд бүр барилдаж өсдөг уламжлалыг сэргээн монгол бөхийн суурийг өргөжүүлэх зорилгоор “Нутгийн салхи” хөтөлбөрийг хэрэгжүүлэв. Энэ хөтөлбөрөөр сургууль бүрийг дэвсгэр хивс, сурах бичиг, зодог шуудагтай болгон, үндэсний бөхийн байнгын сургалт явуулах болов.  

37. Нийслэл хотыг хүрээлэн байгаа дөрвөн их хайрханаар нэрийдсэн “Дөрвөн уулын хишиг барилдаан”-ыг шинээр бий болгосноор надаам цагаан сартай нийлээд тогтмол 6 том барилдаантай болов.

38. ”Монгол бөх” хэмээх ойлголт, түүний бүрэлдэхүүн хэсгийг томъёолж, практик үйл ажиллагаанд удирдамж болгож байна.

39. Бөхийн дэвжээдийг дэмжих, үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор жилийн тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” барилдааныг хоёр жил тутамд хийж байхаар шийдвэрлэж, эхний барилдааныг 2010 онд амжилттай зохион байгуулав.

40. Монгол бөхийг ЮНЕСКО-ийн биет соёлын өвд бүртгүүлэх санаачилгыг анх гаргаж, улмаар монгол наадмын хүрээнд монгол бөхөө дэлхийд данслууллаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж