Елена Исинбаева “Сингапур-2010”-ын элчээр сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Елена Исинбаева “Сингапур-2010”-ын элчээр сонгогджээ

IOC буюу Олон улсын олимпийн хорооноос анх удаагаа зохион байгуулах гэж буй “Сингапур-2010” залуучуудын анхдугаар олимпийн наадмын элч төлөөлөгчөөр тулгуурт харайлтын домогт тамирчин Елена Исинбаева сонгогджээ. Тэрбээр усанд сэлэлтийн шилдэг тамирчин Майкл Фелпсийн хамт залуучуудын олимпийн наадмын элчээр ажиллах юм. Фелпсийн тухайд өнгөрөгч хоёрдугаар сард албан ёсны элч болсон билээ.
Дэлхийн спортын хуудаснаа нэр алдраа цуурайтуулсан хоёр тамирчин хамтдаа дэлхий дахины хүүхэд залуучуудад спортыг сурталчилж, олимпизмийн үзэл санаа, мөн чанарыг тэдэнд ойлгуулах, бие махбодь болоод зан чанарын хувьд төлөвшил  олгох ажилд идэвхтэй оролцох юм. Исинбаева шинэ ажлынхаа талаар “Уралдаан, тэмцээнээс хэсэг хугацаанд завсарлага авсан миний хувьд үнэхээр сайхан завшаан олдлоо. Миний зүгээс хүүхэд, залуучуудад эерэг нөлөө үзүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна. Наймдугаар сард эхлэх залуучуудын анхдугаар олимп хурдан эхлээсэй гэж тэсэн ядан хүлээж байна. Би Сингапурт очиж, тамирчидтай уулзаж, уралдааны талбарт тэдэнтэй хамт байж, урам зориг, сэтгэлийн дэм хайрлах болно” гэжээ.
Харин ОУОХ-ны ерөнхийлөгч Жак Рогге хэлэхдээ “Бидэнд Елена гэдэг жинхэнэ аварга, хүүхэд багачуудад үлгэр дууриал болох авьяаслаг бүсгүй байна. Энэ зун Сингапурт хүрэлцэн ирэх 3600 гаруй бяцхан тамирчид түүнээр бахархаж, түүний гаргасан амжилтад хүрэхийн төлөө чармайж, түүнийг даган дуурайна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.
Анх удаагаа зохиогдох гэж буй залуучуудын олимпийн наадам ирэх наймдугаар сарын 14-26-ны өдрүүдэд Сингапурт спортын 26 төрлөөр зохиогдох юм. Харин манай улсаас жүдо бөхийн төрөлд Д.Дөлгөөн, триатлоны төрөлд Т.Энхжаргал нар олимпийн эрхээ аваад байна.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж