60 мянган эрүүл мэндийн-жуулчин Өмнөд Солонгост зочилжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

60 мянган эрүүл мэндийн-жуулчин Өмнөд Солонгост зочилжээ


“Өнгөрсөн 2009 онд Өмнөд Солонгост эрүүл мэндийн  зорилгоор 60,201 гадаадын жуулчин ирсэн нь 50,000 жуулчин ирнэ гэж Засгийн газар тооцож байснаас 20 хувиар илүү дүн юм” гэж Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн халамж, гэр бүлийн хэргийн яам Лхагва гаригт мэдэгдсэнийг Солонгосын “Chosun Ilbo” агентлаг дамжууллаа.  2008 онд тус улс эрүүл мэндийн 27,480 жуулчин хүлээж авч байсныг бодвол энэ нь хоёр дахин өссөн үзүүлэлт юм. Өмнө нь зочлогчид ихэвчлэн пластик мэс засал, арьсний эмчилгээ хийлгэдэг байсан бол одоо авдаг эрүүл мэндийн үйлчилгээний хүрээ нэмэгдсэн бөгөөд эрүүл мэндийн шинжилгээ, зарим ноцтой өвчний эмчилгээнүүдийг хүртэл хийлгүүлж байна.

Дотрын эмчилгээг нийт жуулчдын 20 хувь нь авсан бол, 13.5 хувь нь ерөнхий эрүүл мэндийн шинжилгээнүүдийг, 13.4 хувь нь арьс гоо сайхан, пластик мэс засал, 7.8 хувь нь гэр бүлийн эмчилгээ хийлгүүлсэн байна. Үндэстнээр нь ангилбал Америкчууд хамгийн их ирсэн бол түүний хойноос Хятадууд, Оросууд, Монголчууд орж байна.

Солонгосын Эрүүл мэндийн салбарын хөгжлийн институтын Олон улсын Эрүүл мэндийн үйлчилгээний бизнесийн захирал Chang Kyung-won “Эрүүл мэндийн жуулчлалын салбар огцом тэлнэ гэж бодохгүй байна. Учир нь гаднаас ирж байгаа жуулчдын ихэнх нь косметик ажиллагаа хийлгүүлж байна. Гэсэн хэдий ч эрүүл мэндийн шинжилгээ, доторын эмчилгээний эрэлт өсөж байгааг судалгаа харуулж байна” гэж ярьсан. Илүү их эрүүл мэндийн жуулчид ирнэ гэдэг нь илүү олон гадаадын өвчтөнүүд Солонгос эмч нарт, тэдний технологи, чадварт итгэж байгааг харуулж байна.

Эрүүл мэндийн гадаад жуулчдаас Өмнөд Солонгос өнгөрсөн жил 54.7 тэрбум воны орлого /1 солонгос вон = 1.3 төгрөг/ олсон бөгөөд дундчилбал нэг өвчтөн ойролцоогоор 940,000 вон төлж байна гэсэн үг. “Хэрвээ нэг өвчтөн сэтгэл хангалуун буцвал тэр гэртээ буцаж хариад есөн өвчтөнг бидэнрүү илгээх болно” гэж Эрүүл мэндийн яамны Эрүүл мэндийн салбарын бодлогын захирал Park Keum-yeoul ярьсан. 2010 онд Өмнөд Солонгос 70 мянган эрүүл мэндийн жуулчин гаднаас хүлээж авахаар тооцож байсан ч тооцоондоо өөрчлөлт хийж 80 мянга ирнэ тооцож байна.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж