Токио хотын хүн амын тоо 13 саяд хүрлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Токио хотын хүн амын тоо 13 саяд хүрлээ

Японы Токио хотын хүн амын тоо анх удаагаа 13 саяыг давлаа. Дөрөвдүгээр сарын нэгний байдлаар Токио хотын хүн амын тоо 13 саяыг давлаа гэж Токио хотын Захиргаа Лхагва гаригт мэдэгдлээ. Хотын оршин суугчдын тоо өсөж байгаа нь Японд хүмүүсийн наслалт уртсаж, төрөлт буурч байгаа байдалтай эсрэгцэж харагдаж байна. Энэ үзэгдлээс болж татварын бааз багасч байгаа бөгөөд энэ нь дэлхийн хоёр дахь том эдийн засгийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

2004 онд Японы хүн амын тоо 127.84 сая хүрсэн гэж Японы Дотоод хэрэг, харилцааны яам мэдэгдсэн. Өнгөрсөн арван жилийн дотор Токио хотын хүн ам нэг саяар нэмэгдсэн байна. Сүүлийн жилүүдэд кондоминиум /нийтийн орон сууц/ барилгууд баригдаж, гадаадын иргэд олноор ирж суурьшиж байгаа нь хотын иргэдийн тоо өсөхөд нөлөөлсөн гэж Хотын статистикийн хэлтэсийн хэвлэлийн төлөөлөгч Yuko Sakurai мэдэгджээ. 2000 оноос хойш тус хотод амьдарч байгаа гадаадын иргэдийн тоо 46 хувиар нэмэгдээд байгаа бөгөөд нэгдүгээр сарын нэгний байдлаар Токиод гадаадын 418,116 хүн амьдарч байна. Эдийн засгийн илүү таатай байдал эрэлхийлж хүмүүс Токиод ирж амьдарч байгаа аж. Хэдийгээр эдийн засаг нь хямралаас гарч байгаа ч хөдөлмөрийн зах зээл эмзэг хэвээр байна. Токио хотын хүн амыг 2015 он хүртэл өсөх болно гэж үзэж байна.

Дэлхийн хамгийн их оршин суугчтай хотуудад Хятадын Шанхай, Бээжин, Энэтхэгийн Дели, Мумбай, Пакистаны Карачан, Аргентины Буэнос-Айрес, Туркийн Истанбул, Оросын Москва, Өмнөд Солонгосын Сөүл хотууд ордог бөгөөд эдгээр хотуудын хүн ам 10 саяас илүү гардаг ажээ.

Т.Санаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж