Sandra Bullock хүүхэд өргөж авлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Sandra Bullock хүүхэд өргөж авлаа

Холливудын алдарт жүжигчин Sandra Bullock-ын хувьд энэ жил амжилтын карьерт нь нар мандан Оскарын шагналын эзэн болсон бол харин гэр бүлийн амьдралд нь сүүдэр тусч, нөхөр Jesse James-тэйгээ амьдарсан таван жилийн амьдралдаа харамсалтайгаар цэг тавьж байгаа билээ. Түүний нөхөр Jesse James хэвлэлүүдээр дамжуулан Sandra-гаас удаа дараа уучлалт гуйж, гэр бүлээ авч үлдэхийг хүсч буйгаа илэрхийлж байсан ч Sandra гэрээсээ нүүж, хуримын бөгжөө зүүхээ болин, салах өргөдлөө өгсөн юм.

Нөхрийнхөө урвалтаас болж сэтгэл санаагаар унаад байсан жүжигчин бүсгүй гурван сар хагастай Louis Bardo хэмээх бяцхан хүүг өргөж авснаа зарлаж, хүүтэйгээ авахуулсан зураг нь “People” сэтгүүлийн нүүр хуудсанд гарчээ. Тэрбээр уг сэтгүүлд “Хүү маань үнэхээр гайхалтай. Би түүнээс мэдэрдэг тэр гайхалтай мэдрэмжээ үгээр зүйрлүүлж хэлж чадахгүй нь. Би сайн ээж байж, хүүгээ сайн хүн болгон өсгөхийг маш их хүсч байна. Ямартай ч тэр ингээд насан туршдаа миний амьдралын нэг хэсэг боллоо” хэмээн ярьжээ.

Мөн тэрбээр гэрлэлтийнхээ тухай “Би салах өргөдлөө өгсөн байгаа. Одоогийн нөхцөл байдлаа дүгнэхэд салах нь хамгийн зөв шийдвэр боловч энэ шийдвэр надад мэдээж баяр жаргал авчраагүй. Би үнэхээр гунигтай байна. Бас маш их харамсч ирээдүйгээсээ айж байна” гэжээ.

Юутай ч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн авьяаслаг жүжигчин Sandra Bullock  ганц бие ээж байж, ганцаараа хүүгээ өсгөхөөр шийдсэн байна.  

Н.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж