“Интер” Европын тэргүүн цомын төлөө

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

“Интер” Европын тэргүүн цомын төлөө

Жозе Моуриньогийн “Интер Милан” “Барса”-г буулган авч, Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн финалд “Баейрн Мюнхен”-тэй өрсөлдөхөөр боллоо.
Тоглолтын 28 дахь минутад Тьяго Мотта улаан картаар торгуулж, талбайгаас хөөгдсөнөөр италийн аваргууд талбайд 10-уулаа үлдсэн ч “Барса”-гийн ширүүн довтолгооны эсрэг бат зогсч, 1:0-ээр л ялагджээ. Гэхдээ өмнөх тоглолтод хоёр бөмбөгийн илүүтэй хожсон тул Барселонын Ноу Кэмп цэнгэлдэхэд болсон хариу тоглолтод ялагдал хүлээсэн ч “Интер” хоёр тоглолтын нийлбэр дүнгээр ялалт байгуулж, финалд өрсөлдөх эрхээ авсан юм.
Аваргаа хамгаалан өрсөлдсөн “Барса” бөмбөг эзэмшилтээрээ хамаагүй илүү байсан ч 84 дэх минут хүртэл өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулж чадаагүй билээ. Харин Жерард Пике тоглолт өндөрлөхийн өмнөхөн тоглолтын цорын ганц гоолыг оруулсан юм. Аваргын төлөө тоглох “Интер”-ийн тухайд 1965 оноос хойш Европын тэргүүн цомыг хүртээгүй байгаа бөгөөд ирэх сарын 22-нд “Реал Мадрид”-ын Сантьяго Бернабеу цэнгэлдэхэд Германы “Баейрн Мюнхен”-тэй аваргын цом булаалдах боллоо.

Бичлэг үзэх…

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж