
Тавантолгойн ордод үндэсний компаниудынхаа оролцоог дэмжих нь зүйн хэрэг ч дэмжих нэрээр зүгээр л түлхээд оруулчих асуудал биш. Гадаадын компаниудад тавьж байгаа урьдчилгаа төлбөрийн нөхцлийг үндэсний компаниудаасаа шаардахгүй гэсэн нь Засгийн газраас үзүүлж болох бүх хөнгөлөлт. Харин компаниуд хамтарч нэгдэх, гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татах гэх мэт бүх шаардлага гадаадын компаниудтай адил түвшинд үйлчилнэ. Тиймээс энэ ажлыг зохион байгуулахын тулд Засгийн газар МҮХАҮТ, Уул уурхайн ассоциаци, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо гэх мэт холбогдох мэргэжлийн байгууллагуудад Монголын компаниудын оролцоог ямар хэлбэрээр байлгах, ямар зохион байгуулалтад оруулах зэрэг асуудлаар тус тусын саналаа боловсруулж оруулж ирэх үүргийг өгсөн ч одоогоор тодорхой санал санаачилга гараагүй байгаа аж. Ядахдаа Тавантолгойн орд дээр ажиллах компаниудад мэргэжлийн болон хөрөнгийн ямар шалгуур тавих нь одоо болтол тодорхой болоогүй байна. Харин Монголын толгой гэж үнэлэгддэг том компаниудаас Засгийн газар, төслийн ажлын хэсэгт албан ёсны санал ирүүлээгүй ч гадаад түншүүдээ хайгаад эхэлчихсэн сурагтай. Нэгэнт Засгийн газар, мэргэжлийн байгууллагуудаас үндэсний компаниудад ямар нэг шалгуурыг тодорхой болгоогүй учраас жижиг компаниуд ч гэсэн өрсөлдөөнд орохоор шийдэж, “Монгол 999” гэх мэтийн бүлэглэлийг байгуулаад өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлж байгаа нь энэ. Гэвч энэ нь цэвэр бизнесийн сонирхол мөн эсэхийг хэлэхэд эрт, дээр өгүүлсэн шалтгаанаас болоод.
Харин Засгийн газар болоод мэргэжлийн байгууллагуудын үүсгэсэн тодорхойгүй байдлын улмаас том, жижиг компаниудын хооронд хагарал үүсч, тэр нь арай байрнаасаа хөдлөх гэж байгаа Тавантолгойн төслийг гацаах вий гэдэг болгоомжлол төрж эхлэв. Хэрвээ Засгийн газар болоод дээр нэр хэлсэн мэргэжлийн байгууллагуудын зүгээс бодлогоо яаралтай боловсруулж, шалгуураа тодорхой болгохгүй бол дахиад хэдэн сарын дараа юун Тавантолгойн төсөл байтугай үндэсний хэдэн компаниуд маань том жижгээрээ талцаад, бие биенийхээ гэдсийг хүүлчихсэн байхад гайхах хэрэггүй л болов уу.
Б.ЗАЯА