Жоомоо алах гээд гэрээ шатаах уу…

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Жоомоо алах гээд гэрээ шатаах уу…

УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Сангийн сайд С.Баярцогт нарын хооронд ийм яриа боллоо.

-Амлалт нэхэх ард түмний холбооныхон хүүхдийн 20 мянгыг Хүний хөгжлийн сангийн мөнгөөс тусад нь олгох шаардлага тавьсан байна.

-Хэнд?

-УИХ-ын дарга тэр шаардлагыг нь УИХ-аар хэлэлцүүлэхээр өнөөдөр гишүүдэд тараалаа.

-Хэн хүлээж авсан юм?

-УИХ-ын ажлын хэсэг.

-Тэр чинь боломжгүй шүү дээ. Хоёр тусдаа мөнгө тараавал энэ төсөв чинь дампуураад инфляци нь гүйцэгдэхээ болино. Өнөөдөр гурван талт хэлэлцээрээр цалинг 30 хувь нэмэхээр болчихоод байна шүү дээ.

-Харин тийм.

Жоомоо алах гээд гэрээ шатаав гэж нэг үг бий. Байгаа олоогүй тэмцлийн л гай юм даа. Эх сурвалжийг нь их холоос хайж болох ч ингэвэл эзэн холбогдогч нь дэндүү олдож, хоор хоорондоо сүлжилдэн нөгөөх чөтгөрийн тойрог гээч нь болох тул өнгөрсөн долоо хоногт болсон нэг үйл явдлаас эхэлье. Амлалт нэхэх ард түмний хөдөлгөөнийхөн өлсгөлөнгөө зогсоож, энэ тухайгаа хэвлэлийн бага хурал зарласан. Зогсоосон шалтгаан нь УИХ-тай тохиролцоонд хүрсэн явдал гэнэ. Хачирхалтай нь тэд:

-Хүүхдийн мөнгийг 20 мянга болгож, эх орны хишгээс тусад нь олгох,

-2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгох,

-Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулан Үндсэн хууль болон Концессийн тухай хуульд нийцүүлэх,

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг УИХ яаралтай хэлэлцэж, УИХ-ын 40, 57 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах,

-Долдугаар сарын 1-ний үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөхөөр УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг олон нийтэд яаралтай мэдээлэх, таван хүний амь хохироосон хэргийн эзэн холбогдогчийг тогтоох ажлыг УЕП-т уламжлах зэрэг асуудлыг тавьжээ.  Анх тавьж байсан шаардлагаасаа огт өөр зүйлээр тохиролцоо хийсэн байгаа биз. Тэгээд энэ тохиролцоогоо хэрэгжүүлэх хугацаанд жагсаал цуглаан, өлсгөлөн зэргээр нөгөө талдаа шахалт үзүүлэхгүй байх, тохиролцсон асуудлаар олон нийтэд цэгцтэй мэдээлэл өгөх зорилгоор МҮОНТ-ээр хамтарсан нэвтрүүлэг зохион байгуулах үүргийг хоёр тал хүлээснээр өлсгөлөнгөө зогсоожээ. Өлсгөлөнг зохион байгуулсан АНАТХ-ны ерөнхий зохицуулагч Г.Уянга энэ тухайгаа “Бидний тэмцэл үр дүнд хүрлээ, УИХ энэ тохиролцоогоо хэрэгжүүлэхгүй бол дахиад ч өлсгөлөн зарлахад бэлэн” хэмээжээ. Өөрөөр хэлбэл тэд ялж, УИХ өлсгөлөн зарлагчдад буулт хийлээ. Тэгээд хэн хожсон бэ, тэдний нэрийг нь бариад жагссан ард түмэн хожсон уу?

  Үүнд хариулт авахын тулд АНАТХ-ны анхны шаардлага юу билээ гэдгийг эргэж санах гээд үзье. Эхний шаардлага МАХН-ын сонгуулиар амласан 1,5 сая төгрөгийг олгуулах. Шаардлагыг Засгийн газарт тавьсан. Уг нь энэ хүртэл дээрх 1,5 сая төгрөгийн амлалтыг хэн ч нэхэж шаардаагүйгээр барахгүй  эх орны хишиг нэрээр эхний ээлжинд энэ онд 120 мянган төгрөгийг иргэн бүрт бэлнээр олгох болсныг  олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжилж  байсан. Бэлэн мөнгө тараах нь иргэдийн амьжиргаанд нэмэр болохоосоо илүү нэрмээс болж, инфляцийг хөөргөдөн, өргөн хэргэлээний барааны үнийг өсгөнө гэснээс. Тэр нь сар шинийн өмнө өгсөн 70 мянгаар бүрэн баталгаажаад байсан зүйл. Гэсэн хэдий ч жагсаал эхэлснээс хойш хоёр өдрийн дараа Ерөнхий сайд, Тэргүүн Шадар сайд нар телевизээр мэдэгдэл хийж, 1,5 сая төгрөгийг Засгийн газар бүрэн эрхийн хугацаандаа бүрэн олгоно гэж  мэдэгдсэн. Мэдээж үүнийг өгөхийн тулд одоо хүлээгдэж байгаа Тавантолгойн орд газрыг эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчдаас урьдчилгаа татвар авахаар ярьж байгаа.

Гэтэл Засгийн газрын энэ байр суурь амлалт нэхэгчдэд бас л таалагдаагүйн улмаас тэд “Бэлэн мөнгө амлаж, хууль зөрчин сонгогдсон УИХ-ыг тараах, эх орны хишгийг тараах нэрээр газар шороогоо байгалийн баялагтай нь ломбардад тавьж байгаа Засгийн газрыг огцруулах” шаардлагыг УИХ-д тавиад жагсаалаа өлсгөлөн болгон үргэлжлүүллээ. Өлсгөлөн зарлаад 12 хоносны дараа өлсөгчдийн бие муудаж эхлэхэд Нийслэлийн эрүүл мэндийн газраас тэднийг албадан эмчилгээнд оруулж, харин тэдэнтэй хэлэлцээр хийхээр УИХ-аас томилогдсон ажлын хэсэг шаардлагыг нь хүлээж авсан. Ингээд энэ үйл явдал өнгөрсөн пүрэв гаригт дууссан. Сонирхолтой нь УИХ-ын ажлын хэсэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ө.Энхтүвшин, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Р.Раш гишүүн гээд хэзээ ч төсөв энэ тэр бодож толгой өвтгөж, биеэ зовоож үзээгүй, хуваарилсан мөнгийг тараачихаад санаа амар сууж байдаг нөхөд оролцсон байна лээ. Тэгээд УИХ-ын даргын үүрэгдэж буйгаар бол өлсөгчдөөс хүлээж авсан шаардлагаа УИХ-аар хэлэлцүүлэн Засгийн газарт үүрэг өгч, дахиад баахан шахалт үзүүлэх юм байна л даа. “ Өг, өгч чадахгүй бол огцор. Тэгээд л гүйцээ.”  Хариуцлагыг нь Засгийн газар үүрэх учраас сайн муу ямар үр дүн гарах нь огтын сонин биш. “Би үхэхээр чи үх” гэдэг болж байгаа нь энэ. Яаж энэ Засгийн газрыг тараагаад сайдын суудал зулгаачих вэ гэж толгой өвдөн нойргүй хонож, нам дотроо хичнээн ч сэвээд чадахгүй байсан нөхдөд өлсөгчдийн шаардлага бэлэн сайхан шалтаг юм биз дээ. Үүнийг “хүний гараар могой барих” гэдэг байхаа.

  Английн Ерөнхий сайд асан Маргарет Тетчэрийг эх орон нэгтнүүд нь “төмөр хатагтай” хэмээн нэрлэдэг. Тэр өмнөх Ерөнхий сайдын авч хэрэгжүүлж байсан нийгмийн халамжийн үр ашиггүй олон зардлуудыг хумьж, улсынхаа эдийн засгийг сэргээсний төлөө энэ нэрийг зүүсэн. Түүний энэ бодлогыг эсэргүүцсэн англичууд өчнөөн олон удаа өлсгөлөн зарлаж, үүний улмаас 10 гаруй хүн амиа алдсан ч “төмөр хатагтай” үүнийг үл хайхран өөрийн бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд эдийн засгаа тогтворжуулж чадсан гэдэг. Харин манайд бол өөр. Энд нэг хүн жагсаал хийхээр ийшээ дагаж намираад, тэнд нэг хүн өлсгөлөн зарлуут тийшээ налж унаад л. Ямар гэм хийсэндээ ингэж ам нээсэн болгонд хошуу дэвсэж, “шал арчиж” явдаг юм, бүү мэд. Үүнээс гарах сөрөг үр дагавар, ард түмний амьдрал унаж тусах, улс орны эдийн засаг сүйрэх буурах зэрэг улстөрчдөд огтоос падгүй бололтой.

Эхний удаа хүүхэд, ахмадуудад 70 мянгыг бэлнээр тараахад өргөн хэрэглээний барааны үнэ өдөртөө амжаад 10 хувиар өссөн. Сая “насанд хүрэгчдийн” 70 мянгыг олгож эхэлснээс хойш 20 хувиар өслөө. Хүүхдийн 20 мянгыг өгөх тухай УИХ дээр яригдаж эхлэнгүүт МАХН-ын бүлгийнхэн “Хүүхдийн мөнгө чинь Ардчилсан намын амлалт шүү дээ. Тэгвэл бид шинээр гэрлэгсдийн 500 мянгаа өгнө” гэж ярьж байна. Ёстой нөгөө чөтгөрийн тойрог бус уу. Хамгийн аюултай нь энэ бүхний эцэст  УИХ ч, Засгийн газар ч хохирохгүй. УИХ үүрэг өгсөн дүртэй, Засгийн газар түүнийг нь хэрэгжүүлсэн нэртэй “Нэхсэн болгоныг чинь өгсөөн” гээд хуруугаа гозойлгоод сууж байна. Харин үүнээс үүдэх үр дагавар нь жирийн иргэд бидний нуруун дээр бууж, хэлье хэлэх үггүй, явья явах газаргүй болсон байх биз. Өлсөгчидтэй зэрэгцээд Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо багш, эмч, төрийн албан хаагчдыг ажил хаялтад уриалж байгаад цалинг 30 хувь нэмүүлэхээр бас Засгийн газартай хэлэлцээр хийгээдэхлээ. Зүв зүгээр гэртээ ангайгаад сууж байгаа нөхөрт 70 мянган төгрөг тараахаар муу ч сайн ч хөдөлж байгаагийн хувьд багш, эмч нар цалингаа нэмүүлэхийг шаардах нь зүйн хэрэг. Харин шаардсаных нь хэрээр өгөөд байх нь зөв үү. Уг нь Үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын холбоо, Засгийн газрын гурван талт хэлэлцээрээр шийдвэрлэсэн гэж байгаа. Гэхдээ тэр хэлэлцээрийг оны өмнө төсөв батлахдаа хийгээд “Ирэх онд ийм тийм шалтгааны улмаас багшийн цалинг тэд, эмч нарын цалинг тэдэн хувиар нэмнэ ” гэж ярих ёстой болохоос биш хэн нэг нь өлсөнгүүт барьцаад, араас нь хөөцөлдөж хийдэг ажил биш. Харин төсөв хэлэлцэх үед үйлдвэрчний эвлэл хаана “унтаж” байсныг хэн мэдэх вэ. Асуудал хэрвээ ингэж л явах юм бол жилийн жилд Засгийн газар, Сангийн яам салбаруудын төсвийг зохиох гэж толгой өвтгөж, УИХ-аар батлуулах гэж бүтэн сар хэрэлдээд яах юм. Улс төрийн нам болж тоглоод, сонгуульд явуулаад, парламент, Засгийн газар гэж байгаад, төсөв, үндсэн чиглэл ярьж толгойгоо эргүүлээд ч яах вэ. Түүний оронд өлсөгчдийг  тэр ордондоо суулгачихсан нь дээр. Тэгээд  өлсөхөөр нь мөнгө өгч, өрвөлзөөд байвал нь айлгачихаад сууж байх нь өнөө цагийн улс төрийн “том бодлого” юм биш үү.

Б.СЭМҮҮН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж