Тайландын цэргүүд нэгнийгээ хөнөөжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Тайландын цэргүүд нэгнийгээ хөнөөжээ

Тайландын босогчдын тэмцэл үргэлжилсээр өнөөдөр дахин буудалцаанд хүрчээ. Олон зуун босогчид Бангкокийн гадагш гардаг замууд дээр мөргөлдөөн үүсгэсэн байна. Мэдээллийн эх сурвалжуудын хэлж байгаагаар бол тусгай албаныхны буун суманд цэргийн нэг албан хаагч оногдон амь эрсэдсэн байна. Мөн хамгийн багадаа арван хүн шархаджээ.

Өнөө өглөө босогчид Бангкокийн төв гудамжинд бариад байгаа хаалт бүхий лагериасаа гарч 50 км орчим газар тээврийн хэрэгсэл бүхий цуваа болон жагсахыг оролдсон байна. Босогчид одоогоор Бангкок хотын зах зээлийн гудамжнаас бизнесийн төвлөрөл бүхий гудамж руу орох зүүн талын замыг эзлэн авсан байна. Мянга гаран босогчид задгай ачааны машин болон мотоциклийн цуваа болон зогсолтгүй урагшилж цэргүүдийн хамгаалалтыг сэтлэн хотоос гарахыг оролдсон ч хамгаалалтын албаны цэргүүд хотын захын дүүргүүдэд хяналтын цэг байгуулж ойртон ирэгсдэд анхааруулан агаар луу буудаж байсан байна.

Босогчдын толгойлогчдын нэгэн болох Приапанна хэлэхдээ өнөөдрийн жагсаал нь тэднийг дэмжиж байгаа орон нутгийн иргэдэд талархлаа илэрхийлэх зорилготой байсны дээр хотын гаднах бэхлэлтдээ очих зорилго агуулж байсан гэнэ. Гэвч тусгай хүчнийхэн зарим жагсагчдыг баривчлан тэдний хөдөлгөөнд саад хийсэн байна. Өнөөдрийн байдлаар зургаан долоо хоног үргэлжилж байгаа босогчдын тэмцэл Тайландын нийслэлийн олон зочид буудал зах болон дэлгүүрүүдийн орлогыг бүрмөсөн хаажээ. Энэ сарын 10-наас эхлэн Тайландын Засгийн газар босогдчыг нийслэлээс гаргахаар оролдож эхэлснээс хойш ширүүн мөргөлдөөн үймээний уршгаар 25 хүн алагдаж олон зуун шархдаад байгаа юм. Босогчид засгийн газрыг огцрохыг мөн дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа ч одоогийн Ерөнхий сайд энэ нь асуудлыг зогсоох шийдэл биш хэмээн үзэж байгаа юм байна. Мөргөлдөөн цаашид ч улам хурц хэлбэртэй үргэлжлэх шинжтэй байгаа ажээ.

М.Наст

Эх сурвалж  АР

Бичлэг үзэх…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж