Харилцааны технологиор дамжуулан гамшгаас сэргийлнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Харилцааны технологиор дамжуулан гамшгаас сэргийлнэ

Харилцаа холбоо тааруухан хөгжсөн Монгол шиг оронд байгалийн гамшиг тулгарсан үед түүнээс урьдчилан сэргийлэх, иргэдийг сэрэмжлүүлэх боломж бараг байхгүйтэй ижил. Харин гадаадын орнуудад харилцааны технологийг өргөн хөгжүүлснээр учирч болзошгүй байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлж чадаж байна.

Үүнийг ч “Глоб интернэшнл” төрийн бус байгууллагын бизнес мэдээллийн “Интерньюс-Европ” агентлагтай хамтран хийж буй олон улсын бага хурлын үеэр нотлож байсан юм. “Монгол Улс, Төв Азийн орон нутгийн бизнес, зах зээлийн хөгжилд мэдээлэл, харилцаа холбооны гүйцэтгэх үүрэг” сэдвийн дор болж буй энэхүү бага хуралд оролцсон Франц, Киргиз, ОХУ, ОХУ-ын Халимаг зэрэг орны төлөөлөгчид өөрсдийн туршлагаас хуваалцаж байна. Технологи хөгжсөн Япон, Франц зэрэг оронд мэдээлэл харилцааны технологийг ашиглан төөрсөн хүнийг ч олох боломжтой болжээ. Нөгөөтэйгүүр машинд суурилуулсан телевиз л гэхэд 200 км/цаг хурдтай явсан ч дуу дүрсний өндөр түвшинд хүрсэн нягтралаар телевизүүдийн хөтөлбөрийг хүлээн авах боломжтой болжээ.

Нөгөөтэйгүүр харилцааны технологийг хөгжүүлсэнээр бизнесийн орчинд цоо шинэ боломж бий болох юм. Жишээлэхэд, харилцааны технологийг бүрэн нэвтрүүлж чадвал малчид малын түүхий эдийнхээ үнийг бодитоор хүлээн авахаас эхлээд цаг уурын мэдээлэл авах төдийгүй бизнес хийх ч боломж бүрдэх аж. Тиймээс ч энэхүү олон улсын бага хурал хэд хэдэн асуудалд голлон анхаарч байна.

Хамгийн түрүүнд барьж буй чиглэл нь орон нутгийн бизнесийн хөгжилд мэдээлэл харилцаа, холбооны гүйцэтгэж буй талаар мэдээлэл солилцохоос гадна гадаадын орнуудтай хамтран ажиллах боломжийг судалж холбоо тогтооход оршиж байна гэж хэлж болно. Ингэснээр зардал хэмнэхээс гадна хамгийн сүүлийн үеийн боломжит хувирбарыг хэрэгжүүлэх боломжтой болно гэж тооцож буй юм.

Энэ удаагийн олон улсын бага хурлын давуу тал нь орон нутагт жижиг дунд бизнес эрхлэгчид, малчдын бүлэг, бизнесийн мэдээллийн үйлчилгээ эрхлэгчид оролцож байгаа нь тэднийг асуудлыг хамтдаа шийдвэрлэх боломжийг олголоо.  Хэрэв энэ ажил өргөн хүрээг хамарч төр засгийн дэмжлэгийг авбал төвлөрлийг саармагжуулах, орон нутгийг эзэнтэй болгох ажилд ахиц гараад зогсохгүй хүн амын амьжиргаа дээшлэхэд ч чухал ач тустай гэдгийг хуралд оролцсон гадаадын төлөөлөгчид хэлж байлаа.
 
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж