
Н.Багабанди “Алсыг харагч”-аас байгаа хэдийнэ онилжээ. Тиймээс Төрийн ордонд эргэн морилж, төрийн томчуудын тоглоомын дүрмийг зохиолцох болов. Стратегийн орд газруудад эзэн суух гэсэн улстөрчдийн “Суудал булаалдах” тэмцэлдээний талбарт нэг л суудал халдашгүй дархлаастай. Мэдээж, тэр бол Н.Багабандийн эзэгнэх орон зай. Өндрөөс өндөр “Алсыг харагч”-аас буух ийм хүчтэй аж. Н.Багабанди ба Оюутолгой. Олон хүний эрх ашгийн “нүд” хэрсэн өмнийн говь дахь томоохон орд газрыг экс Ерөнхийлөгч хөзрийн тамга адил гартаа атгав. Яагаад болохгүй гэж. Тэрбээр Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө өмсч байсан түмэн наст хээтэй шар торгон дээлээ Үндэсний түүхийн музейд хүлээлгэн өгснөөс биш өөрөө дурьдатгалаа ч бичээгүй кандидат. Дурьдатгалаа бичээгүй байна гэдэг Н.Багабандийн хувьд улстөрчийн амьдралдаа цэг тавиагүй гэсэн үг.
Гэвч Н.Багабанди болон түүний экипажийнхнаар сонин юутай бол. “Дайны талбар дахь хамгийн сайн танк бол хамгийн сайн экипажтай танк” гэдэг үгийг экс Ерөнхийлөгч эрхэмлэн санаж явдаг. МАХН-ын XXV их хурлын үеэр С.Баярыг намын дарга болоход чухал нөлөө үзүүлсэн тэрбээр 90 жилийн түүхтэй намынхаа хувь заяаг С.Батболд тэргүүтэй 1960-аад оныхонд даатгахад бас л нөлөөлсөн эрхэм. Н.Багабанди бол зөнч улстөрч. Тэрбээр 2004 оны өвөл УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2005 оны улсын төсвийг хэлэлцэх үед ийм утгатай үг хэлсэн байдаг. “Сонгуулийн амлалтыг эрх баригчид л мартахаас ард түмэн хэзээ ч мартдаггүй. Ард түмнийг заримдаа хуурч дөнгөдөг ч худалдан авч болдоггүй. Амлалтуудаа хэрэгжүүлэх төсөв, үндсэн чиглэл батлахгүй бол сонгогчид нүүрийг чинь улалзуулж, нүдийг чинь бүлтэлзүүлэн нэхэмжлэх нь гарцаагүй. Ард түмний ой тоонд шингэтэл сурталдсан тоон амлалтыг тэд өөрсдийнхөө нас шиг тод санан хүлээж суугаа гэдгийг дахин нэг анхааруулах нь миний үүрэг, шаардах нь сонгогчдын эрх. Амлалтуудыг хэрэгжүүлэхдээ санхүү, эдийн засгийн бодит боломжоо түшиглэх нь зүй ёсны хэрэг ч ард түмний хэлдэгчлэн “Ам алдвал барьж болдоггүй ээ”. Амлалтаа хэрэгжүүлэх нь та бүхний хэнтэй ч хуваалцашгүй үүрэг” гэж. Үнэхээр ч түүнийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлнө” гэх мессеж цацагдахаас өмнөхөн ард түмний төлөөлөл улстөрчдөөс амлалт нэхэн сандаргасан. Энэ бол зургаан жилийн өмнө Н.Багабандийн зүгээс улстөрчдөд сануулж, бас захиж хэлсэн үгний бодит биелэл байв.
“Бурхны бүтээлд ч бяцхан засвар хэрэгтэй байдаг” гэдэг. Учир иймээс Н.Багабандийг хувь хүн талаас нь харцгаая. Түүнд хувь хүний үнэлэмж, үнэ цэнэ, гэр бүл, хамгийн гол нь ирээдүй бий. Тиймээс түүнд ч гэсэн мөнгө хэрэгтэй. Стратегийн орд газруудад титэм үзлээ нэвтрүүлэх амбиц нь ч байж, суухын аргагүй болгож байгаа. Экс Ерөнхийлөгч энэ тухайгаа Төрийн тэргүүний албаа өгөхөөс өмнө улстөрчдөд дуулгаж амжсан. “Оюутолгой, Тавантолгой дээр талцаж, цаг алдаж болохгүй шүү” хэмээн сануулсан ч удаатай. Тэр үгийг эргэн саная. “Гадаадын хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт татаж, хамтарсан аж ахуйн нэгж байгуулан үр ашигтай ажиллуулахын төлөө ухаан зарж, идэвхийлэн ажиллах шаардлагатай байна. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт тус салбарт нэмэгдэж байгаа ч бусад салбарт, ялангуяа боловсруулах чиглэлээр дорвитой өсөхгүй, цаг алдаж байгаа” гэж. Төрийн тэргүүний албаа төд удалгүй шилжүүлэхийнхээ өмнө хамгаас чанга хэлсэн үг нь энэ байв. Тиймээс амлалт нэхэгчид эрхэм гишүүдэд нэхэл хатуутай шаардлага тавихтай зэрэгцэн тэрбээр хэлсэн үгнийхээ хариуг авахаар иржээ. Сонирхолтой нь түүний экипажийн нэр “Н.Багабанди ба хамтарсан Засгийн газар”. Гүйцэтгэх засаглалын бодлого тодорхойлогчид өмнийн говь дахь баялгийн орд руу төрийн нэрийн өмнөөс түүнийг илгээхээр болжээ. Тэгэхээр Н.Багабанди хэмээх Монголын экс Ерөнхийлөгчийн хувиар энэ эрхэм гадаадын хөрөнгө оруулагчидтай нүүр тулж таарна. Болохгүй нь ч юу байх вэ. Нударга биш, зангараг мэдрүүлэх бодлого эл үйл явцаас мэдрэгдэж байна. Экс Ерөнхийлөгч “Бузар аргаар олсон булга нөмөрч явснаас ариун хөлсөөрөө олсон адсага нөмөрсөн нь дээр” хэмээх үзлээ “Титэм үг”-ээр тунхагласан. Энэ үг түүний зүгээс ард түмэнд өгсөн ёс суртахууны шинж чанартай маш том амлалт. “Хийгүй Ерөнхийлөгч” хэмээгддэгийнх нь бодит шалгуур Оюутолгойд хийх тоглолтууд нь байх юм. Үг хэлэхдээ хийгүй байдаг ч үйлдэл гаргахдаа хийгүй байх эсэхийг нь ард түмэн үүгээр сорино. “Өөрсдийн цаг хугацааг нэр төртэй эзэгнэе”. Н.Багабандийн улс төрийн философийн удаахь зарчим нь ийм билээ.