Ялалтын баярт хэн ирэхгүй вэ?

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

Ялалтын баярт хэн ирэхгүй вэ?

АНУ, Украин, Беларусь, Их Британи зэрэг орны тэргүүн нар Москвад ялалтын баяраар ирэхгүй гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн ажлын албаны дарга Владимир Кожин РИА Новости агентлагт мэдээлжээ. Түүний хэлснээр, Виктор Янукович болон  Александр Лукашенко хоёр улс орондоо энэ өдөр ялалтын баярын томоохон арга хэмжээ зохион байгуулж байгаа учраас тэндээ үлдэх гэнэ. Медведев үүнд нь ихээхэн ойлгомжтойгоор хандаж байгаа аж. Тусгаар тогтносон орнуудын холбооны гишүүн орнуудын бусад лидер нь Москвад тавдугаар сарын 8-нд хүрэлцэн ирцгээх бололтой. Энэ өдөр ТТОХ-ны албан бус саммиттай.
Их Британийн ерөнхий сайд Гордон Браун парламентын сонгуультай холбогдуулан энэ баярт оролцож чадахгүй. Харин Барак Обама яагаад ирэхгүй талаар Кожин тайлбар хийсэнгүй. Тэмдэглэхэд, ялалтын 60 жилийн ойгоор бага Жорж Буш Москвад ирж байлаа.
Өмнө нь мэдээлснээр, Дмитрий Медведев аугаа эх орны дайн дууссаны 65 жилийн ойгоор дэлхийн лидерүүдэд тусгайлан урилга явуулахгүй гэж  хэлж байв. Урьд нь Оросын ерөнхийлөгч дэлхийн лидерүүдэд албан ёсны урилга явуулж байжээ. Харин энэ жилийн хувьд лидерүүд баярт очих эсэхээ өөрсдөө шийднэ.
Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Николя Саркози, Европын зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн дарга Торбьерн Ягланд ба Итали, Израиль, Грек, Хятад, Вьетнам, Болгар, Македони, Латви, Эстони, Чех зэрэг орны лидерүүд ирнэ гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж