МАХН-ын бүлэг завсарлага авлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

МАХН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн шинэчлэлийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх байсан ч УИХ дахь МАХН-ын бүлгээс завсарлага хүссэнээр эл асуудлыг хойшлууллаа.
Бүлгийн дарга Д.Лүндээжанцаны тайлбарласнаар МАХН-ын бүлэг өнгөрсөн даваа гаригт хуралдсан бүлгийн хуралдаанаар Шүүхийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэж амжаагүй.Тэрбээр энэхүү хуулийн төслийг гар дээрээ даваа гаригт авсан. Шүүхийн шинэчлэлийн тухай хуультай холбоотойгоор дагавар хуулиудад бас өөрчлөлт оруулах шаардлагатай бий.  Тиймээс асуудлыг цогцоор авч үзье гэсэн байр суурьтай байна. Энэ бол дан ганц миний санал биш, манай бүлгийнхний санал. Шүүгчийн эрх зүйн байдал, Шүүхийн ерөнхий зөвлөл гээд иж бүрэн хууль гаргах ёстой. УИХ дахь Ардчилсан намын бүлэг энэхүү хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээд ажлын хэсэг байгуулсан байсан. Манай бүлгээс ч мөн ажлын хэсэг байгуулагдаж таарна. Хоёр талаасаа ярилцаад, асуудлыг ул суурьтай нухацтай хэлэлцэх шаардлага гарна. Нөгөөтэйгүүр, энэхүү хуулийн төслийг хэлэлцэж эхлэхтэй холбоотойгоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал ч хөндөгдөж магадгүй байгаа” гэв. Энэхүү завсарлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд эсэргүүцэж, ядаж асуудлаа хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсний дараа завсарлага авч болдоггүй юм уу гэсэн юм. Харин Д.Лүндээжанцан дарга “Одоо бид энэхүү хуулийн төслийг дөнгөж судалж эхэлж байна. Дотор нь юу байгааг мэдэхгүй байж, хэлэлцэх эсэхийг дэмжинэ гэдэг боломжгүй зүйл” гэсэн хариулт өгснөөр байнгын хорооны хурал өндөрлөлөө.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж