“Бавари” аваргын төлөөх эрхээ авлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.28-нд нийтлэгдсэн

“Бавари” аваргын төлөөх эрхээ авлаа

Ивица Оличийн хет-трикийн ачаар “Баейрн Мюнхен” “Олимпик Лион”-ыг төвөггүй буулган авч, ирэх сарын 22-нд болох UEFA-гийн Аваргуудын лигийн шигшээд өрсөлдөх эрхээ авлаа. Өнгөрсөн долоо хоногт болсон эхний тоглолтод "Лион”-ыг талбай дээрээ 1:0-ээр хожсон германчууд өнгөрсөн шөнийн тоглолтод хаалгандаа гоол алдаагүй бөгөөд хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 4:0 харьцаатай ялалт байгуулжээ. Тэд ирэх сард “Реал Мадрид” клубын үндсэн талбай болох “Сантьяго Бернабеу” цэнгэлдэхэд “Интер Милан”, “Барселона” нарын ялагчтай тоглоно.
Лион хотноо зочилсон “Бавари”-ийн довтлогч Олич тоглолтын 26 дахь минутад өрөлдөгчийхөө хаалгыг мялааснаар тэд тоглолтыг хошуучилж эхэлжээ. Ингэснээр “Лион” хожихийн тулд наанадаж гурван гоол оруулах шаардлагатай болсон ч багийн ахлагч Крис хоёр шар картаар торгуулж, талбайг орхисон нь хүнд цохилт болсон юм. Нэг хүний дутуу ч чамлахааргүй тоглолт гаргаж байсан “Лион” 67 дахь минутад хаалгандаа дахин гоол алдсанаар тэдний хүсэл мөрөөдөл үндсэндээ үгүй болсон гэж болно. Турк хөлбөмбөгч Хамит Алтынтопын мэдрэмжтэй хаясан дамжуулалтыг Олич чадварлагаар хаалганд оруулсан юм. Гоолоос хойш 10 минутын дараа Олич Филипп Ламмын хөндлөн дамжуулалтыг мөргөн оруулж, хет-трикийн эзэн болжээ. Ийнхүү “Баейрн Мюнхен” 2001 оноос хойш анх удаагаа Аваргуудын лигийн шигшээд өрсөлдөх эрхтэй болсон юм. Харин энэ үдэш Ноу Кэмп цэнгэлдэхэд “Барселона” болон “Интер Милан” нарын тоглолт болж, аваргын төлөө өрсөлдөх өрсөлдөгч нь тодрох юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж