Энэтхэг хятадаас илүү гэдгээ Давост нотолно

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Энэтхэг хятадаас илүү гэдгээ Давост нотолно

Өвлийн дүн хүйтэнд эхэлж байгаа ч Давосын чуулга уулзалт халуухан маргаан, мэтгэлцээн дунд өрнөх бололтой. Санхүү, эдийн засгийн хямрал дэлхийг хамарч байсан нь саяхан. Харин одоо бүс нутгийн шинжтэй болсон. Үүнээс шалтгаалан олон улсын хүчний харьцаа баруунаас зүүн, хойноос урагшаа шилжиж байна. Швейцарийн Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг зохион байгуулагчид “Шинэ бодит байдал”-ын тухай онцолж ярих болсон. Тэгвэл өчигдөр эхэлсэн Давосын чуулганы үеэр ярих гол сэдвүүдийг тэрхүү “Шинэ бодит байдал” нь тодорхойлж байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Дмит­рий Медведев Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг нээхээр Швейцарьт өчигдөр хүрэлцэн ирсэн юм. Москвад болсон халдлагын улмаас түүний аялал цуцлагдах шахсан гэхэд болно. Тиймээс ажиг­лагчдын үзэж байгаагаар оросуудын хувьд Давосын чуулганы үеэр тер­роризмтой тэмцэх асуудлаар то­дорхой санал цухуйлгаж ма­гадгүй хэмээн таамаглаж байна. Барууны орнуудын зүгээс Оросын тэрбумтан Михайл Ходорковскийн хэргийг хамгийн их сонирхож бай­гаа. Харин Москвад болсон террорист халдлагын дуулианд энэ хэрэг дарагдаж магадгүй хэмээн “BBC” агентлаг онцолжээ.

Давосын чуулганд оролцохоор Энэтхэгээс 135 төлөөлөгч Швейцарьт ирлээ. Тэдний хувьд дэлхий дахинд ганцхан зүйлийг ойлгуулахыг хи­чээж байна. Тэр нь Энэтхэгийн эдийн засгийн сэргэлт Хятадынхаас тэс өөр зарчмаар явагдсан тухай юм. Тус улсын Үйлдвэрийн эвслийн ерөнхийлөгч Жубилант Бхартия энэ талаар онцлон мэдэгджээ. Энэтхэгт шинээр бий болж буй ажлын байр нь үнэ цэнийн хувьд АНУ-ынхаас хоёр дахин их. Хятад гадаад зах зээл дэх эрэлтэд түшиглэн хөгжиж байгаа. Гэтэл Энэтхэгийн эдийн засаг дотоод эрэлттэйгээ холбогдож байна. АНУ-ын хувьд худалдааны нийт алдагдлынх нь 43 хувь Хятадаас хамааралтай байгаа. Харин Энэтхэгтэй хийсэн худалдааны алдагдал нь ердөө нэг хувьтай тэнцэж байна. Тийм учраас тэд “Бид Хятадаас илүү” гэх мессеж өгөхийг зорьж байна хэмээн ажиглагчид дүгнэлээ.

Дэлхийн хүчний тэнцвэрийг өөр рүүгээ татаж буй Хятадын хувьд энэ удаагийн чуулга уулзалтад урьд өмнөхөөс хавьгүй олон буюу 125 төлөөлөгч илгээжээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс тус улсын хууль, эрх зүйн орчны шинэчлэл, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн төлөв байдал зэргийг хамгийн их сонирхож байна. Хятадын төлөөлөгчид ч дээрх сэдвээр илтгэл тавих аж. Тэр дундаа эдийн засаг дахь улс төрийн бодлого, АНУ, Энэтхэг болон Азийн орнуудтай эдийн засгийн салбар дахь  харилцаагаа хэрхэн хөгжүүлэх талаар ярих аж. Энэ нь Давосын чуулга уулзалтын үеэр хамгийн ширүүн маргаан өрнүүлэх сэдэв байх бололтой. Ямартай ч түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсч, хөгжингүй орнуудад ажилгүйдлийн түвшин өндөр байгаа гэсэн сэдвээр Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт эхэлжээ. Тус уулзалтад дэлхийн олон орноос 2500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байна.

Хөгжиж буй орнуудын зах зээл тэлж байгаа. Гэхдээ энэ нь гадаад эрэлтээс хамааралтай байгаа нь барууны хөгжингүй орнуудыг хүнд байдалд оруулж байна. Дэлхийн банкны судалгаагаар өнгөрсөн онд дэлхийн эдийн засаг 3.9 хувийн өсөлттэй гарсан. Энэ нь олон ажлын байр шинээр бий болгохуйц хангалттай өсөлт биш гэдгийг эдийн засагчид нотолж байгаа. Тийм ч учраас эл асуудал Давосын чуулга уулзалтын үеэр хөндөгдөх нь дамжиггүй юм. Түүнээс гадна барууны орнуудын гадаад өрийн хямрал, банкны салбарын тогтворгүй байдлын тухай яригдана. Санхүүгийн хямралын үед АНУ, Их Британийн Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр банкуудыг хүнд байдлаас нь гаргаж байсан. Энэ нь олон нийтийн зүгээс одоог хүртэл шүүмжлэл дагуулсаар байна.

Түүнээс гадна анхаарал татаж буй өөр нэг асуудал нь Хятад, Энэтхэг зэрэг орнуудад үүсээд буй инфляци юм. Тэдгээр улсад Японы үл хөдлөх хөрөнгийн зах зээлд 1990-ээд онд үүссэн хямрал шиг нөхцөл байдал давтагдаж магадгүй гэх таамгийг ажиглагчид өгчээ. Дэлхийн эдийн засгийг бараг гартаа атгаж байгаа гэхэд буруудахгүй энэ том зах зээлүүд нурчихвал юу болохыг төсөөлөхөд ч бэрх юм. Түүнчлэн дижитал, тоон системд тулгуурласан технологийн хөгжил олон улсын харилцаанд нөлөөлж байгаа тухай авч үзэх аж. Өнөөдөр дэлхийн дахинд интернэт дангаараа хувьсгал хийх хүч болж байна. “Wikileaks”-ийн дэлгэсэн дуулианаас болж Жулиан Ассанжийг Давосын чуулганд оролцохыг урьсан нь бий. Түүнээс гадна Грек, Иран, Тунист интернэтийн нөлөөгөөр олон хүнийг жагсаал, цуглаанд уриалан дуудаж байгаа тухай олон улсын хэвлэлүүд шуугих болсон.

Товчхондоо төр засгийн тэргүүн нар болон бизнесийн хүрээнийхэн дэлхий дахины өмнө тулгамдаж буй бүх асуудлыг дөрөвхөн өдөрт шийдвэрлэхийг зорьж байна. Давосын эдийн засгийн чуулга уулзалт ирэх ням гараг хүртэл үргэлжлэх юм.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж