Куба элсэн чихрийн эх орон байхаа болив

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Куба элсэн чихрийн эх орон байхаа болив


Дэлхий нийт Кубыг элсэн чихрийн эх орон гэж хүлээн зөвшөөрч, төсөөлж ирсэн билээ. Гэтэл энэ байдал өөрчлөгдөх болоод байна. Саяхан Куба улсын Чихрийн үйлдвэрийн яамыг татан буулгах шийдвэр гарсан нь хүмүүсийг  төдий л гайхашруулсангүй. Элсэн чихрийн эх орон болсон Куба орон Колумби, Бразил улсаас элсэн чихэр импортоор аваад удаж байгаа ажээ.

Кубын чихрийн үйлдвэрүүд нь урт удаан хугацааны турш тус орны эдийн засгийн тулгын чулуу болж байсан боловч эдүгээ устаж, алга болох замдаа орсон байна. Тиймээс ч сүүлийн жилүүдэд гадаадаас элсэн чихэр авахад хүрчээ. Түүгээр ч барахгүй хуваарилалтаар /картаар/ нэг иргэнд сард 5 либра буюу 460 гр олгодог байсныг 4 либра болтол бууруулжээ.

2009 оны чихрийн нишингэ /3 м хүртэл ургадаг хулсархуу бутлаг ургамал/ хураах ажил арванхоёрдугаар сард эхэлж, одоогийн байдлаар нэг сая орчим тонн элсэн чихэр үйлдвэрлэх төлөвтэй байгаа аж. Энэ нь Кубыг Испанийн колони орон байсан 1892 оны үед үйлдвэрлэн гаргаж байсан элсэн чихрийн хэмжээнд хүртэл буурсан үзүүлэлт юм. 1970-аад оны үед Куба улс нэг жилд 10 сая тонн элсэн чихэр үйлдвэрлэж байсан билээ. Элсэн чихэр үйлдвэрлэж байсан 150 үйлдвэрээс одоо дөнгөж 44 үйлдвэр ажиллаж байгаа юм. Нэг га-гаас авах нишингийн ургац Кубын хэвлэл мэдээллийн эх сурвалжаар 27 тонн-оос хэтрэхгүй хэмжээнд хүртэл буурчээ. Энэ нь 1 га-гаас хураан авсан нишингээр 3 тонн хүрэхгүй элсэн чихэр үйлдвэрлэнэ гэсэн үг. Дэлхийн хүнсний байгууллагын мэдээлснээр 2003-2007 онд чихрийн нишингэ тарьдаг улс орнуудын 1 га-гаас хураан авсан нишингийн дундаж үзүүлэлт 67 тонн болж байгаа юм.

Кубын эрх баригчид чихрийн үйлдвэрүүдийг сэргээн босгоход гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих бодлого баримталж байгаа боловч дэд бүтэц хөгжөөгүй, тээвэрлэлтийн асуудал шийдэгдээгүй, элсэн чихрийг гадаадад ачин явуулах далайн усан буудлуудын тоног төхөөрөмж хуучирч шаардлага хангахгүй болсон зэрэг шалтгаанаас улбаалан зориглон орж чадахгүй байгаа ажээ. Нөгөө талаар  элсэн чихрийн үйлдвэрүүдийн нөхцөл байдал доройтож, элэгдэлд ихээхэн орсон ажээ. Албан ёсны тоо баримтаар 2003-2008 оны хооронд нэг га-гаас дунджаар 33 тонн нишингийн хулс хураан авч ирсэн байна. Нишингийн тариалангийн талбайнуудад  арчилгаа, тордолт бага хийснээс үржил шимгүй болж, хөрсний давс хужрын хэмжээ ихээхэн нэмэгдсэн байна. 2009 онд Кубын элсэн чихрийн үйлдвэрийн яамны мэдээлснээр нишингийн бүх тариалангийн талбайн 70 хувь үржил шимгүй болжээ.

Нөгөө талаар санхүүгийн байдал ихээхэн хүндрэлтэй байгаа тул гадаадын хөрөнгө оруулалт хийж чадахгүй байгаа юм. Чихрийн үйлдвэрүүд уналтад орж, гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөө эргүүлэн авах баталгаа багассан тул Кубад зориглож хөрөнгө оруулалт хийх, тэр тусмаа элсэн чихрийн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулахыг хүсэх гадаадынхан гарахгүй байгаа юм. Хэрэв эдийн засаг, нийгмийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаар дорвитой арга хэмжээ авч эхэлсэн бол байдал өөр байх байжээ.

Чихрийн нишингээс зөвхөн элсэн чихэр ялгаруулан гаргаж авдаг гэвэл өрөөсгөл ойлголт болно. Нишингээс эдийн засагт өндөр ашигтай, байгаль орчинд хоргүй хоёрдогч бүтээгдэхүүнүүд тухайлбал, этанол, сүрлийг нь боловсруулан төрөл бүрийн цаас үйлдвэрлэдэг. Дэлхийд нэрд гарсан рум архийг нишингийн дайвар бүтээгдэхүүнийг ашиглан гаргаж авдаг билээ.

Куба улсад нэгэн үе элсэн чихэр байхгүй болбол улс орон байхгүй болно гэж ярьдаг байсан билээ. Харамсалтай нь элсэн чихрийн үйлдвэр алга болох замдаа оржээ.

Эх сурвалж: LA RAZON.es
 
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж