“Акул”-ууд нойрноосоо сэрсэн шороотой “Туриад”

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

“Акул”-ууд нойрноосоо сэрсэн шороотой “Туриад”

Жил бүрийн хавар зохион байгуулдаг уламжлалт “Туриад” оюутны
явган аяллын тэмцээн 20 дахь жилдээ Гачууртын “Таван салаа”-д болов. Энэ удаагийн
“Туриад-2010” нэг зүйлээрээ ялгарах онцлогтой. Өнгөрсөн жилүүдэд цаг агаарын хувьд
тун таатай байлаа. Харин өнгөрөгч амралтын өдрүүдэд болсон оюутны явган аялалын
тэмцээн нэлээд хүндхэн цаг агаарт болсон нь тамирчдын тэсвэр тэвчээрийг жинхэнэ
утгаар нь шалгав. Цас, бороо зэрэг ороод л. Зогсоо зайгүй шахам шороогоор шуураад
л, бас болоогүй нэлээдгүй хүйтэн гэж байгаа. Ийм байлаа гээд тамирчид шантарсан
удаа байхгүй. Харин ч тэдний зориг улам их болж байсан гэхэд болно. Анх удаагаа
оролцож байгаа тамирчдын хувьд энэ нь хүндхэн даваа байсан гэвэл хилсдэхгүй. Хэдий
тийм ч тэд чадлаараа л оролцсон. Адал явдалт аялал гэдгийг жинхэнэ утгаар нь харуулсан
“Туриад”-ын эхний тэмцээн уулын оргил булаалдах байв. “Нэг нь нийтийн төлөө, нийт
нэгийнхээ төлөө” гэсэн аялалын маань гол урианы утгагыг уг тэмцээнээс шууд харж
болно. Хад асга ихтэй уулын оройд багаараа авирна гэдэг тийм ч амар ажил биш. Харин
аяллын тамирчид үүнийг дээд тал нь долоон минутын хугацаанд гүйцэтгэсэн. Хуучин
бууны “хугархай” гэгдэх ШУТИС, “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн тамирчид
энэ удаад ямар амжилт үзүүлэх бол гэж шүүгчид болон бусад хүмүүс харж л байсан.
Гэвч тэдний амжилтыг “Бяцхан чөтгөр”-үүд 1.43 секундын амжилтаар эвдэж орхив. Нэр
нь л шинэ болохоос биш тамирчдид ихэвчлэн хуучин хүмүүс байлаа. Гэхдээ тэднийг ийм
амжилт үзүүлнэ гэж хэн ч бодоогүй. Хуучин багуудын хувьд байдал эхний тэмцээнээс
л эвгүй болж эхлэх нь тэр. Үүний дараа таван төрөлтийн буухиа болсон. Өнөөх л “Бяцхан
чөтгөр”-үүд дахиад шинэ амжилт тогтоов. Хоёр гол тэмцээний түрүүг авсан тэд түрүүлнэ
гэдэгт олон баг итгэлтэй болж эхэлсэн ч “бадарчин баярлах болоогүй” гэдгийг тамирчид
мартаагүй байсан биз.

Энэ удаагийн аялалд оролцож байгаа 36 багийн 250 орчим тамирчдын
анхаарлын төвд байсан “чөтгөрүүд” оринтерн, газрын зураг дээр байршил илрүүлэх болон
спорт бүжгийн тэмцээнд бүдэрсэнээр тэргүүлэгчийн байр сууриа алдаж эхлэв. Тэмцээн
бүрт яван чангарсан хуучин багууд эцсийн мөчид хэн болохоо харуулж чадсан. Эцсийн
дүн гарахад сүүлийн хэдэн тэмцээнд тэсэрсэн “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн
Б.Пүрэвсүрэн ахлагчтай “Тэсрэлт”-ийнхэн шилжин явах цомоо гардан авах нь тодорхой
болов. Тэдний хувьд явган аялалын тэмцээнд тогтмол өндөр амжилт үзүүлдэг цөөхөн
багуудын нэг юм. Харин мөнгө, хүрэл медалийг ШУТИС-ийн хоёр баг хүртэв. Түрүүлэх
магадлал өндөр байсан МУБИС-ийн “Бяцхан чөтгөрүүд” хүрэл медалийг хуваалцлаа. Хамгийн
холоос ирж оролцсон Дарханы “Уран байгаль”-чууд тусгай байрын шагнал хүртэв. Мөн
дасгалжуулагч нь шилдгээр шалгарсан. Харин тэмцээний турш нам гүмхэн байсан Улаанбаатар
их сургуулийн дасгалжуулагч мөн л шилдгүүдийн нэг болов. Хөдөө аж ахуйн их сургуулийн
тамирчин Э.Номин шилдэг эмэгтэй, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн Б.Дагдан
эрэгтэй тамирчны шагналтай буцсан. Байгалийн хүнд нөхцөл байдлыг үл ажран гурван
өдрийн турш аялагчид маань тэсэн ядан хүлээдэг “Туриад”-аа амжилттай зохион байгууллаа.
Өнгөрсөн жилийг бодвол багуудын сахилга бат, хоорондын зохион байгуулалт арай л
илүү сайжирсан юм шиг санагдав. Харин ихэнх тамирчдын ур чадвар жаахан дутмаг аж.
Учир нь өнгөрсөн жилийн хувьд анх удаагаа оролцож байгаа шинэ багууд хүртэл өрсөлдөөн
гаргаж чаддаг байсан юм. Харин энэ жил зөвхөн хуучин “акул”-ууд л хоорондоо цомын
төлөөх өрсөлдөөнийг үүсгэсэн. Бусад нь туршлага судлах маягаар оролцсон гэхэд нэг
их хэтрүүлсэн болохгүй ээ. Аливаа тэмцээн уралдаан ивээн тэтгэгчгүйгээр санаанд
буухгүй. “Туриад”-ын ивээн итгэгчээр зургаан жилийн өмнөөс аялагчдад танил болсон
залуусын оролцоог дэмжигч “Ве” брэнд ажиллалаа. Үүгээрээ тэд өөрсдийнхөө уриаг харуулж
чадаж байгаа юм. Жил ирэх бүрт “Туриад”-д оролцох тамирчдын тоо бага багаар цөөрч
байгаа нь ч ажиглагдав. Ташрамд сонирхуулахад явган аялагчид маань ирэх сарын дундуур
Байгаль нуурын зүг олон улсын аялал хийнэ. Сибирийн тайгаар аялахдаа тэд ОХУ-ын
Буриадын 12 тамирчинтэй нэгдэх юм.

 

С.Мөнхзул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж