Нийслэл хот уу, нийслэл ”Хог” уу

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Нийслэл хот уу, нийслэл ”Хог” уу

“Цаг, цагт нэг цадна. Цагаан сараар л гэрээ цэвэрлэнэ” гэдэг үг моодонд оржээ. Нийслэлд маань баярын уур амьсгал орж, хотын удирдлагууд хотоо цэвэр цэмцгэр болгохыг зорьж байна. Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Батын гаргасан удирдамжийн дагуу нэгдсэн цэвэрлэгээний аяныг өнгөрсөн баасан гарагт зарласан. Уг ажилд нийслэлийн дүүргүүд оролцож, өөр өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, иргэдээ дайчлан томоохон хогийн цэгүүдийг цэвэрлэж байгаа аж. Энэ сарын 22-30 хүртэлх найм хоногийн хугацаанд үргэлжлэх цэвэрлэгээний аяны хүрээнд эхний ээлжинд дүүргүүд тус, тусдаа ажиллах юм. Харин нийслэлийн Захирагчийн ажлын албанаас бүх нийтийг хамарсан цэвэрлэгээг 28, 29-нд зохион байгуулах тул иргэдийг уг ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна. Цэвэрлэгээний аяны явц хэр байгааг холбогдох албаны хүмүүсээс тодрууллаа.

Ш.ЧАНЦАЛНУРМАА: ХОГИЙН ТОМООХОН ЦЭГҮҮДИЙГ ЦЭВЭРЛЭСЭН

Нийслэлийн Захирагчийн ажлын албаны хөрс, усны мэргэжилтэн Ш.Чанцалнурмаагаас дараах зүйлийг тодрууллаа.

-Хотын ерөнхий менежерийн удирдамж гарсан. Үүний дагуу ямар ажил зохион байгуулж байна вэ?

-Манайхан өнгөрсөн амралтын өдрүүдэд хойд чиглэлийн буюу зуслангийн бүсийн орчимд цэвэрлэгээ хийсэн. Чингэлтэй дүүргийн хоёр, Сүхбаатар дүүргийн хогийн дөрвөн том цэгийг бүрэн цэвэрлэсэн. Нийт 97 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, 229 тонн хог ачиж хаялаа. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэр зааж мэдээлсэн хогийн том, том цэгүүдийг үндсэндээ цэвэрлэсэн гэж болно.

-Товлосон хугацаанд цэвэр­лэгээг дуусгах болов уу?

-Дуусгана.

Тэрбээр ингэж ярив. Харин Чингэлтэй дүүргийн Засаг дар­гын тамгын газрын Үйлдвэрлэл, үйлчил­гээний хэлтсийн мэргэжилтэн Э.Амартүвшин бидний асуултад ийн хариулав.

-Танай дүүрэгт цэвэрлэгээний аян хэр амжилттай өрнөж байна вэ?

-Эхний ээлжинд 9, 11, 12, 18 ду­гаар хороонд бүрэн цэвэрлэгээ хий­лээ. Ажлын гүйцэтгэл хэвийн. 

-Хэр хэмжээний хөрөнгө зарцуулж байгаа вэ?

-Тодорхой төсөвлөсөн мөнгө байхгүй. Сайн дурын хүмүүс ажиллуулж байна. Нэг үгээр хэлбэл, тарьсан хогийг өөрсдөөр нь цэвэрлүүлж байгаа гэсэн үг. Түүнийх нь хариуд мөнгө, төгрөг өгөөд байж болохгүй биз дээ.

-Дүүргийн хэмжээнд  цэвэрлэгээг товлосон хугацаандаа дуусгах уу?

-Дуусгана. Ирэх бямба гараг гэхэд ерөнхийдөө ажил жигдэрчих байх.

Төвийн дүүргүүдэд энэхүү аян хэр өрнөж байгааг тодруулахаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын Үйлдвэрлэл, үйл­чилгээний хэлтсийн дарга Б.Батдэлгэртэй уулзахад: “70-80 хувьтай гэж хэлж болно. Маш сайн байгаа. Цэвэрлэгээний ажилд сэтгэл хангалуун байна. Хогийн томоохон цэгүүдийг цэвэр­лэсэн. Цэвэрлэгээ хийхийн тулд түр ажлын байр бий болгож, дүүргийн зүгээс хороо тус бүрт 20 гаруй хүн томилон ажиллуулж, цэвэрлэгээ хийлгэж байгаа” гэв. Тэгвэл Баянзүрх дүүргийн орчны тохижилт, хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн Н.Туул: “Манай дүүргийнхэн хур хогийн цэгүүдээ бүгдийг нь цэвэрлэсэн. Ажлын гүйцэтгэл 60 орчим хувьтай байна” гэлээ.

Ийнхүү хэд хэдэн дүүргийн холбогдох албаны хүмүүсээс цэвэрлэгээний аяны явц хэр ахицтай байгааг асуусан юм. Тэд хоорондоо бараг адилхан хариулт өгч байлаа. “Сайн байна. Сайхан байна. Хог хаягдлаа бараг л цэвэрлэчихсэн. Сэтгэгдэл өндөр байна” гэж. Гэвч бодит байдал тэдний ярьж байгаагаас харьцангуй өөр байсан юм.

Бүх нийтийг хамарсан цэвэрлэ­гээний аян эхлээд хэдийнэ тав хоножээ. Энэ хугацаанд албаны хүмүүсийн хэлж байгаачлан хот үнэхээр хогноосоо салж чадав уу. Өдөр бүр замд тааралддаг овоолсон хог одоог хүртэл хэвээр байна. Ямар ч өөрчлөлт алга. Үгүй ээ, сайн харвал өөрчлөлт гарсан юм байна. Хэмжээ нь улам ихэсчихэж.

Хүмүүсийн нэрлэж заншсанаар Шар хадны эцэс дэх жалга, Чингэлтэй дүүргийн зарим хороо, 32-ын тойргоос эхлээд нэг үгээр хэлбэл хогийн томоохон цэг болсон газруудыг цэвэрлэгээний аяныхан тойрч  гараад байна уу гэлтэй. Сурвалжлага хийхээр явах замдаа бид Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэдтэй тааралдаж, ойр орчин нь хэр цэвэрхэн болж байгаа талаар асуусан юм. Гэтэл тэд “Тийм аян эхэлсэн юм уу” хэмээн гайхаж, байрнуудын орчимд энд, тэндгүй хог байгаа талаар ам уралдан ярьж байлаа. Тэр ч байтугай хотын төв дэх хогийн цэгүүдэд цэвэрлэгээ хийсэнгүй. МУИС-ийн хоёрдугаар байрны арын хашаанд хүний нүдэнд бараг өртөхгүй шахам газар хогон “овоо” босгочихсон хэвээр байна. Нийслэл хот гэж хэлэхээр заримдаа нийслэл “хог” гэж андуурагдахаар болчихсон Улаанбаатарыг хог, шорооноос нь салгах ажил тийм амар зүйл биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл уг ажилд зориулж тодорхой хөрөнгө мөнгө төсөвлөөгүй учраас сайн дурынхныг ажиллуулж байгаа тухай дээр дурьдсан.  Магадгүй үүнээс болж хотын ерөнхий менежерийн гаргасан удирдамж хүний нүдэнд харагдахуйц бодит үр дүн үзүүлэхгүй байж ч болох.

Ингэж хэллээ гээд хотоо тохи­жуулж, толгой дээр хийсч ирэх  шахам хөө­рөх хог хаягдлаа цэвэрлэхээ боль гэж байгаа юм биш. Харин хотын гадна биш, дотор нь амьдардаг иргэ­дийнхээ нүдийг гурилаар хуурах хэрэггүй л байлтай. Ер нь Чингэлтэй дүүр­гийн Засаг даргын тамгын газ­рын мэргэжилтний хэлсэн шиг тарьсан хогоо өөрсдөө цэвэрлэсэн нь ч дээр юм уу. Бүгдээрээ хогондоо гарах уу.

Т.ЭЛИСА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж