”Хүннү коал”-ынхан ”Чулуу хөөлгөв” үү

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

”Хүннү коал”-ынхан ”Чулуу хөөлгөв” үү

Австралийн Хөрөнгийн биржид өнгөрсөн  онд  HUN  кодоор хувьцаа гаргаж эхэлсэн “Хүннү коал” компанийн талаар сүүлийн үед ихээхэн шуугих болсон. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт тус компанийн  хариуцсан  “Цант-Уул” нүүрсний төслийн хайгуулын талбайд  кокосжих нүүрсний их хэмжээний нөөц илэрчээ. Уг ордын  нүүрсний чанар нь Тавантолгойн ордынхтой дүйцэхүйц аж. Энэ талаар “Хүннү коал” компанийн удирдлагууд зарим сайтаар нээлттэй зарласан байна. Тухайлбал, эхний ээлжинд 50-100 сая тоннын нөөцийг баталгаажуулна гэдгээ www.proactiveinvestors.com.au сайтаар дамжуулан хувьцаа эзэмшигчдэдээ өнгөрсөн онд мэдээлсэн.

“ХҮННҮ КОАЛ”-ЫНХАН “ШОУ”-ДСАН БОЛОЛТОЙ

Тэгвэл  Ашигт малтмалын газрынхан дээрх мэдээлэлд дурьдсан шиг том хэмжээний орд илэрч,  улсад бүртгүүлсэн тохиолдол гараагүйг хэлж байгаа юм. Сүүлийн үед уул уурхайн компаниуд хувийн хөрөнгөөр хайгуулын ажил хийх нь ихэссэн аж. Тиймээс зэс болон чулуун нүүрсний томоохон хэмжээний ашигт малтмалын орд байж болзошгүй илэрц мэдэгдэж байгаа гэдэг нь ердөө л таамаг төдий зүйл болж хувираад байгаа аж.  Учир нь хувийн хөрөнгөөр хайгуул, судалгааны ажил хийж байгаа компаниудын ажил дөнгөж эхлэл төдий байгаа болохоор нөөц нь баталгаажаагүй байна. Үүний нэгэнд “Хүннү коал” компанийн “Цант-Уул” төсөл орж байгаа аж. Уг төслийн талаарх тайлан энэ сард л Ашигт малтмалын газарт ирсэн бөгөөд одоогоор нөөцийг нь эцэслэн тогтоогоогүй аж. Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар ороогүй бөгөөд дүгнэлт нь ч гараагүй байгаа гэнэ. Тиймээс энэхүү төслийн тайланд тусгасан нөөц эцэслэн баталгаажаагүй байхад “Хүннү коал” компанийнхан хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг эвдэхгүй гэсэндээ ч юм уу, дээрх  мэдээллийг тараасан байж болох юм.

“ХҮННҮ КОАЛ”-ЫН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДЭДЭЭ БАРЬСАН ДАРААГИЙН БЭЛЭГ

Тус компанийн хэрэгжүүлж буй “Цант-Уул” төслийн талаарх шуугиан намжаагүй байхад мөн л тус веб сайтаас тэдний хувьцаа эзэмшигчдийн дунд дахин нэг шуугиан тарьсан мэдээлэл цацсан юм. Тус сайтын мэдээлснээр “Хүннү коал” компани Дундговь аймгийн нутаг дахь “Үнст худаг” нүүрсний хайгуулын төсөлд оруулсан 15 хувийн хөрөнгө оруулалтын хэмжээгээ  ахиулж, 80 хувьд хүргэх эрмэлзэлтэй байгаа аж. Мөн уг ордын ойролцоох   Хар тойром ордын лицензийг эзэмших боломжтой болсныг ч мэдээлсэн байна. “Үнст худаг”-ийн орд нь 140 метрийн гүнд 324 сая тонн нүүрсний нөөцтэй  болох нь тогтоогдсон бөгөөд илчлэг сайтай  эрчим хүчний нүүрс агуулагдаж байгаа аж. Төмөр замын сүлжээнээс 180 километрийн алсад орших энэхүү төсөл хайгуулын хоёр, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөлтэй. Тус төслийн хайгуулын талбайн хамрах хүрээ нь 59 мянган га газар бөгөөд энэ ордоос жилд 250-500 сая тонн нүүрс олборлож, Монголын болон Хятадын зах зээлд нийлүүлэх төлөвлөгөөтэй байгаа хэмээснээ “Хүннү коал”-ын удирдлагууд  бас мэдээлсэн  байна.  

ЗӨВХӨН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД МЭДЭЭЛЭЛ НЭЭЛТТЭЙ

 “Хүннү коал” ХК-ийнхны баримталдаг уриа нь энэ бололтой. Тус компани дээр очиход сүүлийн үед гадны хэвлэлүүдэд гарсан мэдээллийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүссэн Монголын хэвлэлийнхэн ч  цөөнгүй удаа хандсан бололтой байлаа. Тус компанийн захирал Т.Лхагвадорж “Ойрын хугацаанд энэ талаар ямар ч мэдээлэл өгөхгүй” хэмээн хэвлэлийнхнийг хоосон хаалга мөргүүлж буцаасаар байгаа аж. Энэ бүхэнд өгч байгаа түүний хариулт нь “Энэ мэдээллүүд аль эрт болсон үйл явдал” гэсэн хэдхэн үг. Тиймээс тус компанийн хувьцааны үнэ сүүлийн өдрүүдэд буурч байгаатай холбоотойгоор дээрх мэдээллүүдийг цацсан байх гэсэн таамаг  “тэнүүчилж”  байна. Австра­лид төвтэй “Хүннү коал” компани нь одоогоор Монголын өмнөд болон зүүн аймгийн нутгийг хамарсан эрчим хүч, кокосжих нүүрсний 14 төсөл хэрэгжүүлж байгаа аж. Үүнээс гадна саяхан Австралийн Хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан “Харанга ресурсез” ком­панийн хувь эзэмшигч юм.

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж