Мэргэжлийн боксын хүнд жингийн дэлхийн аварга асан Жон Руиз энэ сарын эхээр Британийн тулаанч Дэвид Хэйд ялагдсан учир их спортоо орхих шийдвэр гаргажээ. Өдгөө 38 настай америк тулаанч эр мэргэжлийн боксын рингэнд 18 жилийнхээ амьдралыг золиосолсон бөгөөд 44 тулаанд ялалт байгууж, есөн удаа ялагдаж, нэг удаа тэнцэж байжээ. Тэрбээр “Спортын карьер минь үнэхээр гайхалтай байсан. Харин одоо шинэ хуудас эргүүлж, амьдралдаа цоо шинэ алхам хийх үе маань иржээ” гэсэн байна. Руиз хамгийн сүүлд энэ сарын эхээр Дэвид Хэйн WBA-ын дэлхийн аваргын бүсний төлөө тулалдаж, ес дэх раундад ялагдсан билээ. Тэрбээр энэ тухайд “Миний хамгийн сүүлийн тулаан миний бодож байснаас огт өөрөөр эргэсэн. Гэхдээ яахав, энэ бол боксын спорт. Би хоёр удаа дэлхийн аварга болж байсан, 12 тэмцээнд түрүүлсэн, түүнчлэн латин гаралтай анхны хүнд жингийн дэлхийн аварга болсондоо бахархаж явдаг. Харин цаашид гэр бүлдээ илүү анхаарал хандуулж, тэдэндээ цаг заваа зарцуулах болно” гэжээ.
Руиз анх 2001 онд WBA-ын аваргын бүсийн төлөө Эвандер Холифилдийг буулган авснаар дэлхийн аваргын бүс эзэмших болжээ. Тэрбээр аваргын бүсээ хоёр удаа амжилттай хамгаалж, 2003 онд Рой Жоунст ялагдсан юм.
Жон Руиз их спортоо орхисны дараа Лас Вегасаас нүүж, төрөлх Бостон хотдоо очиж, боксын сургууль байгуулах бодолтой байгаа гэнэ.
С.Цэлмэг