Хаврыг би хүүхэн улирал гэж боддог

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Хаврыг би хүүхэн улирал гэж боддог

Уран зохиолын хүрээнийхэн дунд “хайрын дууч” хэмээн хүлээн зөвшөөрөгдөөд байгаа залуу яруу найрагч Б.Болорцэрэнг уншигчидтайгаа уулзуулья. Тэр “Орчлон миний ширээний ном”, “Цагаан бүжиг” хэмээн шүлгийн түүврүүдээ гаргаад байгаа.
-Уучлаарай танайд өглөө эрт ирчихлээ. Найрагч маань өглөөг хэрхэн угтдаг вэ?
-Өглөөний нарыг аз жаргалын тасалбар хэмээн атгаад өврөөс сэрэх охиноо  хөтлөөд гүймээр хөөрдөг шинэ өглөө бүхэнд би дуртай. Би аавыгаа дууриагаад  их эртэч. 6.30 гээд л босчихдог. Миний сэрэхийг хүлээгээд цонхон дээр минь зэрэгцээд сууж байдаг энэ хэдэн тагтаагаа тэжээхээр яаран босдог. Бас үүрийн зүүд үнэн байгаасай гэж итгэхдээ өглөө бүхнийг яаран угтдаг.
-Хөөрхөн юм аа. “Ээж нь одоохон” гээд, яг л хүнтэй ярьж байгаа юм шиг ?
-Хүний гар царайчилсан энэ тагтаанууд бүгдээрээ миний охид, бас нөхөд байхгүй юу. Миний  сэтгэл сүм, миний ээждээ бичсэн шүлэг бүхэн судар байж болно шүү дээ. Би шувуу буцахаар хачин их гунигладаг. Ээжийгээ санаад л тэр байх.Тэгээд л
“Нуурын шувуу бүхэн гандангийнх байдаг ч болоосой
Нулимстай л санагдах ээж минь дэргэд байдаг ч болоосой” гээд бичиж байсан.
-Шүлэг гэснээс таны шүлгэнд гардаг шиг хормойгоо дэрвүүлэн алхмаар хавар цаг ирчихлээ?
-Тийм ээ. Цэцгийн зуныг төрүүлдэг болохоор хаврын дэлхийд би хайртай. Хавар болоод намрыг би хүүхэн улирал гэж боддог. Дурлал мэт энэ хавар дуу аялаад ирж яваа нь улам ч тодхон сонсогдсоор л байна. Хүүхэн бүхэн хааяахан олддог эрх чөлөөндөө хайртай, хаврын салхинд хормойгоо дэрвүүлэн алхах дуртай л байдаг шүү дээ. Би ч бас тэдний нэг. Хүлээж тэвчихгүй л бол хавар ирэхгүй гэж итгэдэг.
-Би л хувьдааа таны гадна төрхөөс гоо үзэсгэлэнг, дотоод сэтгэлээс тань шүлгийн нандин мэдрэмийг хардаг шүү?
-Баярлалаа. Хүүхэн бүхэн л гоё байхыг, гоолиг болохыг хүсдэг. Гэхдээ дотроосоо дэнлүү мэт гэрэлтэх нь хамгийн сайхан. Өглөө гэгээвчээрээ  цайны дээж өргөх ээж бүхэн, үдэш ханийхаа хоолыг манцуйлаад тэврэн хүлээх гэргий  бүхэн өөрөөсөө гэрэлтэх чулуу мэт эхэмсэг. Би хүүхэн бүхэн ертөнцийг аврахаар төрсөн гэж итгэдэг. “Гоо сайхан  ертөнцийг аварна” гэдэг биз дээ.
-Та номдоо хэлэх дуртай үг тань “Зориг шантрахад бурхан дургүй”, таны амраг бол шүлэг гэсэн. Яагаад?
-Харин тийм ээ. Чи байтугай би ч бас гайхаад л байгаа юм.
-Хаврыг болзоогүйгээр төсөөлөх аргагүй. Найрагч бүсгүй маань болзоонд хэр их уригдаж байна?
-Би болор шаахай өмсөөд болзоонд явах дуртай. Тэр шаахай миний тэвчээрийг барсан мэт барихад дургүй, тэр шаахай миний тэнцвэрийг шалгасан мэт томдоход бас дургүй. Таарахгүй болохоор нь уйлдаг, гомдсондоо. Таалагдахгүй болохоор нь тайлчихдаг, баярласандаа. …/инээв/
-Сарнайнд дуртай юу?
-Бэлгийн тухайд би сарнай цэцгэнд тийм ч таалалтай биш. Гоё сайхан ургасныхаа төлөө гомдолтойгоор хамгийн  амархан хагдардаг учраас тэр байх. Яг үнэнийг хэлэхэд би  томоос том ээмэг, бөгжинд дуртай. Аймаар байна уу?
-Үгүй дээ, харин ч аймаар биш байна. Хундага дарсанд?
-Дургүй гээд  хэлчихвэл худалч, дуртай гээд хэлчихвэл… /инээв/. Найз нөхөд, найрагч андуудтайгаа ширээний ард суулгүй л яахав. Гэхдээ дайж болмоор зовлонг дааж чадамгүй сархад гэж байдаг учраас гунисан тунисан үедээ ууя гэж боддоггүй ээ.
-Номонд тань гучин настай хүүхэн гулгууран дээр суусан хүүхэд хоёр адилхан гэж ишлэл байсан?…
Миний “Өөдрөг мөрт” гэдэг шүлэгт
Гучин нас юу юм бэ
Гуниг цуглуулдаг хэн юм бэ
Өтлөх яагаа ч үгүй байхад
Өмнөөс минь шаналдаг хэн бэ? тэр… гээд мөр байдаг. Тэгэхээр би иш татсан ч гэсэн энэ үгтэй яасан ч санаа нийлэхгүй. Харин ч энэ гучин нас чинь урган цэцэглэх нас. Энхрийлэх л хэрэгтэй дээ.
-Говь-Алтайн Г.Нэргүйгийн 
“Охид минь нүүрээ буд нимгэн хувцасла
Олны дунд гоо үзсэглэнтэй бай, бардам бай
Хэн нэгэн чамайг хараад эхнэрээ марттал
Хэтэрхий үзэсгэлэнтэй бай бүсгүй минь …” гээд  сайхан шүлэг байдаг. Та хүний нөхөрт таалагдахсан гэж боддог уу?
-Хүний нөхөр гэлгүй хүн бүхэнд л гоё сайхан харагдахсан гэж хүүхэн бүхэн хүсдэг шүү дээ. Тэр тусмаа зөрөөд өнгөрсөн залууд хүртэл муухай харагдахыг ямар ч бүсгүй хүсэхгүй. Түүнийг таньдаг таньдаггүй, эхнэртэй эхнэргүй эсэх нь тийм ч чухал биш учраас. Би ч гэсэн хүний нөхөрт таалагдахсан гэж боддог.
-Тэгвэл түүнийг чинь хартай эхнэр нь хүлээж байгаа даа?
-Хайртай хүн цагаан байхыг л хүсдэг. Харгүй хэн байх билээ. Гэхдээ л хайртай хайргүйг нь мэдэхээр сарнайн дэлбээ таслах, хартай гэргийн гарыг атгахаас эмээдэг. Хар нь хүнийг цайруулж чаддаггүй л байхгүй юу
-Яруу найрагч хүн царай муутай төрдөг юм. Яагаад гэвэл тэдний гоо үзэсгэлэн дотроо байдаг гэдэг. Найрагч хүүхнүүд лав тийм биш ээ?
-Магадгүй, наад шүлгийг чинь их л царай муутай хүн бичсэн байх. Тэгээд л найрагч нөхдөө зөөлчлөн  хань татсан байна.
-Номондоо бичсэн шиг танихгүй атлаа таалагдсан эрдээ сэтгэлээ илчилмээр санагддаг уу?
– Би “Цагаан бүжиг” номондоо хүүхэн бүхний хайрыг илчлэхийг хүссэн юм. Болдог болдоггүй, бүтдэг бүтдэггүй бүх л хайр энэ номын хуудас бүхэнд шингэсэн байгаа. Хайр амсаагүй хүн гэж үгүй. Би энэ номоо дурласан зүрх бүхэнд, хүлээсэн итгэл бүхэнд зориулахыг хүссэн юм.
“Хайрандаа шатдаг болохоор хацар минь ягаахан
Халуун залуу болохоор бүжиг минь цагаахан”  гээд л эхэлнэ дээ. Соёлын гавьяат зүтгэлтэн  Ш.Дулмаа багшийн маань  “Амьдрал хайр дээр тогтдог” гэж сайхан шүлгээр бүтсэн дуу байдаг. Сүүлийн үед үүнийг гуйвуулаад амьдрал мөнгөн дээр тогтдог гэж ярих болсон. Гэхдээ хайран дээр тогтож буй амьдрал хазайгаад байгаа бол эвүүр нь  мөнгө лав биш байх. Тэгшилж түшихийн тулд  итгэл бас сэтгэл л хамгийн сайн тулгуур болно доо.
-Таны зүрх сэтгэл яг одоо байх ёстой байрандаа байгаа юу. Аль эсвэл хэн нэгэнд өөрөө түрүүлж өгчихөөд “хулгайд алдчихлаа” гээд гүжирдээд яваа юм биш биз?
-Энэ тохиолдолд алдсан авсан хоёр адилхан л хам хэрэгтнүүд шүү дээ.
-Таны шүлгийн амтанд бүр оюутан байх цагаас тань л орсон. Харин ном тань их удаан “дуншиж” мэндэллээ?
-Тийм үү. Баярлалаа. Нэг л өдөр шүлгүүдээ уншиж  байгаад хэвлүүлэх цаг нь иржээ  гэж бодсон. Би чинь ойрхон мэндэлсэн хоёр номтой, хол зөрүү настай хоёр хүүхэдтэй хүн шүү.
-Том нь хэдтэй юм бэ?
-Хорьтой
-Юу гэсэн үг вэ. Тэгээр та …
-Үгүй дээ, тоглосон юм. Тэр чинь миний хүү шиг дүү минь байхгүй юу
-Тийм байлгүй дээ. Нээрэн та охинтой гэсэн. Таны “Амьдрах шалтгаан” шүлгийг “Болор цом”наадам  дээр сонсоод л мэдсэн?
-Охин минь одоо зургаахан настай, ой ухаандаа зуу зуун мөрөөдөлтэй. Би охиноо хэтэрхий хэрсүү өсчих вий гэхээс дандаа эмээдэг. Охин хүүхэд хэзээд л хэрсүүждэг шүү дээ. Эрийн гарт, эхнэрийн үүрэгт гээд л.  Ер нь эмэгтэй хүүхдийг элэг бүтэн жаргалаар дутаалгүй өсгөх л  хэрэгтэй байх. Би охиноо эрхлүүлэх дуртай охиндоо бас эрхлэх дуртай. Хожмын нэг өдөр “хайрлаж чадлуу даа, ээжийгээ” гэх харамсахаас охиноо бага боловч хол  байлгахыг л хүссэн юм. Б.Энхтуяа эгчийн “Охин үрээ хайрла” шүлгийг сонсохоороо уйлчих гээд байдаг. Тэгээд л охиноо жаахан зэмлэчихээд өөрийгөө баахан буруутгадаг. Миний охин ээждээ “уулнаас өндөр, одноос олон, уснаас гүн, тэнгэрээс том хайртай” гэж дандаа хэлдэг. Хөөрхөн байгаа биз. Өдөр болгон ээждээ хайраа илчилдэг амин үр Ану минь миний амьдрах шалтгаан юм даа.
-“Орчлон миний ширээний ном” түүвэрт тань яг 108 шүлэг багтсан байсан. Хэнд зориулсан юм бэ?
-Тийм үү. Танай тооны багш мундаг хүн байжээ./инээгээд/ Тийм ээ. Би энэ номоо ээжийхээ дурсгалд зориулсан юм. Миний ээж ёстой л бурхны хайлан шиг сайхан хүн байсан. Буянаар базсан их хайранд нь туйлж өссөн болохоор одоо л хачин ихээр санаж байна. Архи дарс амсах нь байтугай амралт зугаалганд ч явж үзээгүй тийм л ээж байсан. Хэзээ нэгэн өдөр хэл үггүй явна гэдгээ мэддэг байсан болохоор үр хүүхдүүдээсээ алхам ч  холдох дургүй байсан байх. Би заримдаа ээжийгээ санаад уйлахаараа миний ээж амралтанд аль эсвэл зугаалганд явчихсан гэж бодож тайтгардаг. Ээжтэй байх л хамгийн сайхан. Миний ээждээ бичсэн шүлгэнд
“Намрын шувуудыг буцахад би замын зардлыг нь даадаг
Надад тэд ээжээс минь захидал авчрахыг хүлээдэг…”
 гэж мөр бий. Манай найзууд үүнийг  уншчихаад “Болороо ёстой баян шүү.За за би зардлыг чинь даачихъя гээд л. Энэ жил хэдэн төгрөгөөр шувуудаа буцаасан бэ, жил ирэх тусам нэмэгдэж байгаа биз дээ” гээд надаар баахан тоглодог. Эргээд бодоход ээжийхээ төлөө  шүлэг бичихээс өөр юу ч хийж чадаагүй л буцаачихсан байна. Сайн ээжээс төрсөн хүн  муу  явах учиргүй гэж боддог. Харин сайхан амьдарч чадвал тэр л ээжийгээ баярлуулсантай тэнцэх байх гэж итгэдэг. Би ээжийгээ бас охиноо ярих даанч их дуртай. Зөндөө их яричихлаа.
-Танд хичнээн их хайртайгаа учирлаад гуйж  суусан тэр нэг залууг би мэднэ?
-Юу билээ. Сайн санахгүй байх чинь . Чи таньдаг юм чинь надтай дараа танилцуулаарай./инээв/
-Анхны хайр бүтддэггүй гэдэг?
-Хүн бүхэн л анхны хайраа амьдрал болгохыг хүсдэг. Анхны хайр амьдрал болдоггүй гэсэн энэ үгтэй  эвлэрч чаддаггүй  үе надад зөндөө байсан. Гэхдээ л энэ амьдралыг хүн бүхэн эвлэрч л туулах жамтай. Хагацаж чадсан шигээ мартаж болдоггүй нэг тийм гэгээн дурсамж  бол анхны хайр. Энэ хайрыг мартахад хүргэх цорын ганц зүйл бол үхэл байх. Үхсэний минь маргааш миний үзэж чадаагүй өглөөний  нар л “энэ охин анхны хайраа мартсан шүү” гэж зарладаг байх. Аймаар ч юм шиг, гэхдээ л үнэн. Зовлон жаргалаасаа  хөнгөхөн шүү дээ.
-Та их эрхэмсэг атлаа энгийн, даруу юм аа. Би хараад л мэдэрсэн?
-Эрхэмсэг байна гэдэг даанч амархан. Энэ чинь бүсгүй бүхэнд л байдаг чанар. Би энгийн байхсан гэж хүсдэг. Эр нөхрийнхөө тэвэрт энгэрийн гоёл шиг гэрэлтэх хүүхэн бүхэн л энгийн сайхан харагддаг. Мэдээж хүүхэн л юм чинь гоёж гангалахыг хүсэлгүй л яахав. Гэхдээ миний өнөөдрийн гоёл залуу нас минь. Харин үхтлээ хайрлах гоёл маань миний охин, миний шүлгүүд.
-Та шүлгийн санаагаа юунаас олдог вэ?
-Шүлгийн санаа олно гэдэг шүлэг бичихээс хэцүү. Би хүмүүсийн яриаг сонсох дуртай. Найрагчдыг онгодоороо шүлэг бичдэг гэж ярьдаг ч санааг бол өөрсдөө л хайж олдог. Би энд тэнд явж байгаад шүлгийн санаа олохоороо утсан дээрээ бичээд хадгалчихдаг. Харин манай найзууд тэрийг нэг их мэддэггүй болохоороо “чи хэнтэй ийм  их мессэж бичдэг юм бэ” гээд хардаад  байдаг юм. Тийм болохоор утсаа гээчихээрээ утсандаа ч, дугаартаа ч харамсдаггүй. Харин шүлгийн санаа гээд хадгалсан бүхэн минь олсон хүнд галзуу хүний өдрийн тэмдэглэл мэт боловч миний хувьд даанч хайран. Яг одоо устгаж байгаа даа гээд бодохоор нойр ч хүрдэггүй.
-Хэвлүүлж амжаагүй ном байгаа л байх даа?
-Мэдээж залуу хүний хувиар хийж бүтээх хүсэлдээ дэнлүү мэт л гэрэлтэж явна. Одоогоор хэвлүүлэхэд бэлэн болсон “Санааны шуудан”, “Янжуурын цэнхэр нулимс” нэртэй хоёр ч ном байна. Болж өгвөл  энэ хавартаа багтаад “Сонсох цонх” нэртэй дан хайрын шүлгүүдээс бүтсэн яруу найргийн цомгоо хэвлүүлнэ дээ. Санаж явбал бүтнэ сажилж явбал хүрнэ гэдэг дээ. Нэг үеээ бодоход хүмүүс ном ихээр уншдаг болж. Номын дэлгүүрүүд номоор бас хүнээр дүүрэн байх сайхан санагддаг. Энэ нийгэм хийгээд хүний оюун  санаа элэг бүтэн байгаагийн тодхон жишээ болов уу. Би Монголын хоймор нутаг Хөвсгөлд төрж өссөн. Хөвсгөлчүүд гэдэг хүн чанарыхаа хаяаг дэрлэсэн хүнлэг сэтгэлийхээ заяаг түшсэн сайхан ард түмэн. Энэ далимд миний уран бүтээлийг ивээн тэтгэж олны хүртээл болгоход дэмжлэг үзүүлсэн “Автобус III” компанийн захирал, нутгийн ах П.Дэлгэрнаран болон “Хөвсгөл нэг үе клуб”-ын хамт олондоо, найзууддаа бүгдэд нь танай сониноор дамжуулан баярлалаа гэж хэлье.

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж