Шүүхийн тухай хуулийн төслийг дэмжив

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Шүүхийн тухай хуулийн төслийг дэмжив

УИХ дахь  Ардчилсан намын бүлэг өчигдрийн хуралдаанаараа долоон асуудлыг авч хэлэлцжээ. Тодруулбал, Улсын  батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтаар олгогдсон газрыг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолыг хэлэлцээд дэмжсэн.  Агаарын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Агаарын бохирдлын төлбөрийн тухай болон бусад холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэхийг мөн дэмжсэн. Энэхүү хуулийн төсөл УИХ-д гурав дахь удаагаа танилцуулагдаж буй.  Өмнөх төсөлд гэр хорооллын өрхүүдээс агаарын бохирдлын төлбөрийг авч байхаар тусгасныг гишүүд буруушааж, буцааж байжээ. Харин энэ удаагийн төсөлд нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдээс нэг кг нүүрс тутамд 1-2 мянган төгрөгийн төлбөр ногдуулан,  агаарын бохирдлын төлбөрт авахаар тусгасан. Мөн тээврийн хэрэгслүүдэд моторын хүчин чадлаас нь хамаарч төлбөр ногдуулах бол уусгагч бодис импортолж байгаа компаниудаас ч агаарын бохирдлын төлбөр авахаар заасныг бүлгийн гишүүд дэмжжээ. Ингэхдээ агаарын бохирдлын төлбөрт авсан мөнгийг гэр хорооллын дэд бүтцийг сайжруулахад зарцуулах нь үр дүнтэй гэж үзсэн. Нийслэлийн хэмжээнд агаарын бохирдол тулгамдсан асуудал болж байгаагийн зэрэгцээ хөрсний бохирдол өргөн хүрээг хамраад буй. Тиймээс Улаанбаатар хотын хувьд дан ганц утаатай тэмцсэнээр асуудал шийдвэрлэгдэхгүй тул гэр хорооллынхныг халаалт, дулаанаар хангах, бохирын шугамд холбох ажлыг үе шаттайгаар хийх нь үр дүнтэй арга хэмжээ болно гэж үзжээ.
Бүлгийн хуралдаанаас дэмжлэг авсан дөрөв дэх хуулийн төсөл бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл аж. Энэ тухай тодрууллаа.

-Шүүхийн тухай хуулийн төслийн гол үзэл баримтлал нь юу байна?
-Монгол Улсад ардчилал шударга ёсыг тогтооё, авлига, хээл хахуультай тэмцье, шүүх болон хууль хяналтын байгууллагын хариуцлагыг дээшлүүлье гэдэг хүрээнд шинэчилсэн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн гэдгээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав танилцуулгадаа хэлсэн. Шүүхийн хараат бус байдлыг хангах үүднээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын асуудлыг тусад нь гаргаж тавихаар болоод байна. Сахилгын хороо, Шүүгчийн зөвлөл дээр ч зохицуулалт хийнэ гэсэн хуулийн зохицуулалт орж ирсэн.
-Сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн үү?
-Өнгөрсөн даваа гаригийн бүлгийн хуралдаанаар бид Сонгуулийн хуулийн хоёр төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжсэн. Тиймээс өнөөдөр дахин хэлэлцсэнгүй. Гэхдээ энэ долоо хоногт хуулийн төслийг хоёуланг нь байнгын хороод болон чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр дахин ярина.
-Оюу толгойн Төлөөлөн Удирдах зөвлөлд Монголын талыг төлөөлсөн гурван хүнийг нэр дэвшүлэх тухай ярьж байгаа. Энэ талаар бүлгээр хэлэлцэв үү?
-Эл асуудлыг бүлгээр оруулж хэлэлцэх шаардлагагүй гэж бодож байна. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ цаашдаа амжилттай хэрэгжих, тэр хэмжээгээр манайд хөрөнгө оруулалт нэмэгдэх  боломжийг бүрдүүлэх бүрэлдэхүүнийг Монголын талаас томилох байх.
 -Хүүхдийн мөнгийг буцаан олгох асуудал дахин тавигдаж, ажлын хэсэг байгуулсан.  Тооцоо судалгаа хийх шаардлагатай гэж байсан, дүгнэлтээ гаргасан уу?

-Энэ асуудалтай холбогдуулж, УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулагдсан байгаа. Ажлын хэсэг хүүхдийн мөнгийг олгох талаар судалгаа хийнэ. Хэдийгээр төсвийн тодотголд хүүхдийн мөнгийг тусгаагүй ч УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх бололцоотой. Хүний хөгжил сангийн хүрээнд шийдэхэд хөрөнгийн эх үүсвэрийн шаардлагагүй л дээ.
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж