Цагдаа хийн буу хэрэглэх цаг нь болсон гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Цагдаа хийн буу хэрэглэх цаг нь болсон гэнэ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилсон Цагдаагийн байгууллагын тухай хуульд шинэчилсэн найруулга хийх  ажлын  хэсэг хуралдаж цагдаагийн газрын тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Тус хуульд санал шүүмжлэл хамгийн ихээр дагуулж байгаа асуудал нь цагдаагийн байгууллага өөрөө ард түмэнд нээлттэй болох талаар гишүүд саналаа илэрхийлж байв. Түүнээс гадна гишүүдийн чухалчилж байсан зүйл нь ЦЕГ-ын даргыг Монгол Улсын ерөнхий сайд томилдог, харин үүнийг тухайн салбар хариуцсан сайдын эрх мэдлийн хүрээнд хийх ажил болгож доош нь нэг шат бууруулах болж байв. Хэрэв салбар хариуцсан сайд нь ЦЕГ-ын даргыг томилдог бол аливаа асуудалд эргээд хариуцлага тооцход дөхөмтэй байх гэнэ.

Мөн ямар нэг онцгой байдлын үед тушаал шийдвэрийг салбар яамны сайд нь өгч байх зэрэг саналтай байгаагаа байнгын хорооны гишүүд илэрхийлж байлаа. Үүнээс гадна цагдаагийн байгууллагад тусгай хэрэгсэл хангамж хангалтгүй, нийгмийг хамарсан эмх замбраагүй зүйл дэгдлээ гэхэд өмнөө барих хуванцар бамбай, толгойдоо зүүх хуванцар каск хоёроос өөр зүйлгүй  байж олноороо гэмтэж бэртсэн явдал 2008 оны сонгуулийн дараа гарсан. Заавал бослого гэлгүй зэвсэглэсэн этгээдүүдийн өмнөөс цагдаа гартаа зэвсэггүй л байдаг аж. Уг нь цагдаа гэмт этгээдийн өмнөөс гарцаагүй тохиолдолд гал нээх хэрэг гарвал хамгийн хөнгөнөөр шархдуулах гэмтээхээс хэтрэхгүй байгаа гэнэ.

Тэгэхээр хийн буу зэрэг тусгай хэрэгслийг цагдаад хэрэглэх зөвшөөрөл олгох цаг нь болсон гэж гишүүд хэлж байв. Мөн орон нутагт онгоцны осол зэрэг шуурхай хүрч очих шаардлагатай хэрэг гарлаа гэхэд ЦЕГ нэг ч нисдэг тэрэггүй, нисдэг тэрэг түрээсэллээ гэж бодоход нэг цагт 1.5 саяаас хоёр сая төгрөг төлдөг аж.Иймд арга хэмжээ авах саналыг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу гаргасан юм.

Мөн цагдаагийн байгууллага нь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Монгол Улсад суугаа гадаадын бүрэн эрхэт элчин сайдын яамд, Монгол банк зэрэг онцгой обектыг хамгаалдаг аж.   Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин цагдаагийн байгууллагын хуулинаас цагдаа хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг байхаар заасныг хасах санал гаргаж байсан. Учир нь хамгаалалтын алба гэж бизнесийн байгууллага бий болсон, Харин цагдаа бизнесийн байгууллагатай хутгалдах хэрэггүй гэсэн саналтай байгаагаа илэрхийлж байсан.

Гэхдээ өмнө нь Монгол Банкийг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдэхийг завдаж байсан. Хэрэв ийм хэрэг гарлаа гэж бодход хамгаалалтын албанд галт зэвсэг хэрэглэх зөвшөөрөл байдаггүй, Тэгхээр хамгаалалтын алба хамгаалагч болж чадахгүй гэж үзэж байгаа юм байна. Тэгэхээр улсын онцгой обектийг цагдаагийн байгууллага хамгаалах шаардлагатай гэнэ.

Мөн уул уурхайн лицензтэй орд газрыг цагдаагийн байгууллага төлбөртэй хамгаалж ажилладаг юм байна. Гэтэл тухайн орон нутгийн иргэд тус орд газрыг ашиглахыг эсэргүүцсэнээр цагдаа ард түмний хооронд тэмцэл бий болохоос болгоомжлохыг сануулж байлаа.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж