Рүүни PFA-ын шилдэг тоглогчоор тодров

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Рүүни PFA-ын шилдэг тоглогчоор тодров

PFA буюу Английн мэргэжлийн хөлбөмбөгчдийн холбооны оны шилдэг тоглогчийн шагналыг Уейн Рүүни хүртлээ. Энэ улиралд 34 гоол оруулсан “Манчестер Юнайтед” клубын довтлогч Рүүни эцсийн шатанд Дидье Дрогба, Карлос Тевез, Сеск Фабрегас нарыг ардаа орхижээ. Тэрбээр “Үнэхээр сайхан санагдаж байна. Учир нь хөлбөмбөгчдийн саналаар шилдгийг тодруулсан болохоор энэ шагнал бол нэр төрийн хэрэг. Үнэхээр бахархууштай” гэжээ.
Харин оны шилдэг залуу тоглогчийн шагналыг “Астон Вилла” клубын тоглогч Жеймс Милнер хүртсэн байна.
Криштиан Рональду, Карлос Тевез нар “Улаан чөтгөрүүд”-ийг орхисноор Рүүни “Олд Траффорд”-д гялалзах болсон билээ. Өмнөх улирлуудтай харьцуулахад Рүүни илүү мэргэжлийн, туршлагажсан, өндөр төвшинд тоглох болсон бөгөөд тоглолтын бүх л үед ур чадвараа гарган, өөрийгөө дайчлах болсон юм. Тэрбээр ийнхүү оны шилдэг тоглогч болсон нь дасгалжуулагч Сэр Алекс Фергусонгийн гавьяа, зүтгэл гэдгийг хэлээд “Намайг Юнайтедад ирсэн цагаас хойш Сэр Алекс надад их нөлөө үзүүлсэн. Тэр одоо 70 нас шүргэж байгаа ч одоо хэр нь залуу хэвээрээ байдагт нь их баярладаг. Сэр Алекс цаашид олон жил Юнайтедтай хамт байна гэдэгт итгэж байна” гэжээ.
PFA-ээс мөн Премьер лигийн бэлгэдлийн шигшээ багийн тамирчдыг нэрлэсэн бөгөөд тэдгээрт Жо Харт /Манчестер сити/, Бранислав Иванович /Челси/, Томас Вермаелен /Арсенал/, Ричард Данн /Астон Вилла/, Патрис Эвра /Манчестер Юнайтед/, Сеск Фабрегас /Арсенал/, Жеймс Милнер /Астон Вилла/, Даррен Флетчер /Манчестер Юнайтед/, Антонио Валенсия /Манчестер Юнайтед/, Уейн Рүүни /Манчестер Юнайтед/, Дидье Дрогба /Челси/ нар багтжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж