Оливер Канн: ДАШТ бол хөлбөмбөгт зориулсан фестиваль

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Оливер Канн: ДАШТ бол хөлбөмбөгт зориулсан фестиваль

Германы хөлбөмбөгийн түүхэнд нэрээ мөнхөлсөн, домогт тамирчин Оливер
Канн дэлхий дахинд алдартай. Дэндүү гайхамшигтай гэмээр хаалгачийн замналаа өнгөрүүлэхдээ тэрбээр “Titan” хочтой болж, байж болох бараг бүх л шагналын эзэн болсон. FIFA-гийн дэлхийн аваргад үзүүрлэж, Европын аварга, Германы аварга, Германы цом, Аваргуудын лиг, Тивийн аварга гээд олон шагнал, цом хүртэж байсан тэрбээр 2002 оны ДАШТ-ээс шилдэг тоглогч, шилдэг хаалгач, Дэлхийн шилдэг хаалгачаар 1999, 2001, 2002 онд гурвантаа, мөн Европын шилдэг хаалгачаар 1999, 2000, 2001, 2002 онд дөрвөн жил дараалан тодорсон юм.

Хөлбөмбөгийн топ зэрэглэлд 21 жилийнхээ амьдралыг өнгөрүүлсэн Канн 2008 оны тавдугаар сард бээлийгээ ханандаа өлгөсөн билээ. Үүнээс хоёр жилийн өмнө буюу 2006 оны ДАШТ шувтрахад тэрбээр олон улсын карьераа орхисон юм. Тэрбээр улсынхаа төлөө 86 тоглолтод оролцсоноос 49 удаад нь Германы шигшээ багийг ахалж, талбайд гарчээ.

Оливер Канн өдгөө телевизийн студийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм.
-Германы шигшээ багт гол өрсөлдөгч чинь байсан Йенс Леманн энэ улирал дуусгаад зодог тайлахаа мэдэгдээд байгаа. Энэ мэдээг хэрхэн хүлээж авсан бэ?

-Яг л таны адилаар хүлээж авсан даа. Энэ бол логик шийдвэр. Элит тамирчны хувьд хэн ч байсан өөрийнхөө тоглолтын төвшинг мэдэрч байдаг. Харин зодог тайлах хамгийн зөв үе бол бусад хүмүүс чамайг “та одоо хэр нь хамгийн шилдэг хэвээр байна” гэж хэлэх үед байдаг юм даа.
-Йенс Леманны үдэлтийн тоглолтод та оролцох уу?
-Мэдээж хэрэг тийм. Яагаад үгүй гэж бодоов? Хүмүүс биднийг дайснууд шиг л бодох юм. Гэтэл бид спортын өрсөлдөгчид шүү дээ.
-Германы шигшээ Кевин Кураньиг /сахилга алдаж, шигшээ багаас хөөгдсөн/ буцааж багтаа авах талаар ярилцаж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Тэр шигшээ багт байх ёстой юу, үгүй юу? Ер нь ямар боломж байна вэ?
-Йохам Лёв довтлогч нарын тал дээр сайн сонголт хийж чадсан, Клозе, Подольски, Кьесслинг гэх мэт. Түүнчлэн форм сайтай байгаа Кураньи ч багтана. Гэхдээ яг одоо форм сайтай байгаа тамирчдыг шигшээ багт сонгоно гэвэл сар бүр л дахин өөр багийг бүрдүүлж байх хэрэгтэй болно. Ер нь дасгалжуулагчийн хувьд асуудал хүндрэлтэй байдаг. Тэр зайлшгүй нэг довтлогчийг хасах л шаардлагатай тулгарна.
-Германы шигшээ багийн хувьд хаалгачийн асуудлаа шийдчихсэн. Түүгээр ч барахгүй олон нийтэд зарлачихсан. Рене Адлер гарцаагүй номер нэг хаалгачаар сонгогдлоо. Энэ зөв шийдвэр үү, бас зөв үед олон нийтэд зарласан гэж бодож байна уу? Одоогоос дөрвөн жилийн өмнө Леманн та хоёрын хэн нь номер нэг байхыг яг л тэмцээний өмнө зарлаж байсан санагдаж байна.
-Цаг хугацааны хувьд асуудалгүй гэж бодож байна. Учир нь бид итгэж найдаж болох тэр хүнээ олсон. Яг л Ван дер Саар, Касильяс, Чех нартай адил. Тэд бол яахын аргагүй эхний сонголт шүү дээ.
-2010 оны ДАШТ эхлэхэд хоёр сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тэмцээнийг урьдчилан харвал?
-Хөлбөмбөгчийн хувьд энэ бол байдаг л дэлхийн аваргын төлөөх тулаан. Дөрвөн жил тутамд дэлхийн шилдэг багууд, шилдэг тоглогчид халз тулгардаг тийм л тэмцээн. Энэ бол хөлбөмбөгт зориулсан фестиваль. Дэлхийн аваргын үеэр олон сонирхолтой зүйл болдог шүү дээ. Түүнчлэн зохион байгуулагч орны хувьд үнэхээр онцгой орчин бүрддэг.
-Дахиад ганц удаа дэлхийн аваргын дэвжээнд гарчих юмсан гэсэн бодол төрдөг үү?
-Үнэнийг хэлэхэд, хөлбөмбөгийн талбайд дахин гарахгүй гэхээр надад таатай санагддаг болсон. Би энэ бүхнийг харсан, үзсэн, биеэрээ туулж, амссан хүн. Тав, зургаан ч том тэмцээнд оролцлоо. Миний хувьд хөшиг үүгээр хаагдсан.
-Энэ жил дэлхийн аваргын алтан цомыг хэн авна гэж бодож байна? Германд боломж бий юу?
-Эцсийн өдөр бүх зүйл л ижил байдаг: Испани, Бразил, Итали, Франц, бас Герман ч багтана. Дэлхийн аваргын өмнө форм сайтай, бэлтгэл сайн хийсэн ч гэлээ жинхэнэ өрсөлдөөний талбарт огт өөрөөр эргэдэг шүү дээ. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бүхэн өөр өөр түүх бичдэг. Цаг агаар, уур амьсгалын нөхцөлд хэн хурдан, аль болох богино хугацаанд дасан зохицож чадсанд нь боломж илүү нээлттэй болдог. Гэхдээ хэрхэхийг тэр үеийн тэнгэр л мэднэ дээ.
-Германы шигшээ баг Бразил, Аргентин, эсвэл Италитай эн зэрэгцэх болов уу? Эсвэл арай болоогүй байгаа юу?
-Бид “Евро-2008”-ын дэд аварга германчуудын тухай ярьж байна шүү дээ. Би хувьдаа Германы шигшээ баг бусад топ зэрэглэлийн багуудтай ижил төвшинд хүрсэн гэдэгт итгэдэг. Бразил эсвэл Испанийн багийг ялах боломж бололцоо бүгд бүрдсэн. 2002 оны дэлхийн аваргад бид сонгон шалгаруулалтаас мултрах шахсан. Плей-оффт тоглож, арайхийж эрхээ авсан ч гэсэн тэр жил бид финалдаж чадсан шүү дээ.
-Зарим хүмүүс сүүлийн үед хаалгачийн үүрэг роль өөрчлөгдөж, багадаж байгаа талаар ярих болж. Зөвхөн бөмбөг хаах нь хангалттай биш, хаалгач талбайд гарсан бусад тоглогчдын адил байх ёстой гэдэг ч юм уу. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү? Таны үеийн хаалгачийн ажил одоогийнхоос амар байсан уу?
-Би үүнийг огтхон ч хүлээн зөвшөөрөхгүй. Намайг тоглодог байх үед хаалгач тоглолтыг уншиж, дамжуулалт, довтолгоог урьдчилан тооцоолж, шаардлагатай үед тоглолтын эрчим, хурдад нөлөөлөх нь чухал зүйл байлаа. Өнөөдрийн хаалгачид ч мөн адил шүү дээ.
-Дэлхийн хамгийн шилдэг хаалгач гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Миний бодлоор бол Жанлуижи Буффон. Тэр хамгийн туршлагатай, дэлхийн аварга болж байсан, түүнчлэн одоо шилдэг багт тоглож байгаа өндөр зэрэглэлийн хаалгая. Түүнд авьяас чадвар бий, дээр нь Буффон хүн чанар сайтай. Түүнд дэлхийн тэргүүн зэрэглэлийн хаалгачид байх ёстой бүх чанар цогцолсон гэж боддог.
-Германы шигшээ багийн ойрын хэдэн жилийн ирээдүйн төлөв байдал Мезут Озил, Томас Муллер, Марко Марин, Хольгер Бадштубер, Тони Кроос нарын авьяаслаг залуу тоглогчид байгаа учир сайнаар төсөөлөгдөж байна. Энэ талаар ямар бодолтой байдаг вэ? Тэд энэ жил чадахгүй юм аа гэхэд 2014 оны Бразилийн дэлхийн аваргад түрүүлж чадах болов уу?
-Өнөөдрийн залуу тоглогчид ур чадварын хувьд өргөн хүрээг хамарч байна. Гэхдээ ганцхан Германд ч бус хаа сайгүй л шилдэг залуу тоглогчид нэмэгдсээр байгаа. Өнөөгийн тоглогчид олон чадвартай болсон нь философи таласаа томоохон өөрчлөлт юм шүү. Зөвхөн нэг байрлалд мэргэшсэн тоглогч гэж бараг л байхгүй байна. Өөрөөр хэлбэл, сайн хамгаалагч байлаа гэж бодоход дамжуулалт сайн өгдөг, бас чөлөөт цохилт сайн гүйцэтгэдэг байхыг цаанаасаа шаардаж байна шүү дээ.
-Та сүүлийн үед телевизийн салбарт ажиллах болсон. Дэлхийн аваргын үеэр яах бол? Тоглохын оронд тоглолтын анализ хийх ч юмуу, тиймэрхүү ажлын санал ирж байна уу?
-Эхэн үедээ бол үнэхээр том өөрчлөлт байлаа. Учир нь тоглолтоосоо холдож чадахгүй байсан хэрэг. Харин холдож, хөндийрөх тусам өөр ажил хийхэд бэрхшээл багасч эхэлсэн. Ер нь бол надад бүтэн жилийн хугацаа шаардлагатай байсан шүү. Харин одоо бол анализ, шүүмжлэлийн тал дээр надад асуудалгүй болсон.
-Та тоглогчийн хувьд олон шагнал гавьяа хүртсэн. Аваргуудын лиг, ДАШТ-ийн шилдэг тоглогчид олгодог Алтан бөмбөг гэх мэт. Таны хувьд хамгийн үнэ цэнэтэй нь ямар шагнал вэ?
-Дэлхийн шилдэг хаалгачаар тодроход үнэхээр сайхан байсан. Мөн 2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг тоглогчийн шагнал хүртсэн тэр агшин гайхалтай. Надаас өмнө ямар ч хаалгач энэ шагналыг хүртэж байгаагүй. Би үүгээр маш их бахархаж явдаг шүү.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж