
Тэмцээнийг энэ жил МҮХАҮТ хамтран зохион байгуулж, Монгол-Оросын хамтарсан УБТЗ нийгэмлэг, МСS Интернейшнл ХХК ивээн тэтгэхээр болсон байна. Тэмцээнийг А,Б,C ангиллаар зохион явуулах аж. “А” ангилалд 2100-гаас дээш рейтингтэй шилдэг 20 шатарчин, “Б” ангилалд шилдэг найман эмэгтэй шатарчин, “С” ангилалд 2100-гаас доош рейтингтэй 52 шатарчин оролцох юм байна. 1996 онд болсон анхны тэмцээнд ОХУ, Казахстан, Узбекстаны нэртэй шатарчдыг урьж оролцуулсан бөгөөд манай залуу шатарчин Б.Хатанбаатар түрүүлж, их мастерын эхний баллаа авч байсан түүхтэй. Түүний араас Ц.Шаравдорж, Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг нар их мастер болцгоосон билээ. “Цагаан сар-1998” тэмцээнд ОХУ, Казахстан, Узбекстан, Буриадын их мастер, олон улсын мастерууд оролцсоны дотор ЗХУ-ын аварга В.Цешковский, их мастер, алдарт дасгалжуулагч Л.Панченко, А.Фоминых зэрэг нэртэй шатарчид оролцож, уг тэмцээний чансааг өргөж байсан ажээ. “Цагаан сар” шатрын тэмцээнийг амжилттай зохион явуулахад одоогийн ерөнхий сайд С.Батболд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч С.Дэмбэрэл, тэр үеийн Монголын шатрын холбооны тэргүүлэгчид байсан Н.Чулуунбаатар, Б.Ганболд, Ч.Чулуунбаатар нар ихээхэн сэтгэл, хүч чармайлт гаргаж байсан байна.