Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

“Евгений Онегин”
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн театрт П.И.Чайковскийн мэндэлсний 170 жилийн ойд зориулан түүний “Евгений Онегин” дуурь өнгөрсөн амралтын өдөр тайзнаа дахин тавигдлаа. Тус театрын тайзнаа анх 1963 оны 5 сарын 18-нд тоглогдож байсан Евгений Онегин дуурийн удирдаачаар Оросын холбооны улсын ардын жүжигчин А.П.Чепурной, найруулагчаар ЗХУ-ын ардын жүжигчин, төрийн шагналт Р.И.Тихомиров, зураачаар ЗХУ-ын ардын зураач И.В.Себастьянов нар монголын уран бүтээлчидтэй хамтран ажиллаа. Ийнхүү алдарт гурван бүлэг,долоон үзэгдэлт  “Евгений Онегин” дуурь, дуурийн театрийн тайзнаа орос хэл дээр тавигдлаа. Дуурийн гол дүрүүдэд:
  • Онегин – М.Болд /МУГЖ/
  • Ленский – Г.Шижирболд
  • Татьяана – Б.Энхтуяа /СТА/
  • Ольга – Ц.Ариунаа
  • Ларина – А.Долгор /АЖ/
  • Асрагч эх – Д.Долгормаа /БУГЖ/
  • Гремин – Р.Батболд нар тоглон, тосгоны иргэд, зочдод найрал дуучид, симфони найрал хөгжим, балетын жүжигчид оролцон тоглолоо.
Үдшийн гэгээнд Ларина авхай эдлэн газарт охид модны доорх сандал дээр дуулан, эх Ларина  асрагч эмэгтэйн  хамт үйл урлаж байгаагаар нэгдүгээр үзэгдэл эхэлнэ. Ларисагийн охидууд болох Татьяна, Ольга нар цэцэрлэгийн сандал дээр мөрөөдлийн романс дуулан сууцгаана. Хоёр охины хоршин дуулахыг сонссон Ларина, асрагч эх нар залуу цагаа дурсан ярилцана. Тариан талбайгаас ургацаа хураасан тариачдын дуулах нь алсаас сонсогдоход асрагч эх, Ольга хоёр тэр зүг хараа сунган догдлон хүлээнэ. Тариачид уламжлалт наадамдаа бэлдэцгээж байгаа энэ ажээ. Тариачдыг тэдний эдлэнд ирхэд Ларина дуулж бүжиглэхийг хүссэнээр бүгд хөгжилдөн дуулан бүжицгээнэ.
Тариачдыг явсны дараа тэдний хөрш зэргэлдээ амьдардаг залуу найрагч Ленский хотоос ирсэн найз Онегины хамт зочлон ирнэ. Ленский нь Ольгагийн сүйт залуу бөгөөд Петербургээс тосгонд ирж багагүй уйдан байгаагаа хөдөөний бүсгүйчүүдэд тайлбарладаг. Онегин Татьяанаг Ленскийгээс асуух зуураа ичимхий даруу зантай Татьяанаг шохоорхон харна. Онегины ирсэн явдал Татьяанагийн сэтгэлийг маш ихээр хөдөлгөх бөгөөд тэр хоёр ойр зуурыг ярилцан цэцэрлэгээр зугаалахад, Ленский ч мөн сүйт бүсгүй Ольгад сэтгэлийн үгээ илэрхийлэн энэ үдшийг ихэд таатай өнгөрөөцгөөнө. Асрагч эх бүгдийг хоолонд урьснаар нэгдүгээр үзэгдэл өндөрлөнө.
Шөнө дөл болжээ.Хоёр дугаар үзэгдэл Татьяанагийн өрөөнд эхэлнэ. Татьяанагийн өрөөний бүдэг гэрэлд асрагч эх цонхны хөшиг хаан, түүнийг халамжлана. Татьяанагийн сэтгэлд үргэлж Онегин бодогдоод асрагч эхийгээ явуулсны дараа Онегинруу тэмүүлэх хүчтэй мэдрэмж нь түүнийг захидал бичихэд хүргэнэ. Тэрээр шөнөжин  юу гэж бичихээ мэдэхгүй эргэлзэн түүнийг юу ингэтэл нь догдлуулаад байгааг гайхан хайраа илчилхээр шийдэн захиа бичдэг ч өөрийгөө хэт түргэдлээ хэмээн бичсэнээ базан ахиж бичсээр үүр цайлгана. Энэ нь Татьяанагийн хөдөөний, цэвэр орос охины хиргүй тунгалаг сэтгэлийн илэрхийлэл байлаа. Тэрээр хайр сэтгэлээ илчлэхээр  шийдэн захиа бичиж асрагч эхийгээ ирэхэд яаравчлан Онегинд хүргэж өгөхийг гуйдаг. Асрагч эх Татьяанагийн хүсэлтийг биелүүлэхээр явсанаар хоёрдугаар үзэгдэл өндөрлөнө.
Гурав дугаар үзэгдэл Ларины эдлэнгийн ойролцоох цэцэрлэгийн хусан төгөлд жимс түүж буй бүсгүйчүүдийн хөгжилтэй дуулах цээл, цовоо хоолой сонсогдоно. Сэтгэл хөдөлсөн Татьяана Онегин нарын уулзалт. Үнэн сэтгэлээ илэрхийлсэн Татьяана хайр сэтгэлд туршлагатай гэж өөрийгөө боддог Онегины илэн далангүй яриа энэ төгөлд болно. Тэрээр Татьяанад хайрын тухай ярин тэдний хайр сэтгэлийн холбоо аз жаргал авчрахгүй гэж номлоход сэтгэл догдлолоо барьж ядан байсан Татьяанагийн итгэл найдвар талаар болсонд харуусан нулимсаа барьж ядан гүйн оддог.
Ларинагийн гэрт Татьяанд зориулан хийж байгаа найраар дөрөв дүгээр үзэгдэл эхэлнэ. Найранд хавь ойрын баячууд, залуучууд бүгд цугларсан байх ба хөдөөх амьдралын уйтгараас ангижран цэнгэцгээдэг. Ленский Онегиныг энд дагуулж ирсэн харагдана. Зочид ууж идэн, хөзөр тоглон, дуулж, бүжиглэн наргих зуур Онегин Татьяанаг урин бүжиглэдэг. Хүмүүс түүний тухай элдэв янзын явган яриа дэлгэхэд Онегин шар нь хөдөлж дагуулж ирсэн Ленскийг чадахаар шийдэн түүний сүйт бүсгүй Ольгагийн хойноос хөөцөлдөн Ленскийгээс холдуулан бүжиглэнэ. Энэ тоглоом нь хөнгөн болчимгүй Ленскийн хувьд шоглоом болон хувирдаг. Ленский Ольгатай уулзан яагаад өөрийг нь үл тоон Онегинтой бүжиглээд байгааг асуудаг ч залуу бүсгүй чи хардаад байгаа болохоос бид зүгээр л наргин хөгжилдөж байна гэж Ленскийн уурыг улам бүр бадраадаг. Найзыгаа олон зочдын өмнө гутамшигт байдалд өөрийг нь хүргэлээ хэмээн Ленский Онегинтой хэрэлдэн маргалдаж  үхлийн буудалцаанд дууддаг. Энэ явдалд зочид гайхан, сандарцгаан ам амандаа  элдвийг ярилцана. Ольга сүйт залуугаасаа болчимгүй алхамаа буцаахыг ятгавч Ленский нэгэнт шийдсэн хэмээн найрыг орхин одоход эх Ларина, Ольга хоёр ухаан алдан унах дөрөв дүгээр үзэгдэл төгсөнө.
Цас бударсан ойн цоорхойд болзсон газраа Ленский хүлээж байгаагаар тав дугаар үзэгдэл эхэлнэ. Онегин цагтаа ирдэггүй. Түүнийг хүлээх зуураа залуу найрагч хоромхон зуурын амьдрал, өршөөлгүй хувь заяа, сүйт бүсгүй Ольгагийнхаа тухай бодлогширон гунигтайгаар дуулна. Онегин хоцорч ирсэндээ уучлал гуйн хоёр талын дагуулан ирсэн гэрчүүд буудалцах бууг шалгана. Тэд найз нөхдийн ёсоор эхлээд тэврэлдэн буугаа аван халз буудалцаанд салан алхацгаадаг. Ленский, Онегин хоёр гадуур хүрмээ цасан дээр хаялан эргэн харж буудалцана. Буун дуу орчныг цочоон тас хийхэд Ленский хөсөр уналаа. Онегин хөдлөж ч чадахгүй дуугаа хураан яахаа мэдэхгүй хэсэг зогсоход гэрч Ленскийг “үхжээ” гэдэг үг түүнийг ухас хийн Ленскийн зүгрүү хөтөлнө. Найзыгаа дэргэд гашуудан уйлж буй Онегины эмгэнэлт хувь заяагаар тав дугаар үзэгдэл төгсөнө.
Зургаа дугаар үзэгдэл эхлэхэд Петербургийн нэгэн том ордонд ихэс дээдсийн найр болж байна. Удаан хугацаагаар хэрэн тэнэсэн Онегин мөн энд ирсэн байв. Ордны байдал ихэд тансаг, болор унжуурга бүхий том том гэрлийн бүрхүүл, цэлийсэн уудам  гял цал танхим, энд тэнд хундага харшуулан хоорондоо ярилцах ихэмсэг зочид, хөгжмийн намуухан аянд хөнгөхөн вальс эргэлдэх залуус, дэвүүр сэвэн инээлдэх хатагтай нар гээд л дээдсийн найр сайхан болж байлаа. Цугларсан зочид ихэд хүндэтгэлтэйгээр нэр цуутай генерал эрхэмсэг ван Гремин болон түүний залуу гэргий хатагтай Татьяана нарыг угтан авав. Бүгд л тэдэнд мэхийн ёслон ирж мэндийг нь асууна. Дээдсийн хувцас, үнэт гоёл бүхий үзэсгэлэнт Татьяанаг харсан Онегин өөрийн нүдэндээ ч үл итгэн гайхан алмайрдаг. Онегин ван Греминтэй ярилцан байхад зочдын хүндэтгэл хүлээн сууж байсан Татьяана гэнэт түүнийг олж харан таних ба санаандгүй учирлаас сэтгэл нь үймрэн бие алжаасан нэрээр найрыг орхихыг нөхрөөсөө хүсэн  тэд явцгаадаг. Цочирдсон Онегин ч урьд хийсэн өөрийн алдааг мэдрэн найрыг орхин одсоноор зургаа дугаар үзэгдэл өндөрлөнө.
Ван Гремины гэрт охин насныхаа цайлган дурлалыг санагалзан буй Татьяанаг өрөөндөө ганцаараа байх үед гэнэт Онегин орж ирэн өвдөг сөхрөн урьдын алдаандаа харамсаж буйгаа хэлэн тэр сайхан мэдрэмжээ эргүүлэн өгөхийг үнэн сэтгэлээсээ Татьаянагаас хүснэ. Эдүгээ хүртэл түүнд хайр сэтгэлтэй байгаагаа Татьяана хэлдэг ч түүнд бидэнд цаашид ямар ч боломж байхгүй би одоо өөр хүнийх болсон, миний хувь заяа шийдэгдсэн, би түүнд үүрд үнэнч  байна гээд Онегины тэврээс мултран орхин гардаг. Цор ганцаар үлдсэн Онегин үнэнч дурлалын өмнө яаж шившиг болсноо ойлгон харуусан шаналж буйгаар дуурь төгсөнө. Онегины хувьд аз жаргалгүй төгсгөл ч амьдрал түүнд ихийг ойлгуулсан. Хайр сэтгэл, нөхөрлөлийн үнэ цэнийг ухааруулан үзэгчийн суудлаас догдлуулж, тансаг үдэшлэгт гэгэлзүүлэн , цайлган бүсгүйтэй захиа хамтран бичүүлсэн  сайхан дууриас сэтгэл хангалуун гэрийн зүг харилаа.
Г.ДАША
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж