“Челси” долоон гоол оруулав

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

“Челси” долоон гоол оруулав

Лондонгийн “Челси” өнгөрсөн шөнө Стэмфорд Бриж цэнгэлдэхдээ “Стоук сити”-г 7:0-ээр бут ниргэж, лигийн тэргүүн байраа “МанЮ”-гаас буцаан авлаа. Бямба гаригийн үдэш лигийн 36 дахь тойргийн тоглолтоо хийж, “Тоттенхэм”-ийг 3:1 харьцаатай хожсоноор лигийг тэргүүлж эхэлсэн “Манчестер Юнайтед”-ийн тэргүүлэл ердөө 24 цаг үргэлжлэв. Тоглолтын эхний хагас өндөрлөхөд л тооны харьцаа 3:0 болсон байсан бөгөөд “Цэнхрүүд” талбайдаа илт илүүрхэж, өрсөлдөгчөө төвөггүй буулган авснаар улирлын тоглолтууд өндөрлөхөд хоёр тоглолт дутуу байхад “Улаан чөтгөрүүд”-ээс нэг онооны илүүтэй болов. Энэ улирлын тоглолтууд эхэлснээс хойш Карло Анчелоттигийн цэргүүд ийнхүү гурав дахь удаагаа Премьер лигийн тоглолтод долоон гоол оруулж байна. Харин Калу анх удаагаа хет-трикийн эзэн болсон юм. Тэрбээр 24 дэх минутад Дидье Дрогбагийн дамжуулалтаар тооны харьцааг нээсэн бөгөөд удалгүй дахин гоолдсон юм. Гурав дахь гоол ч мөн Калутай холбоотой. Түүн дээр алдаа гаргасан учир шүүгч торгуулийн шугам руу зааж, улмаар Фрэнк Лампард торгуулийн цохилтоор тооны харьцааг 3:0 болгожээ. Тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд Калу дахин өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулж, анх удаагаа хет-трик хийсэн бөгөөд цаашид гоолын бороо асгарч, 81 дэх минутад Лампард, 87 дахь минутад Старриж, улмаар 89 дэх минутад Малуда гоолдсоноор “Цэнхрүүд” долоон гоол оруулж, харин өрсөлдөгчдөө ганц ч бөмбөгийн боломж олгосонгүй.
Мөн өнгөрсөн шөнө “Ливерпуль” 4:0 харьцаагаар “Барнли”-г талбайд нь буулган авчээ. Багийн ахлагч Стивен Жеррард дубль хийж, эхний гоолыг Макси Родригез, харин сүүлийн гоолыг Рьян Бабель оруулсан байна. Тэд ирэх долоо хоногт Энфилд цэнгэлдэхдээ “Челси”-г хүлээн авах юм.

Өнгөрсөн шөнө болсон тоглолтын дүн:
“Астон Вилла” 1:0 “Бирмингхэм”
“Барнли” 0:4 “Ливерпуль”
“Челси” 7:0 “Стоук Сити”
“Эвертон” 2:1 “Фулхэм”

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж