Улсын сайн малчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Улсын сайн малчид тодорлоо

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарын өмнө Засгийн газраас улсын сайн малчин, тэргүүний тариаланчдыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил Улсын сайн малчнаар улсын хэмжээнд 43 хүн шалгарсны гурав нь Баянхонгор аймгаас тодорчээ. Баацагаан сумын малчин Цозонгийн Цогбадрах, Өлзийт сумын малчин Даваадоржийн Батбаяр, Баян-Овоо сумын малчин Бямбын Лхагвасүрэн нарын “Улсын сайн малчин” цол тэмдгийг УИХ, ЗГ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар гардуулсан юм.
Өлзийт сумын малчин Даваадоржийн Батбаяр 36 настай, залуу үеийн малчдын төлөөлөл юм. Тэрээр 16 настайгаасаа мал маллаж, хөдөлмөрийн гараагаа эхлэж байжээ. Хорин жилийн турш тасралтгүй мал маллах арга ухаанд суралцан, арвин туршлага хуримтлуулж байгаа түүний хөдөлмөрийг төр засгаас үнэлэн, урамшуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлж байв. Улсын сайн малчин Д.Батбаяр 2007 онд аймгийн аварга малчин болж байжээ. Эднийх Өлзийт сумынхаа хоёрдугаар багийн нутаг Гуя хэмээх газарт өнөтэй сайхан өвөлжиж байна. Нийт 1400 гаруй толгой малтай бөгөөд олонхийг ямаан сүрэг эзэлдэг байна. Таван га газрыг хашиж хамгаалан бэлчээрээ зохистой ашигладаг, малын хашаа хороо гурвыг барьж мал сүргийн ая тухтай байдлыг хангасан гээд  ажилч хүний гараар бүтсэн олон зүйлийг нэрлэж болохоор байна. Мөн малын индексжүүлсэн даатгалд идэвхитэй хамрагддаг бөгөөд сүүлийн гурван жилийн байдлаар 860 гаруй мянган төгрөгөөр малаа даатгуулсан нь аймгийн хэмжээнд дээгүүр орох үзүүлэлт ажээ. Улсын сайн малчин цол гардуулах үеэр нь аймгийн удирдлагууд байлцан, аймгийн Хөгжимт драмын театрын уртын дууч, морин хуурчид гэрийн жаврыг үргээн ая, эгшгийн цэнхэр хадаг өргөж, хүндэтгэл үзүүлсэн юм.

    Цозонгийн Цогбадрах 33 жил мал маллаж байгаа бөгөөд 1996 онд аймгийн аварга малчин болжээ. Эднийх 2300 шахам малтай бөгөөд сүргийн бүтцийг тэмээ болон бог мал эзэлдэг байна. Сүүлийн жилүүдэд 100 эхээс 100,2 төл бойжуулж байгаа, мал сүргээ зүй бус хорогдолгүй  өсгөдөг үлгэр жишээ малчин гэдгийг сум орон нутгийн удирдлагууд нь танилцуулж байсан. Улсын сайн малчин болсон Ц.Цогбадрахын хувьд өөрийн амины мал сүргийг өсгөн үржүүлэхэд анхаараад зогсохгүй 12 өрхийг малжуулахад 723 малаа зориулжээ.Тэрээр хадлан тэжээл бэлтгэх, бэлчээр хашаажуулан ашиглах зэргээр мал сүргээ тавтай өсгөж үржүүлэхэд ихээхэн анхаардаг байна.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж