Дөрвөн жил тутамд зохиогддог нэр хүнд, цар хүрээгээрээ зуны олимпийн наадмаас ч илүү энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээний үндсэн маскот нь “Закуми” нэртэй ногоон үст шар ирвэс /леопард/ юм. Зохион байгуулагч орны шигшээ багийн үндсэн өмсгөл нь ногоон болон шар өнгөний хослол учир үүнийг бэлгэдэж, “Закуми”-гийн их биеийг шар өнгөөр, харин үсийг нь ногоон өнгөөр дүрсэлжээ. Харин нэрний тухайд Өмнөд Африкийн олон улс дахь товчлол болох “ZA”, дээр нь “kumi” буюу “10” гэсэн утгатай үгийг нийлүүлснээр “Өмнөд Африк-2010” гэх утгыг илэрхийлж байгаа юм.
Тэмцээний шагналын сан энэ жил 420 сая ам.доллар болсон нь 2006 оны дэлхийн аваргаас 60 хувиар нэмэгдсэн дүн бөгөөд тэмцээнд шалгарсан 32 багийн бэлтгэлд зориулж, тэмцээн эхлэхээс өмнө тус бүр нэг сая ам.долларын мөнгөн шагнал олгодог юм. Харин тэмцээн эхэлсний дараа буюу хэсгийн тоглолтоос хасагдсан ч гэсэн найман сая ам.долларын шагнал хүртэх бөгөөд шөвгийн наймд шалгарвал 18 сая, хагас шигшээд 20 сая, харин түрүүлсэн баг 32 сая, үзүүрлэсэн нь 24 сая ам.долларын мөнгөн шагналын эзэн болох учиртай.
Харин тэмцээний албан ёсны бөмбөгний тухайд “Adidas” компанийн урласан “Jabulani” нэртэй бөмбөг юм. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөмбөг нь 11 өнгөөс бүрдэх бөгөөд бэлгэдэл нь талбайд 11 тоглогч байдаг, дээр нь Өмнөд Африкт 11 албан ёсны хэл бүртгэгдсэн байдаг, мөн тэмцээн 11-нд эхлээд 11-нд өндөрлөх юм.
Энэ удаагийн ДАШТ-ий бас нэгэн онцлог нь FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ анх удаагаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 3D дүрслэлээр үзүүлэхээр болсон билээ. Дэлхийн шилдэг 32 багийн тулааныг яг л дунд нь байгаа мэт үзэж, нүдний урдуур сум мэт салхи исгэн харвах бөмбөгийг мэдрэх боломж олгохын тулд FIFA Японы “Sony” корпорацитай хамтран ажиллах гэрээ байгуулж, сар гаруй хугацааны дараа Өмнөд Африкт эхлэх ДАШТ-ий 25 тоглолтыг дэлхийн зарим улс оронд гурван хэмжээст дүрслэлтэйгээр гаргахаар болжээ. Тэдгээрт зохион байгуулагч Өмнөд Африк болон Мексикийн шигшээ багийн хооронд болох нээлтийн тоглолт, хэсгийн болон шигшээ тоглолтууд багтсан байна.
Түүхэндээ дөрвөн удаа аваргалж байсан Италийн шигшээ баг энэ жил аваргаа хамгаалан өрсөлдөх бөгөөд Европ тивээс Испани, Герман, Англи, Голланд, Франц, Өмнөд Америкаас Бразил, Аргентин зэрэг хөлбөмбөгийн спортын хөгжил, ур чадвар, чанар чансаагаараа дэлхийд гайхагдсан топ зэрэглэлийн багууд бүхэл бүтэн дөрвөн жил хүлээсний эцэст мөрөөдлийнхөө төлөө тэмцэлдэх юм. Дашрамд дурдахад, 1998 онд дэлхийн аваргыг нутагтаа зохион байгуулж, аваргалсан Францын шигшээ баг Европын плей-оффын шатанд Ирландтай тоглож, Тьерри Анригийн “гараар дамжиж орсон гоол”-ын ачаар шалгарсан гэдгээр багагүй шүүмжлэлд өртөөд байна.
FIFA-гийн 19 дэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний тоглолт зургадугаар сарын 11-ний баасан гаригт Йоханнесбург хотноо баригдаж буй “Soccer City” цэнгэлдэхэд болох ба уламжлалын дагуу зохион байгуулагч “Бафана Бафана” “А” группт Мексикийн шигшээ багтай тоглоно. Мөн энэ хэсэгт Франц болон Уругвайн шигшээ багууд таарчээ. Харин тэмцээний аваргын төлөөх тулаан тэмцээний нээлтээс хойш яг сарын дараа буюу долдугаар сарын 11-нд мөн “Soccer City”-д болох юм.
Хамгийн хүчирхэг багууд багтсан хэсгийг “үхлийн” хэмээн нэрлэдэг. Түүхэндээ таван удаа дэлхийн аваргын цом хүртсэн Бразил, “Европын Бразил” гэгддэг Португаль, Африкийн хамгийн хүчирхэг баг болох Зааны ясан эрэгийн багууд нэг дор цуглан, “G” хэсэгт багтсан нь яахын аргагүй энэ удаагийн ДАШТ-ийг чимж байна. 1966 оны дэлхийн аваргад шөвөглөснөөс хойш анх удаагаа шилдэг 32-ын тулаанд өрсөлдөх гэж буй БНАСАУ-ын шигшээ баг мөн энэ хэсэгт багтаж, “G” хэсгийг бүрдүүлж байгаа юм.
Харин Англи болон АНУ-ын шигшээ багийн хувьд оноолт тун аятайхан таарсан гэж болно. Тэмцээний “С” группт Словень болон Алжирийн хамт хуваарилагдсан учир шөвгийн 16-д шалгарна гэдэгт мөрий тавьсан ч болох болов уу. Гэхдээ бөмбөг бөөрөнхий гэдэгчлэн дэлхийн аваргын ногоон дэвжээнд тоглолт хэрхэн өрнөхийг урьдаас таамаглахад бэрх.
Дэлхийн аваргын “В” хэсэгт хошой аварга Аргентиний шигшээ багтжээ. Домогт хөлбөмбөгч Диего Марадонагийн удирдлага дор сонгон шалгаруулалтаас “мултрах” шахсан аргентинчууд Грек болон Нигерийн хамт өрсөлдөнө. Дашрамд сонирхуулахад, 1994 оны АНУ-д болсон ДАШТ-д дээрх гурван баг мөн нэг хэсэгт багтан өрсөлдөж байжээ. Харин энэ удаад тэдний хамт 2002 оны дэлхийн аваргын шөвгийн дөрөвт багтаж байсан БНСУ-ын шигшээ баг өрсөлдөнө.
Дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багийн хувьд амаргүй даваа хүлээж байна. Европын сонгон шалгаруулалтад яруу алдарт Францын шигшээг ардаа орхиж, хэсэгтээ тэргүүлсэн Сербийн багаас гадна Автсрали болон Ганын чанга багууд “D” хэсэгт багтсан байна. “Германы машинууд”-ыг дасгалжуулж буй Йохим Лёв сугалааны талаар “Бид Сербийн шигшээд их ач холбогдол өгч байгаа. Тэд сонгон шалгаруулалтад хэрхэн тоглож, чухам ямар байдлаар Францыг ардаа орхисныг олж мэдэх гэж тэдний тоглолтын бичлэгийг судалж байна” гэжээ.
Энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтаас эхлээд л тун азтай байгаа Голландын шигшээд дахин азын тэнгэр ивээсэн. Европын бүсийн хамгийн сүүлийн буюу 9-р хэсэгт сул багуудтай таарч, хэсгийн найман тоглолтдоо бүгдэд нь ялснаар 100 хувийн амжилтаар дэлхийн аваргын эрхээ авсан “Улбар шарууд” тэмцээний “Е” хэсэгт Дани, Камерун болон Японы багуудтай тоглохоор учраа таарсан учир шөвгийн 16-д шалгарахад тийм ч хэцүү биш байх болов уу.
Дэлхийн аваргын сугалаа хоёр улсын шигшээ багт туйлын тааламжтай сэтгэгдэл төрүүлсэн гэж болох юм, аваргаа хамгаалан тоглох Итали болон Европын аварга Испани. “Скуадра Аззура” хочит италичууд Парагвай, Шинэ Зеланд болон дэлхийн аваргад анх удаа хөл тавьж буй Словакийн багийн хамт “F” хэсэгт багтсан бол “Ялагдашгүй Армада” гэгддэг Испанийн шигшээ Швейцарь, Гондурас болон Чилийн хамт “Н” хэсэгт өрсөлдөнө. Хэдийгээр харьцангуй гайгүй сугалаа таарсан ч Италийн шигшээ багийн дасгалжуулагч Марчелло Липпи сэтгэл амрахгүй гэдгээ илэрхийлээд, “Би санаа зовохгүй байгаа ч бас баярлахгүй байна. Бид асуудалд бодитоор хандах хэрэгтэй, тэд бүгд хүчтэй өрсөлдөгчид. Тэднийг ялах амар биш, гэхдээ хэцүү ч биш. Гэхдээ тэднийг дутуу үнэлж, басамжилвал хэцүүхэн зүйлтэй учирна” гэжээ.
ДАШТ-ий оноолт:
“А” хэсэг: Өмнөд Африк, Мексик, Уругвай, Франц
“В” хэсэг: Аргентин, Нигер, БНСУ, Грек
“С” хэсэг: Англи, АНУ, Алжир, Словень
“D” хэсэг: Герман, Австрали, Серби, Гана
“E” хэсэг: Голланд, Дани, Япон, Камерун
“F” хэсэг: Итали, Парагвай, Шинэ Зеланд, Словак
“G” хэсэг: Бразил, БНАСАУ, Зааны ясан эрэг, Португаль
“H” хэсэг: Испани, Швейцарь, Гондурас, Чили
С.Цэлмэг