Пропорциональ тогтолцоогоор үзээд алдахаар шийдэх нь

Хуучирсан мэдээ: 2010.04.26-нд нийтлэгдсэн

Пропорциональ тогтолцоогоор үзээд алдахаар шийдэх нь

-Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн зарчимд тулгуурласан энэ төслөөр бол улс орон даяараа сонгуулийн нэг тойрог болно. Ийм нэг тойрогтой зарчмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулдаг-
УИХ-ын гишүүд энэ хаврын чуулганаараа сонгуулийн тухай хуульд “их засвар” хийхээр боллоо. УИХ-ыг анх бүрдүүлсэн 1992 оноос хойш мажоритар тогтолцоогоор сонгууль хийсээх ирсэн билээ. Цааш ингэж явж болохгүй гэсэн шийдэлд эрхэм гишүүд одоо л нэг хүрэх янзтай.
Мажоритар тогтолцоо буюу улс төрийн намаас болон бие даан нэр дэвшигчдийн тухайн тойргийнхоо сонгогчдоос хамгийн олон санал авсан хүнийг эрэмбэлж УИХ-ын гишүүнээр сонгодог байсан зарчим Монголд одоо үеэ элээжээ. Мөнгө төгрөгийн амлалт, сонгогчдодоо тараах гурил будаа, жил бүрийн төсөв батлах үед тойрог руугаа татах хөрөнгө, бүр байчихаад татвар төлөгчдийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь сонгогдсон газар руугаа өөрийн нэрэмжит болгон илгээх гээд зүсэн зүйлийн муу талууд таван удаагийн сонгуульд хэрэглэсэн мажоритар системээс цухуйсныг эрхэм гишүүд хүлээн зөвшөөрч байна.
Өмнө нь 1992, 2008 онд томсгосон 56 тойргоор, 1996, 2000, 2004 онд жижигрүүлсэн 76 тойргоор мажоритар системийг хэрэглэсэн юм. Гэвч 1992, 2000 онд сонгогчдын 40 гаруй хувийн саналыг авсан ардчилагчид болон бие даагчид дөрвөөс зургаан суудалтай л хоцорч, 50 илүүхэн хувьтай МАХН парламентын үнэмлэхүй олонхи буюу 70 гаруй суудлыг бүрдүүлж байв. 2004 онд ардчилагчид олонхи болох боломжоо алдсан.
Түүх сөхвөл 1992-1996 оны УИХ-д МАХН 70, “Ардчилсан холбоо” эвсэл дөрөв, МСДН нэг, бие даагч нэг суудалтай байв. Харин 2000-2004 оны УИХ-д МАХН 72, “Ардчилсан холбоо” эвсэл нэг, ИЗН-НН нэг, Эх орон-МАШСН нэг, бие даагч ганц суудал авсан. Эдгээр сонгуульд ардчиллын төлөө саналаа өгсөн сонгогчдын тал орчим хувь нь УИХ-д төлөөллөө алдсан юм. Энэ мэт муу тал мажоритар системээс татгалзах шалтгаан болж байна. Харин пропорциональ буюу намуудын нэрээр явуулсан санал хураалтыг үндэслэн авсан саналын хувьд тэнцүүлж суудал хуваарилдаг зарчмыг манайд 1990 онд хэрэглэж анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хурлыг бүрдүүлж байв. Хувь тэнцүүлж аль намаас хэн хэн Улсын Бага Хуралд суухыг харин тухайн үеийн парламентын дээд танхим болох Ардын Их Хурлаар шийдсэн юм.
Одоогоор УИХ-ын гишүүд пропорциональ системээр сонгууль явуулах хоёр төслийг өргөн бариад эхнийхийг нь намын бүлэг, байнгын хороодоор хэлэлцэж байгаа юм. УИХ-аас гаргасан, УИХ дахь МАХН, Ардчилсан намын бүлгийн дарга нар оролцсон ажлын хэсгээс эхний төслийг санаачилсан юм. Пропорциональ буюу хувь тэнцүүлсэн зарчимд тулгуурласан энэ төслөөр бол улс орон даяараа сонгуулийн нэг тойрог болно. Ийм нэг тойрогтой зарчмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг явуулдаг.
Ажлын хэсгээс өргөн барьсан төслөөр бол сонгуульд өрсөлдөх улс төрийн нам бүр 76 нэр дэвшигч “сойх” ёстой. Түүний дотор хоёроос доошгүй үндэсний цөөнх болох казах  нэр дэвшигч, бас 15-аас доошгүй хувьд нь эмэгтэйчүүд орсон байх ёстой. Мөн санал хураалтыг ням гаригт явуулахаас татгалзаж долоо хоногийн лхагва гаригт шилжүүлэхээр тусгажээ. Амралтын өдөр сонгууль явуулахад хүмүүсийн идэвх сул байдгаас тийнхүү нэг ажлын өдрийг амралтын болгон санал хураалтад зориулахаар болгоод байгаа аж. Ажлын хэсгийн төслөөр саналыг хүнээр бус “ухаантай” хайрцгаар тоолуулна гэж байгаа. Техник намд “урвахгүй” тул АНУ-аас санал тоолдог машин авна хэмээн тооцоолжээ. Гэхдээ манайхан техникийг монголчлохдоо гаргууд тул машиныг буруу тоолдог болгоод засчихаж мэдэх л юм.
Бас санал хураалтаар долоон хувийн босго давсан нам л нэр дэвшигчээ УИХ-д оруулахаар төсөлд тусгажээ. Энэ нь жижиг намууд парламентад  суух эрхийг хавчиж байна гэсэн үг одооноос дуулдаад эхэллээ. Төслөөр бие даагчийг хориглоогүй ч тэд өрсөлдөхөд нэлээд төвөгтэй болжээ.  Бие даагчид эвсэл байгуулж үзэлцэхгүй л бол гарч ирэхэд тун төвөгтэй гэнэ.  өөр аргагүй. Энд нэг онцлог байгаа нь УИХ-ын гишүүн хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ гүйцээх боломжгүй болсон бол нөхөн сонгууль хийхгүй. Авсан саналын хувиараа сонгуульд аман хүзүүдсэн  дараагийн хүн орж ирэхээр болжээ. Харин Л.Болд нарын гишүүдийн өргөн барьсан төслөөр бол сонгогчид нэр дэвшигч, нам хоёрт зэрэг санал өгнө. Гэхдээ мөн л пропорциональ систем юм. Нам, эвслийн нэрээр, мөн тухайн нам, эвслээс нэр дэвшсэн буюу бие дааж нэр дэвшигчийн нэрээр санал өгөх гэсэн ийм хоёр жагсаалтыг сонгогч гар дээрээ авч, тэндээсээ сонголтоо хийнэ гэсэн үг.
Мөн Монгол Улсыг хүн амын тоо тэнцүү байхаар бодож наймаас арван тойрогт хуваахаар болж байгаа юм. Бие даагчид ч 801 хүний гарын үсэг цуглуулдаг зарчмаараа нэрээ дэвшүүлээд өрсөлдөнө. Энэ хувилбарыг бодит байдалд нэлээд ойр төсөл хэмээн хуулийн хүрээнийхэн үзэж байна. Энэ төслөөр намуудад мөн л босго тавина. Зарчим нь эхлээд сонгуулийн босго хэмжүүрээр, сонгогчдоос авсан саналын хувиар намуудад суудал хувааж өгнө. Хэрэв тойрогт мандат сондгойрч үлдвэл үлдсэн мандатыг хамгийн их үлдэгдлийн зарчмын аргаар санал хуваагч хэрэглэн хуваарилахаар зохицуулсан байна. Харин түүний дараа мандат үлдвэл шодох арга хэрэглэнэ гэжээ. Өөрөөр хэлбэл, нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн авсан хүчинтэй саналын тоо тэнцвэл СЕХ шодох арга хэрэглэнэ гэсэн үг.
Ямар боловч энэ удаа гишүүд пропорциональ хувилбарыг сонгох нь тодорхой болоод байна. Харин ямар хэлбэрээр батлахыг хэлэлцүүлгийн явцад шийдэх юм.
Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж