
-Шинэхэн бүтсэн клипнийхээ тухай сонирхуулаач, ямар нэртэй дуундаа клип хийлгэсэн бэ?
-Анх “Холливуудад зорчих тасалбар” шоуны зохион байгуулагчдын зүгээс шоуны сүлд дуу “Ticket to Hollywood”-г дуулаач ээ гэсэн санал ирсэн. Дуучин Хонгортой нийлж энэ дууг дуулан уг шоуныхантай холбоотой ажиллаж эхэлсэн. Дээрээс нь би шинэ дуунуудаа гаргаад удаагүй байсан болохоор энэ шоунд нэг клип хийлгэх даалагвар байгаа үүнд шинэ дуу, уран бүтээлүүд чинь байвал энэ даалгавартаа оролцуулан дүрсжүүлье гэсэн. Маш их таалагдсан ч аз сорьсон хэрэг байсан. Яагаад гэвэл урьд нь хамтарч ажиллаж байгаагүй студитэй хамтран ажиллана гэхээр амаргүй байсан. Одоо чинь шинэ залуу, туршлагатай, туршлагагүй янз бүрийн студиуд олноороо байгуулагдсан. Нэг дуугаа өгөөд шинэ уран бүтээлээ ямар болохыг мэдэхгүй ч азаа үзэхээр шийдсэн. “Хайрын түүх” дуундаа “A-artist” студийн Алтантуяа найруулагчаар клипээ хийлгэсэн. Аз болж “A-artist” миний дууг сугалж таарсан. Тэд надлуу утасдаад чиний дуун дээр ажиллахаар боллоо гээд бид уулзацгаасан. Дууны клипны санааг тэд надад санал болгосон. Япон эмэгтэйн амьдралыг харуулахаар зорьсон. Энэ дуу бол хайрын тухай дуу заавал япон эмэгтэй гэдэг нь чухал биш гаргаж харуулахдаа л илүү өвөрмөц байлгах тал дээр бодолцсон. Уг дуу нь ардын дуу ч “R&B” стиллээр дуулсан дуулал нь ардынх ч аранжровкийг нь “R&B” стилттэй болгосон. Ардын дууны клип гэхээр л энгийн тал нутаг, гэр оролцуулан хийлгүй арай өвөрмөц содон байлгахыг зорьсон.
-Клипнийхээ санааг яагаад гейшагийн амьдралаар хийсэн юм бэ?
-Сонин шийдлээр өнгөлөг хийвэл дээр байх гээд гейшагийн амьдралыг сонгосон. Манай зарим нэг хүмүүс гейшагийн талаар буруу ойлголттой байдаг байж магадгүй. Гэхдээ гейша гэдэг бол маш өндөр боловсролтой, бүх тал дээр төгс бэлтгэгддэг боловсролтой, хүнтэй сууж, хүүхэд гаргаж болдоггүй, хэн нэгэнд дурлах эрхгүй сайхан гоё л хүн байдаг. Гейша ч гэсэн сэтгэл зүрхтэй эмэгтэй хүн л юм чинь хүнд дурлаад тэр бүх зовлонгоо даван аз жаргалтай төгсөж байгаагаар хийе гэсэн санааг тэд хэлсэн.
-Өөрийг чинь уран бүтээлийн тооноос илүү чанрыг эрхэмлэдэг, богино хугацаанд хийсэн бүтээл чанаргүй болдог гэсэн ойлголттой байдаг гэж сонссон энэ клип сэтгэлд чинь хүрсэн үү?
-Хоёр, гуравхан хоногт клипний бүх ажлаа амжуулаад монтаж дээрээ хоёр хоног сууна гээд л цаанаасаа давчуу хугацаанд бүхнийг хийнэ гэдэг амаргүй байсан. Гэхдээ цаанаас нь хувь тавилан их харсан./инээв/ “A-artist”-н уран бүтээлчид сэтгэл гаргаж хийсэн. Клипний бэлтгэл ажилд ихэнх чимхлүүр зүйлсийг гар аргаар хийсэн. 100 шахуу цаасан дэнлүүг гараараа хийн дотор нь лаа асаагаад л, гоё эфектүүдийг хийж өгсөн нь таалагдсан. Тэд нар ч энэ удаагийн даалгавартаа ялагч болохыг хүсэж би ч бас нэгэнтээ хийж байгаа юм чинь сайн, гоё клиптэй болох гэж аль аль талаасаа хичээсэн. Зөвхөн эд нар л хийх ёстой юм чинь гээд хаячихаагүй, хоорондоо гар нийлж сайхан ажиллацгаасан. Нэг олзуурхууштай нь “A-artist” продакшн эмэгтэй уран бүтээлчтэй байсан. Студи дотор эмэгтэй хүн байх чинь хамтарч ажиллахад дөхөмтэй байдаг, дан эрчүүл ажилладаг студи жаахан төвөгтэй. Жишээлбэл миний будаг ,үс ямар байна гэхэд гоё байна гээд аваад байдаг ч дараа нь өөрөө харахаар сонин ч байх үе бий. Алтантуяа найруулагчтай хамтарч ажиллахад гараа хөдөлгөхөд хүртэл ингэвэл дээр байна, будаг, үс, нүдний харц чинь хүртэл ийм байна гээд хэлээд өгөх жишээтэй. Өөрөө жүжигчин хүн байсан. Надад маш их таалагдсан. Үнэхээрийн би ч гэсэн дотроо чанартай, шинэ уран бүтээлтэй боллоо гээд сэтгэл хангалуун байгаа. Цаашдаа ч хамтарч ажиллах тал дээр ярьж байгаа. Ер нь клип дор хаяж сар болж байж бүтдэг. Зураг авалт монтаж гээд л. Гэтэл гурав дөрөвхөн хоногт үнэхээрийн сайн бүтээл болсон.
-Шинэ цомгоо хэдийгээр гаргах гэж байгаа вэ?
-Шууд л арав гаруй дуу хийгээд цомог гаргана гэхээсээ илүү шинэ дуу болгон дээрээ тулж ажиллаж байгаа болохоор цаг хугацаа их орж байна. Цомгийнхоо хугацааг товлон хэлмээргүй байна аа. Ямар ч байсан уран бүтээлүүд дээрээ ажиллаж байгаа. Чанартай л дуунууд гаргах гэж хичээж ажиллаж байна даа.
-Хүмүүс өөрийг чинь “Эмоушн”-ны Солонгоо гэдгээр илүү таньдаг
-Аргагүй л дээ. Би анх энэ хамтлагтайгаа гарч ирж дуулан олонд хүрсэн. Миний амьдралын арваад жил энэ хамтлагтай өнгөрсөн болохоор хамгийн гоё дурсамжтай он жилүүд өнгөрсөн. Хүмүүс намайг “Эмоушн” хамтлагийн Солонгоо гэж дуудхад би дуртай.
-Солонгоо нэрээ яагаад Мэй Си нэрээр сольсон юм бэ?
-Сүүлийн үед зөндөө олон Солонго нэртэй уран бүтээлчид байна. Мэй Си бол миний тайзны нэр. Аливаа уран бүтээлчдэд тайзны нэр гээд өөр нэр байдаг шүү дээ. Зохиолчид хүртэл өөр нэрээр бичдэг. Анх удаа дангаараа уран бүтээл хийж байгаа гэдэг утгаараа нэрээ сольсон.
-“Эмоушн” хамтлагтай одоо холбоотой байдаг уу? Тэд хэдийгээр эх орондоо ирэх гэж байгаа вэ?
-Холбоотой байдаг. Удахгүй ирнэ гэсэн хэдийгээр гэдгээ надад хэлээгүй байгаа. Хүмүүс энэ талаар маш их утасдаж асуудаг. Намраас ирэх төлөвлөгөөтэй байгаа юм шиг байна лээ, гэхдээ ямар ч байсан ирэхдээ мэдэгдэнэ гэсэн.
-Та хамтлагаасаа гарчихсан юм уу? Тэднийг эх орондоо ирээд уран бүтээлээ хийхэд эргээд хамтлагтаа ороод дуулах уу?
-Би Амеркид байж байгаад хувийн шалтгаанаар л эргэж ирсэн. Бидэнд хэрэлдэж, муудалцсан тийм зүйлс байхгүй. Би “Эмоушн” хамтлагаасаа гараагүй ээ. Тэднийг ирэхээр ярилцаж байгаад хамтдаа нийлээд тоглолт хийнэ гэвэл хамтраад л ажиллана. Хамтраад тоглох үгүй нь тэднийг ирсэний дараа яригдах асуудал. Уулзаад санасан сэтгэлээ тайтгаруулаад ярьж байж л болно л доо. Олон жил хамтран уран бүтээл хийж байсан болохоор эргээд хамтран дуулахад надад татгалзах зүйл байхгүй ээ.
-Цаашид уран бүтээлээ тууштай хийх үү? Ямар стиль, жанраар уран бүтээлээ хийх вэ?
-Урлагтай ойрхон өссөний минь аз байх аа ямар ч байсан урлагаас хол байж, орхиж чадхааргүй болсон гэдгээ ойлгосон. Хэсэг хугацаанд түр завсарлахад л маш их үгүйлж байсан. Урлаггүйгээр, хөгжимгүйгээр байх үнэхээрийн хэцүү. Намайг хүмүүс сонсохоо больтол уран бүтээлээ хийнэ. Миний дуунуудыг сонсохыг хүсэж, хүлээж байгаа цагт нэг нэгээр нь ч хамаагүй чанартай, мэргэжлийн хэмжээнд уран бүтээл гаргаад хүргэхийг хичээж байна. Бүх л стиль жанраар дуулж үзэн өөрийгөө соримоор санагддаг. Уран бүтээл дээрээ баригдмал бус чөлөөтэй байхыг хүсдэг.
-Анх “Эмоушн” хамтлагт дуулж байсан Солонго, өнөөдрийн бие даан уран бүтээлээ хийж байгаа Мэй Си хоёрын хооронд хир их ялгаа байгаа бэ?
-Анх сургуулиа ч төгсөөгүй хамтлагт орж байсан болохоор дэврүүн сэтгэлээр олон сайхан дурсамжтай мөчүүдийг үдсэн . Одоо ч эргээд харахад үнэхээр гоё он жилүүдийг хамтдаа өнгөрөөсөн. Одоо бол би бие даан уран бүтээлээ хийж байгаа гэдэг утгаараа илүү үүрэг хариуцлагатай байгаа. Амар биш ч шантрахгүй ээ. Дангаараа уран бүтээл хийх хамтлагаараа уран бүтээл хийхийн ялгааг их мэдэрч байгаа. Бие даан уран бүтээл хийх нь илүү хэцүү, хариуцлагатай, хүч хөдөлмөр, тэвчээр шаарддаг юм байна. Ямар ч байсан бага багаар зах зухаас нь амсаад, мэдрээд явж байна даа.
-Таньд уран бүтээлийн амжилт хүсье
Г.Даша