Хуучирсан мэдээ: 2010.04.25-нд нийтлэгдсэн

Кака эргэж ирлээ

Бразилийн суперстар Кака гэмтлээс эргэн ирж, “Реал Мадрид”-ын төлөө
ээлжит гоолоо оруулснаар өнгөрсөн шөнө “Реал Зарагоза”-г буулган авлаа. Зургаан долоо хоног талбайгаас хөндий байсан Кака тоглолтын хоёрдугаар хагаст талбайд гарч, тоглолт өндөрлөхөөс найман минутын өмнө улирлын найм дахь гоолоо оруулснаар “Реал” өрсөлдөгчөө 2:1-ээр хожиж, улмаар лигийг тэргүүлэгч “Барса”-гаас ердөө ганцхан онооны дутуу болов. Өнгөрсөн зуны арилжаа наймааны үеэр 100 сая ам.доллараар “АС Милан”-аас “Реал”-д зарагдсан Кака дэлхийн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Криштиан Рональдугийн дамжуулалтаар Робертогийн хаалганд бөмбөг оруулсан байна. Голланд хагас хамгаалагч Рафаэль ван дер Ваартын оронд сэлгээгээр талбайд гарсан Раул өмнө нь 26 дахь минутад гоолдсон юм. Гэвч тэрбээр тоглолтын төгсгөлд бэртсэнээр франц довтлогч Карим Бензема түүнийг орлосон. Раулын гоолоос хойш ердөө ганцхан минутын дараа Маттео Контини алдаа гаргаснаар талбайг орхиж, улмаар “Зарагоза” талбайд 10-уулаа үлдсэн юм. Энэ улиралд топ дивизонд эргэн ирсэн тэд 61 дэх минутад тэнцээний гоолыг оруулсан, харин гоолын эзэн нь зээлийн гэрээгээр тоглож буй Адриан Колунга байв. Гэвч Кака тоглолтод цэг тавьж, тооны харьцааг 2:1 болгосноор тоглолт өндөрлөжээ.

Мөн өчигдөр Ла лигийг тэргүүлж буй “Барселона” 3:1-ээр “Херес”-ийг буулган авсан. Исландын галт уулын өрхнөөс агаарт их хэмжээний үнс хаясан учир Европын агаарын зам хаагдаж, улмаар 1000 км замыг автобусаар туулсан Каталоны баг мягмар гаригийн үдэш Милан хотноо “Интер”-т 3:1-ээр хожигдож, Аваргуудын лигийн хагас шигшээгийн эхний тоглолтдоо ялагдал хүлээсэн билээ. Энэ удаад дасгалжуулагч Хосеп Гуордиала гарааны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байсан бөгөөд тоглолтын эхний 25 минут өнгөрөхөд Жеффрен, Тьери Анри нарын гоолын ачаар тооны харьцаа 2:0 болсон байв. Хэдийгээр гоолоос хойш ганцхан минутын дараа “Херес” гоолын хариуг барьж, тооны харьцааг 2:1 болгосон ч Златан Ибрахимович тооны зөрүүг дахин холдуулсан байна. Тоглолтын төгсгөлд “Херес” талбайд есүүлээ үлдсэн байлаа.

Сонирхуулахад, Хави “Барса”-гийн өмсгөлтэй 349 дэх тоглолтдоо оролцож, 200 дахь ялалтаа авчээ.

Мөн энэ үеэр “Валенсия” талбайдаа “Депотиво ла Корунья”-г 1:0-ээр буулган авч, лигийн гуравдугаар байраа баталгаажуулсан байна. Тоглолтын хувь заяаг шийдсэн цорын ганц гоолыг Дэвид Вилья 34 дэх минутад торгуулийн цохилтоор оруулжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж