
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн баасан гаригт Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайд ноён В.Йилек, Бүгд Найрамдах Болгар Улсын хэргийг түр хамаарагч ноён А.Колев, Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайд Т.Хомицки, Бүгд Найрамдах Румын Улсын Элчин сайд В.Истичоая Будура, Бүгд Найрамдах Унгар Улсын Гадаад хэргийн сайдын бие төлөөлөгч ноён Ф.Бела нарыг Монгол Улс эдгээр улсуудтай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиож байгаатай холбогдуулан хүлээн авч уулзав.
Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ Монгол Улс сүүлийн 20 жилд ардчилал, зах зээлийн харилцаанд шилжин нээлттэй гадаад бодлого явуулж олон шинэ гадаад түншүүдтэй болсон ч хуучин андууд, түүний дотор 1950 оны дөрөвдүгээр сард анх дипломат харилцаа тогтоож байсан тэр үеийн Чехословак, Польш, Унгар, Болгар, Румын зэрэг хуучин анд нөхөдтэйгээ харилцаа, хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд эдгээр улсуудад боловсрол эзэмшсэн монголын олон мянган иргэд хамтын ажиллагааны чухал гүүр болохыг тэмдэглэв. Тэрбээр мөн Европын Холбооны гишүүн болсон Зүүн Европын улсууд Монгол Улсаас ЕХ-той тогтоосон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чухал гарц бөгөөд эдгээр улсуудад амжилттай хэрэгжүүлсэн ЕХ-ны стандартуудыг Монгол Улсад нэвтрүүлэх манай улсын хууль эрх зүй, эдийн засгийн шинэчлэлд чухал түлхэц өгч, улмаар ЕХ-той хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бааз суурийг өргөжүүлэх ач холбогдолтойг цохон тэмдэглэв.
Польшийн Ерөнхийлөгч, гэргийн хамт саяхан онгоцны осолд орж амь үрэгдсэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Польшийн Элчин сайдад эмгэнэл дахин илэрхийлсэн бөгөөд Иракт энхийг тогтоох үйл ажиллагаанд монгол, польшийн цэргүүд мөр зэрэгцэн тэмцсэнийг мөн тэмдэглэв. Унгарын Элчин сайд хэлэхдээ монгол, унгарын ард түмэн олон зууны хаяа зэрэгцэн оршиж байсан нийтлэг түүхтэйг дурдсан бол польшийн Элчин сайд Бат хааны цэргүүд тэртээ 1241 онд польшийн Лийгнетц хотын дэргэд томоохон ялалт байгуулж байсны түүхт ой дараа жил болох гэж буйг мөн дурдаж байв.
Чех Улсын Засгийн газраас Монгол Улсад хөгжлийн тусламж үзүүлж байгаа бол Унгарын Засгийн газар Сонгино дахь био комбинатыг шинэчлэхэд зориулан 25 сая ам.долларын хөгжлийн тусламж үзүүлэхээр болоод буй ажээ.
Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эдгээр улсын Ерөнхийлөгч нарт баярын илгээлт илгээж, Зүүн Европын улсуудын Ерөнхийлөгч нараас ч Монгол Улсын Ерөнхийлөгчид баярын илгээлт ирүүлжээ.
Одоогийн байдлаар Чех, Болгар Улсуудын ЭСЯ Улаанбаатарт ажилладаг бөгөөд Польш, Унгарын талууд ЭСЯ-аас хаасныг дахин нээлгэх талаар хоёр тал ярилцаж байгаа ажээ хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийттэй харилцах албанаас дамжууллаа.