Ардын нам дахь Н.Энхбаярын сүүлчийн өдөр

Хуучирсан мэдээ: 2011.01.27-нд нийтлэгдсэн

Ардын нам дахь Н.Энхбаярын сүүлчийн өдөр

Нэгэн цагт дарга нь байсан намаасаа тэр өргөдлөө өгөөд гарахыг хүссэнгүй. Харин хөөгдөж гарна гэдгээ мэдэж байсан. Ингэх нь түүний цаашдын карьерт хэрэгтэй төдийгүй шүтэн бишрэгчдэд нь гоё харагдах ёстой.  Тиймээс ч МАН-ын удирдлагуудыг удаа дараа өдөөн хатгаж байв. Түүний МАН-тай зарласан “хүйтэн дайн” тайван замаар өрнөсөн ч тарчлаанаар дүү­рэн байсан юм. Өнөөдөр Н.Энхбаярын МАН-ын ги­шүүн байх сүүлчийн өдөр. Тэр­бээр намаасаа тасалж ав­сан МАХН товчлолтой, хуу­чинсаг нэртэй шинэ намаа байгууллаа. Нам байгуулахад 800 хүний гарын үсэг хэрэгтэй байдаг бол Намбарын Энх­бая­рын намынхан анхны Онц их хурлаа 1080 хүний бүрэлдэхүүнтэй хийх гэж байна. “Эрхиний тоотой адилхан юм, эвий хөөрхий” гээд ахмад гишүүд нь залбирч сууна. Хуучин, шинэ хоёр намын хооронд толгой нь эргэсэн, мэдээлэлгүй иргэдээс эхлээд “Н.Энхбаяр сайн хүү шүү” гэж боддог өвөө, эмээ нар, “Жинхэнэ лидер” хэмээн үнэлдэг улс төр сонирхогч залуучуудыг хүртэл тэр өөрийн талд татаж чадна. Гурав дахь Ерөнхийлөгч гэж гуншин нэмээд ичихийг умартан хөдөөгүүр аялж Египетэд айлчлаад байсны хэрэг одоо л гарна даа. Өөрийгөө намын дарга болгох нь бүр ч хурууны үзүүрийн ажил. Ингээд Н.Энхбаяр арван жилийн дараа, хэн ч биш болсон хойноо өрсөл­дөгчгүйгээр МАХН-ыг дахин удирдах гэж байна.

Түүх гэж сонин юм шүү. Олон жилийн түүхтэй намд хэд дэх дарга нь ч юм бэ болж сонгогдох түүнд амаргүй байсан. Харин одоо өөрийнхөө байгуулсан намд юугаа хийнэ вэ, түүний л дур. Ямартай ч хамгийн түрүүнд өөр рүү өшиглөж байсан хүмүүсийг нэг нэгээр нь дуудаж нясална. “Өндөг  тоншихгүй бол ха­гар­даггүй” гэдэг шүү дээ. Н.Энхбаяр МАН-ыг өөрт нь хүндэтгэл үзүүлж урих болов уу гэж удаан харсан. Хэлээгүй л болохоос горьдоод хүлээж байсан нь ил байсан.  Ядаж нэг оронд Элчин сайдаар ч болтугай илгээчих биз гэж хүлээж л байсан даа.  Бас юм л бол хардаж сэрдэж, хар пиараар шүршээд байхад Н.Энхбаяр яаж зүгээр суух билээ.  

Тэр намаас болон “най­зуудаасаа” олгосон “амралт”-ыг үр дүнтэй өнгөрөөж, тэмцэлд бэлэн болчихоод босч ирсэн нь лавтай. Бүх төлөвлөгөө, хамтрагчид, тэр ч байтугай тагнуулууд нь бэлэн. Найз В.Путинийх нь хэлсэнчлэн “Нөхөр чоно хэнийг идэхээ мэднэ. Идэхээрээ хэнийг ч сонсохгүй” гэсэн шиг. Одоо МАН ч, МАХН ч, Монголын улс төр ч өөр болно. Учир нь Н.Энхбаяр хэнийг ч сонсохгүйгээр хүссэнээ гүйцэлдүүлнэ.

Түүнийг айлгах хүч нь МАН энэ, тэр огт биш. Тэр бол зүгээр л “дов” гэсэн үг. Хамгийн хэцүү даваа нь УИХ-ын 2012 оны сонгууль. Яаж ийгээд МАХН нэг суудал ч гэсэн авах хэрэгтэй. Тэр нь зөвхөн Н.Энхбаярынх л байхад хангалттай. Чуулганы дугуй танхимд хөл тавьсан цагт Н.Энхбаяр ноёрхлоо тогтоох аргаа яаж ийгээд олно. Мэдээж цөөнхийн цөөнх болно л доо. Хэдийгээр өөрийг нь С.Оюун, Д.Энхбат шиг хөөрхийлөлтэй тавилан угтаж байгаа ч гэсэн энэ бол Ц.Шинэбаяр нартай намд хангалттай амжилт. С.Оюун, Д.Энхбат  нар дээр ҮШН-аас М.Энхсайхан, МАХН-аас Н.Энхбаяр нар нэмэгдээд гуравдагч хүчний холбоо гээд хамгийн гоё улс төрийг ярихад яагаад цөөнх болохгүй гэж. Төрийн толгойд тасралтгүй 20 жил байсан хүн хоёр сая гаруй иргэнээс ядаж 10 хувийнх нь саналыг авахгүй яадаг юм бэ. “Монгол Улс бол МАХН” гэсэн ойлголтоосоо салаагүй хүн ч цөөнгүй байгаа шүү дээ. Сонгогчид прагматик. Үзэн ядна, өрөвдөнө, хууртана. Одоогийн томчуудаас нь салахын түүс болтол тархийг нь угааж чадахгүй бол ямар юмных нь улстөрч байх вэ хэмээн өөрийгөө зоригжуулсаар тэр гарч ирэх нь. Хань болж байгаа ойрын хэдэн нөхдөө хөөргөөд шатаар өгсч явна. Нэгэнт санасандаа хүрсэн л бол шатаа түлхээд унагаахаас тэр огтхон ч айхгүй. Өнөөдөр Н.Энхбаярын хувьд Ардын намд байх сүүлчийн өдөр. Өдий зэрэгт хүргэсэн МАН-аа түлхэх цаг ирсэнд тэр баяртай байж магадгүй.  МАХН-ын дарга Н.Энхбаяр гэсэн хаягтайгаар цаг хугацааны машинд сууж өнгөрсөн үеийн нэр хүнд, эрх мэдлээ эргүүлэн олж авах их аянд гарах гэж байна. МАН өндөг тоншиж хагалсандаа харамсах ч юм билүү, хэн мэдлээ.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж