
Иран Зимбабве хоёр ураны орд газрыг ашиглах талаар нууц гэрээ байгуулсан тухай The Telegraph сонин ням гаригийнхаа дугаарт нийтэлсэн байна. Сонинд өгүүлснээр 2010 оны гуравдугаар сард Зимбабвегийн ерөнхийлөгч Роберт Мугабегийн туслах Тегеранд айлчлах үеэр уг гэрээнд гарын үсэг зурсан байна. Ираны Зимбабвегийн ураны ордыг ашиглах онцгой эрх авч оронд нь нефть нийлүүлэхээр болжээ.
Гарч буй мэдээгээр Ираны геологчид техник, эдийн засгийн үндэслэлийг хийж байгаа бөгөөд тэдний судалгаа дуусангуут уран олборлож эхэлнэ. The Telegraph сонинд Хараре дахь Ираны элчин сайдын яамны эх сурвалж мэдээлэхдээ ордыг ашиглах гэрээг хэдэн жилийн турш бэлтгэсэн байна. Мөн Иран Зимбабвед бусад металлын олборлолт хийнэ гэж тэрбээр хэлжээ.
Энэ гэрээ нь НҮБ-аас 2006 онд Иранд тавьсан хоригийн дэглэмийг Зимбабвегийн зүгээс зөрчсөн тохиолдол болох юм. НҮБ-ын 1737 тоот тогтоолоор бүх улс орнууд цөмийн зэвсэг үйлдвэрлэх систем болон хүнд ус боловсруулахад хамааралтай бүх бараа, технологи, тоног төхөөрөмжийг Иранд шууд буюу шууд бусаар нийлүүлэхийг хориглосон байгаа.
Зимбабвегийн нийслэлээс 250 км-ын зайтай газар ураны ордыг 1980-аад онд илрүүлсэн ч түүхий эдийн үнэ бага байсан учир ашиглаагүй ажээ. Зарим нэг үнэлгээгээр тэр ордын нөөц нь 450 мянган тонн ураны хүдэр бөгөөд түүнээс 20 мянган тонн уран гарган авч болох гэнэ. Зимбабвегийн ураны ордыг Орос, Австрали, ӨАБНУ, Намиби сонирхож байсан.
Сануулахад, дэлхийн хамтын нийгэмлэг Ираныг цөмийн зэвсэг бүтээж байна гэж сэжиглэдэг. Харин Тегеран зөвхөн энхийн зориулалтаар атомын хөтөлбөрөө хийж байгаа гэдэг билээ. АНУ-ын Батлан хамгаалах яамны мэргэжилтнүүд 2015 он гэхэд Иран тив алгасан нисэх баллистик пуужинг зохион туршсан байна гэж тооцоолжээ. Иран ойрын үед “цөмийн клубт” орно гэдгээ мэдэгдсэн ба уран баяжуулах төрөөрөмжийнхөө гурав дахь үеийг туршсан байна.