Талбайдаа ялалт байгуулснаар “Челси”-гээс хоёр онооны давуутай болж, лигийг тэргүүлж эхэлсэн “МанЮ”-гийн довтлогч Рүүни өнгөрсөн шөнийн тоглолтод сэлгээний суудалд суусан бөгөөд бэлтгэлийн үеэр цавиндаа гэмтэл авсан учир улирлын үлдсэн хоёр тоглолтыг талбайн гадна өнгөрүүлэх болжээ.
Английн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капеллогийн зүгээс “МанЮ”-г эрсдэлтэй алхам хийхгүй гэдэгт найдаж байна. Учир нь удахгүй эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Рүүни Английн шигшээ багийн довтолгооны гол цөм нь болох юм. Түүнд бүрэн эдгэрэхийн тулд хоёроос гурван долоо хоногийн хугацаа шаардлагатай ажээ.
“Улаан чөтгөрүүд” улирлын үлдсэн хоёр тоглолтод хүснэгтийн дундуур эрэмбэлэгдээд буй “Сандерлэнд” болон “Стоук Сити”-тэй тоглох бол нэг тоглолт дутуу байгаа “Челси” энэ үдэш “Стоук”-ийг талбайдаа хүлээн авах ба дараагийн долоо хоногт “Ливерпуль”-ийн талбайд зочилж, улмаар “Уиган”-тай тоглосноор энэ улирлыг өндөрлүүлэх учиртай.
Харин 1989 оноос хойш “МанЮ”-г хожоогүй “Тоттенхэм” өмнөх тоглолтуудад “Арсенал”, “Челси” нарыг бут ниргэж, форм сайтай байгаагаа харуулсан билээ. Өнгөрсөн шөнө мөн “Манчестер Сити” “Арсенал”-ын талбайд зочилж, гоолгүй тэнцсэнээр Аваргуудын лигийн эрх бүхий дөрөвдүгээр байрын төлөө өрсөлдөж буй “Тоттенхэм”-ын боломж нээлттэй хэвээр үлдсэн.
Өнгөрсөн шөнийн тоглолтын дүн:
“Арсенал” 0:0 “Манчестер Сити”
“Болтон” 2:2 “Протсмут”
“Халл Сити” 0:1 “Сандерлэнд”
“МанЮ” 3:1 “Тоттенхэм”
“Уэст Хэм” 3:2 “Уиган”
“Вулвес” 1:1 “Блэкберн”
С.Цэлмэг